Цагаан хэрмийн уран сийлбэр

Үүх түүхийн эчнээ гүнээс улбаатай мөрөн голууд хүн төрөлхтний гайхамшигт соёл иргэншлийг төрүүлсээр ирсэн. Баруун биеэрээ Хатан голтой залгаа орших Чиншүйхэ нутаг нь буурал түүхийн омтгойлшгүй нэгэн хуудас болсны хувьд хүн төрөлхтний үйл ажиллагааны ул мөрийг тэртээ 6000 гаруй жилийн өмнөх Яншаогийн соёл хүртэл улбаалан өгсүүлж өгсөн.

 

     Өнө эртний үеэс өрлөг түүхийн цуваанаас татралгүй ойлон давлагаалж ирсэн Хатан гол ӨМӨЗО-ны Хөххотын Чиншүйхэ шянь, Ордос хотын Зүүнгар хошуу, Шаньши мужийн Шиньжөү хотын Пяньгуань шяний уулзвар нутагт хүрээд “Гүн хавцлаас гарч талын элгэнд саатсан” мэт тайван амгалан үзэмж, “Эх байгалийн урлан сийлсэн” энгүй тансаг өнгө төрхөөрөө Хятадын хамгийн үзэсгэлэнтэй арван хавцлын нэг болох Хэвтээ үхрийн тохой дахь Хатан голын их хавцлыг бүтээсэн юм.

Хавцлын хоёр талаар асга хад сүндэрлэж, уул хайрхад хөндөлсөн сэхийнэ. Уулын оргил ба халил хад дамжин Мин гүрний үеийн Их цагаан хэрэм алсыг зорин сүр жавхлантайгаар тахирлан суналзаж, буурал түүхийн он цагийг ачаалсаар Хэвтээ үхрийн тохойн их хавцалд Хатан голтой золгодог.


Соёлын мөр эрт эдүгээг өлгийднө

    Үүх түүхийн эчнээ гүнээс улбаатай мөрөн голууд хүн төрөлхтний гайхамшигт соёл иргэншлийг төрүүлсээр ирсэн. Баруун биеэрээ Хатан голтой залгаа орших Чиншүйхэ нутаг нь буурал түүхийн омтгойлшгүй нэгэн хуудас болсны хувьд хүн төрөлхтний үйл ажиллагааны ул мөрийг тэртээ 6000 гаруй жилийн өмнөх Яншаогийн соёл хүртэл улбаалан өгсүүлж өгсөн.

Энэхүү соёлын алтан судас өнө эртний үеэс өнөө цагийг хүртэл лугшсаар байна.

- 2023 онд Хятадад археологийн шинэ олдворуудын шалгаруулалтад Чиншүйхэ шяний Хөүчэнзүй дэх неолитын үеийн чулуун хотын туурь сонгогдсон байна. Энэхүү туурь нь ойролцоогоор 1.38 сая квадрат метр талбайг эзэлдэг ба одоогоос 4500-4200 жилийн өмнөх цаг үетэй холбоотой. Одоогийн байдлаар ӨМӨЗО-ны төв болон өмнөд бүс нутгийн хэмжээн дэх Их Лүншаний үеийн хамгийн өндөр зэрэглэлийн, хамгийн том чулуун хотын буурь юм.

- Чиншүйхэ шяний Чэнгуань суурингаас 50 километрийн зайд орших Шичагийн туурь нь Өвөр Монголын төв болон өмнөд хэсэг дэх Шан, Жөү гүрний хүрэл соёлын археологийн хоосон орон зайг нөхсөн байдаг. 2004 оны байдлаар Шичагийн туурьд таван удаа малтлага хийж, Соёлын дурсгалт өвийн үндэсний товчооноос шинжлэх ухааны судалгааны гол төслийн жагсаалтад хамруулсан байна.

- Хавар намрын үе /Чүнь Чю/ ба Байлдаант улсын үеэс хойш Чиншүйхэ нутаг нь нүүдэлчин ахуйгаас газар тариалангийн соёлд аажмаар шилжсэнээр тал нутгийн соёл болон тариалангийн соёл нь харилцан уусан, үе үеийн түүхэн газар нутгийн нэршлийг түүхэн сурвалж бичигт тэмдэглэн үлдээсэн байна.

- Тарианы онгон нь Өвөр Монголын бүс нутаг дахь Таван төрийн үеийн Хатан голын эрэг дагуух олон үндэстэн ястнууд холилдон суурьшиж, аж төрөн амьдарч байсан нийгмийн амьдралын хэв маягийг тодруулж, газар тариалангийн соёл болон ан агнуурын соёлын уялдаа хөгжлийн гэрч нотолгоо болсон байна.

- Ляо, Сүн, Алтан улс, Юань гүрний үед Чиншүйхэ нутагт олон үндэстэн худалдаа солилцоо хийж, соёлын баялаг өвийг үлдээсэн байна. Хятад улсын үндэсний нэгдүгээр зэрэглэлийн соёлын дурсгалд бүртгэгдсэн, Чиншүйхэ музейн түрүү эрдэнэс болох Юань гүрний үеийн Түмтийн ноёны хүрэл тамга нь тухайн үеийн түүхийг судлахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Чиншүйхэ музей нь 2022 оны 10 дугаар сард байгуулагджээ. Музейд хадгалагдаж буй геологийн дурсгал, түүхийн үзүүлбэр, ардын зан заншил, хөгжил шинэчлэлийн эвхмэл зургууд нь Чиншүйхэ нутгийн урт удаан түүхийг хүүрнэн өгүүлсээр.

- Чин гүрний үед Чиншүйхэгийн Хатан голын хэсэг дэх усан тээвэр хамгийн их хөгжсөн байв. Энэ нутагт эртний 14 олом гарам байж, баруун хойдын арьс ноос, эмийн материал, Хятадын төв нутгийн ваар шаазан, цай зэрэг бүтээгдэхүүнийг бүгдийг энэ газраар дамжуулан бусад бүс нутагт борлуулдаг байсан гэж Чиншүйхэ музейн захирал Лян Вэньгуан ярилаа.

Буурлын буман үеэс эхтэй Хатан гол Хэвтээ үхрийн тохой гэх энэхүү байгалийн гэрэлт сувдыг төрүүлжээ.

Мин улсын Чэнхуагийн гуравдугаар он буюу 1467 онд Хэвтээ үхрийн тохойн цайзыг байгуулав. “Шаньшигийн нэвтэрхий тэмдэглэл”-д өгүүлснээр “Хэвтээ үхрийн тохой нь Пяньгуань шяниас хойш жаран газар /30 км/ зайд оршдог. Их цагаан хэрэм голын хөвөө дагуу умард зүгийг чиглэн Гуань Хэ Көү хүрээд шяний нутагт ороод, дахин Хэвтээ үхрийн тохойг мөргөн зүүн тийш эргэдэг. Цайз нь Их цагаан хэрмийн өмнө байрлаж, Пяньгуаний хуаранд харьяалагдмуй” гэсэн байдаг.

Хэвтээ үхрийн тохой нь гурван талаараа усаар хүрээлэгдсэн бөгөөд өндөр дэнж газрын байц нь яг л “үхрийн толгой” мэт хатан гол руу түрэн орж, зөвхөн урд талаараа Чин Шы Лянтай хуурайгаар холбогддог.

Хэвтээ үхрийн тохойн цайзын хойд хэсэг нь Ванхэ асар, Цонж зэрэг цэргийн байгууламжид түшиглэн Их цагаан хэрмийн хажуугийн хэрмийн хамгаалалтын чадамжтай авцалдаж, цайз, хэрэм, тавцан, усыг уялдуулсан өвөрмөц бүтцийг бүрдүүлэн, хүний хүчээр байгуулсан цэрэг зэвсгийн хамгаалалтын шугам болон байгалийн бэрх бартаатай нэгэн цогц болон хосолсон байна.

Даамай хүчний ундраа болсон Их цагаан хэрэм, дархан байгалийн чимэг болсон ноён нурууд нь Хятадын үндэстний нугаршгүй хатан зоригийг бэхжүүлдэг.

Их цагаан хэрмийн Шяоюаньмао хэсгийн тавцан дээр зогсоод баруун тийш Хэвтээ үхрийн тохойг харахад үзэсгэлэнт байгаль нүд баясган, зүүн тийш Яжяо уулыг бараалахад индэр, цайз, цамхгууд сүндэрлэн сэхийж, өнгөрсөн түүхийн үлгэр явдлууд үүлэн цаанаас бүртэлзэх мэт.

Чиншүйхэ шяний нутаг дахь Мин улсын үеийн Их цагаан хэрэм нь 155 километр урттай бөгөөд шугамын дагуу 108 ширхэг дохионы цамхаг, дайсны байдлыг цагдах 243 тавцан, 253 довжоо байдаг. Үүнд одоогоор харьцангуй сайн хадгалагдан үлдсэн 5 ширхэг бэхлэлт цайз бий.

1989 онд Хятадын Их цагаан хэрмийн мэргэжилтэн Лүө Жэвэнь Чиншүйхэ шяньд ирээд Мин улсын үеийн Их цагаан хэрмийн сүр жавхлан, өвөрмөц тогтоц, хадгалалтын байдлыг гайхан бишрэхдээ:

- Бэрхийн давааны Их цагаан хэрэмтэй харьцуулж болохоор гайхалтай гэж үнэлсэн байна.

1987 оны 12-р сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос Чиншүйхэ дэх Мин гүрний үеийн Их цагаан хэрмийг дэлхийн соёлын өв болгон зарлав. 2001 оны 06-р сард Төрийн зөвлөлөөс үндэсний соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах тав дахь бүлэг жагсаалтад хамруулсан бол 2020 оны 11-р сард Мин гүрний үеийн Их цагаан хэрмийн Баншэньгөүгийн хэсэг, Шяоюаньмаогийн хэсэг, Хэвтээ үхрийн тохойн хэсгийг Соёлын дурсгалт зүйлсийн үндэсний товчооноос үндэсний хэмжээний чухал цэгүүдийн эхний бүлэгт хамруулахаар зарласан байна.

ӨМӨЗО-ны Соёлын дурсгалт зүйлсийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Соёлын дурсгалт зүйлсийн үндэсний товчооны Соёлын дурсгалыг хамгаалах шинжээчийн багийн гишүүн Ван Дафан:

- Хатан гол, Их цагаан хэрэм нь бүгд Хятадын ард түмний оюун санааны чухал тээвэрлэгч юм. Их цагаан хэрмээ бүслэн тэвэрсэн Хатан гол нь Хятадын үндэстнүүдийн олон талт соёлын солилцоо, нэгдмэл байдлын тод илрэл болж, мөн Хятадын ард түмний нугаршгүй бат тэмцлийн үзэл санааг илэрхийлдэг гэж хэллээ.


Хатан голын хөвөөнд хууч соёлоо манана

     Хатан голын эрэг дээр 57 настай Хао Жюньлян загасан тороо сэлбэх зуур:

- Гол гэсэх дөхлөө, тороо эртхэн засаж, өвөл өнжсөн загас агнахад бэлдье. Үнэхээр тарган амьтад байдаг шүү гэж хөөрч сууна. Хао Жюньлянгийнх үе удмаараа Хатан голыг түшин амьдралаа залгуулж иржээ.

Хао Жюньляны өвөө завьчин хийдэг байж. Жил бүр Хатан гол гэсэх үеэр завьчид аргамжааны дээсээ үүрч, хүнд оврын ачааны хөлөг онгоцыг чирэн, Хэвтээ үхрийн тохойгоор урсгал сөрөн явж, Ниншягийн Үжүн руу ачаа тээвэрлэн, дараа нь онгоцондоо дахин бараа тээвэрлэж урсгалын дагуу буцаж Хэвтээ үхрийн буландаа ирдэг байв. Ийнхүү хоёр талын аялалд сар илүү хугацаа зарцуулдаг байсан гэлцдэг.

Хао Жюньляны аав ч амьдралаа сайжруулахын тулд Хатан голын эрэг дээр загасчилдаг нэгэн байв. Өдгөө Хао Жюньлян Хатан голын хөвөөнд хэдэн өрөө байшин бариад амьдран сууна.

- Жуулчид шинэхэн загас идэхийг хүсдэг болохоор би Хатан голоос барьсан загасыг чанаж зараад бас багагүй орлого бүтээдэг гэж тэрээр ярилаа.

Хатан голын ус Чиншүйхэгийн ард түмнийг үеийн үед тэжээж, Чиншүйхэгийн ард түмэн ч энэхүү ээж голдоо хязгааргүй их хайртай байдаг. Өдгөө 85 настай Жан Шюнь бол ӨМӨЗО-ны хэмжээний биет бус соёлын өвийн гурав дахь бүлэг төслийн нэг болох Чиншүйхэ шяний Хэйфаньгөү шаазан урлалын төлөөлөл болохуйц өв залгамжлагч юм. Тэрээр Хатан голдоо дэндүү их хайртай нэгэн.

Чиншүйхэ шяний Утга урлагийнхны холбооны дарга Шин Юншэн хэлэхдээ:

- Чиншүйхэ шаазан нь Хятадын Фижөүгийн шаазан урлалын төрөлд хамрагдах бөгөөд дор хаяж 800 гаруй жилийн түүхтэй болжээ. Түүний чухал түүхий эдийг Хэвтээ үхрийн тохой дахь Хатан голын их хавцлаас холгүй орших Яогөү суурингийн Хэйфаньгөүгөөс авдаг. Энэхүү Хэйфаньгөүгөөс хар байван гардаг. Түүгээр олноо алдартай цэцэгтэй тавгийг мөн энд үйлдвэрлэдэг. “Соруул бумба, тосон дэнлүү, цэцэгтэй аяга, таваг, будааны сав, дарсны хундага, шаазан тоосго, том тээрмийн чулуу” гэх Чиншүйхэ шяний нутагт аман уншлага болсон холбоо мөртүүд нь  Хэйфаньгөү нэгэн цагт шаазан эдлэлээр баялаг байсан гэдгийг нотолно.

Ваар шаазан эдлэл нь Хатан голын усан тээврээр дамжин улс даяар борлуулагддаг. Өнгөрсөн зууны 80, 90-ээд оны үед Жан Шюань нь Чиншүйхэ шяний архитектурын ваар шаазангийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байв. Энэ хугацаандаа үйлдвэрлэсэн шаазан тоосго нь Бээжинд болсон “Азийн спортын наадмын тосгон”-ы барилгад ашиглагдаад зогсохгүй Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад экспортолж, Чиншүйхэ шяний эдийн засгийн орлогыг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмрээ оруулсан байна.

Цаг хугацаа өнгөрч, он жилүүд улирсаар. Болор тунгалаг ясан шаазан, хээнцэр ариун хаш шаазан, солонгорон гялалзсан өнгөт шаазан, мөн зарим нэг хөнгөн хуванцар бүтээгдэхүүнүүд Хэйфаньгөүд үйлдвэрлэсэн хүнд зузаан, удаан эдэлгээтэй аяга таваг, бутан савыг орлож эхэлсэн нь Жан Шюаний сэтгэлийг хөндөн зовоож байв.

Өтгөсийн эгнээнд орсон Жан Шюань Хэйфаньгөүгийн шаазан урлах ур чадварыг уламжлуулан өвлүүлэх үнэнчхэн мөрөөдөлтэй. Тэрээр 2017 онд хувийн сургалтын төв нээж, 11 шавь дагуулан урт хугацааны турш үнэ төлбөргүй зааж сургах болов.

- Хэйфаньгөүгийн шаазан урлал бол Чиншүйхэ нутгийн соёлын нэрийн хуудас юм. Би үүнийг өвлүүлэн уламжлахаар хичээн зүтгэнэ гэж Жан Шюань хэллээ.

Хатан голын ус хүн зоноо ундаалж, Хатан голын соёл хүн зондоо нөлөөлдөг. Ван Дафан:

- Хатан голын эхийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг хариуцлага. Чиншүйхэ дэх Хэвтээ үхрийн тохойд Их цагаан хэрэм, Хатан гол хоёр гараа холбон хамтдаа оршдог учраас соёлын өвийг хамгаалан хадгалах тал дээр бид илүү сайн хичээж ажиллах ёстой. Үүний зэрэгцээ бид хүрээлэн буй орчны байгаль ахуй, соёлын өвийн хамгаалалтыг машид эрхэмлэн дээдэлж, Хятадын үндэстний үзэл санааны унтрашгүй эх сурвалжийг сайтар хамгаалах ёстой гэж хэллээ.


Соёлын өвд шинэ хөг аялгуу нэмнэ

    Өн өргөн Хатан гол, өрлөг түүхийн Цагаан хэрэм нь Чиншүйхэгийн ард түмний хүлээцтэй, баатарлаг, тууштай зан чанарыг бүрдүүлж, улмаар нээлттэй, шударга, өөдрөг соёлын шинж чанарыг бүтээсэн юм.

“Уртаас урт ээж гол өнө эртний түүхийг хуучилж, өндрөөс өндөр Цагаан хэрэм ороо босгоо он жилүүдийг хүүрнэнэ”. Чиншүйхэ шяний Улаанмөчирийн ахлагч Кан Юэлянь багийн гишүүдийн хамт “Үзэсгэлэнт сайхан эх нутаг Чиншүйхэ минь” дууг давтаж байлаа. “Үзэсгэлэнт сайхан нутаг усаа магтан дуулах нь бидний зайлшгүй үүрэг хариуцлага юм” гэж тэрээр үздэг.

Чиншүйхэ шяний Хэвтээ үхрийн тохой дахь Хатан голын их хавцлын аялал жуулчлалын бүсэд байрлах “Вэньчин аялал жуулчлалын бааз”-ын захирал Ли Вэньчин  хаврын хугасын үеэр аялал жуулчлалын баазаа шинэчлэн засварлаж байлаа. Аялал жуулчлалын бүс нь үндэсний 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт бүсийг байгуулахаар хүчин зүтгэж байгааг мэдээд Ли Вэньчин дахин 60 мянга гаруй юанийн хөрөнгө оруулалт хийхээр шийджээ.

- Манай бааз Соёл, аялал жуулчлалын газраас олгосон таван од зэрэглэлийн аялал жуулчлалын төв юм. Энэ нэр хүндтэй хүндлэлийн хариуд бид жуулчдад илүү сайн үйлчилгээ үзүүлэх ёстой гэж тэрээр ярилаа. 

Чиншүйхэгийн бас нэгэн алдартай үзэсгэлэнт газар бол Үхэр хөтөл юм. Энэ нь хувьсгалт улаан соёлын аялал жуулчлалын бүс бөгөөд үндэсний 4А зэрэглэлийн аялал жуулчлалын газар. 1937 оны 10 дугаар сард энд нууцаар байгуулагдсан намын үүр нь Японы эсрэг дайны үед Өвөр Монгол орноос Өвөр Монгол, Шаньши хоёрын уулзварт байгуулсан хамгийн анхны хөдөө орон нутгийн намын үүр байв. Энэ нь мөн хувьсгалын суурин газар болох Янь-Ань хотоос Коммунист Интернационалд хүрэх чухал зам, Далан хар уулан дахь Японы эсрэг суурин болон Шаньши-Сүйюаний хилийн бүсийн хувьсгалт засгийн чухал хэсэг юм. Үүгээр ч үл барам Шаньши-Сүйюаний Японы эсрэг суурин, Далан хар уулан дахь Японы эсрэг партизан сууринг холбосон чухал зангилаа болж байв.

Хэрэв Хэвтээ үхрийн тохой болон Үхэр хөтлийг “Өв+” төслийн хошууч гэвэл Мин улсын үеийн Их цагаан хэрмийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах нь Чиншүйхэ шяний соёлын бүтээн байгуулалтын томоохон ажил хэрэг байх учиртай.

БНХАУ-аас 2019 оны 07-р сарын 24-ний өдөр “Их цагаан хэрэм, их татмал гол, Урт замын аян дайны соёлын сэдэвт үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төлөвлөгөө”-г нийтэлж, Хятадын соёлын чухал бэлгэдлүүдийг нэгтгэн цогцлоох, соёлын дурсгалт зүйлсээр “үг хэлүүлэх”, соёлоор “үг хэлүүлэх” зорилгыг дурдсан байна. Улмаар Их цагаан хэрмийн үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн хүрээн дэх Чиншүйхэ шяний нутагт байрлах Мин улсын үеийн Их цагаан хэрмийн Шяоюаньмаогийн хэсгийн төсөл нь Хятад улсын “14-р таван жил”-ийн төлөвлөгөө дэх соёлыг уламжлан ашиглах төслийн нөөц сан болон ӨМӨЗО-ны “14-р таван жил”-ийн төлөвлөгөө дэх чухал төсөлд хамрагдсан бол Чиншүйхэ шяниас тус төслийг Бэйбаошянгийн хилд байрлуулсан байна.

“Ханцуй шамлан, хичээнгүй ажиллана” гэдэгчлэн Чиншүйхэ шянь нь төслийн явцыг эрчимтэй ахиулж, сэдэвчилсэн үзэсгэлэнгийн талбай, соёл, аялал жуулчлалын нэгдсэн бүс, хянан удирдах хамгаалалттай бүс, уламжлалыг ашиглах бүс зэрэг дөрвөн үндсэн чадавх бүхий бүсийг гол болгон бүтээн байгуулж, хамгаалалт, уламжлал, судалгаа, ашиглалт, байгаль орчныг дэмжих байгууламж, соёл, аялал жуулчлалыг уялдуулах зэрэг дэд бүтцийн гол төслүүдийн бүтээн байгуулалтыг системтэйгээр дэмжиж байна.

Хатан голын соёл, тал нутгийн соёл, газар тариалангийн соёл, Их цагаан хэрэм, хувьсгалт улаан соёл зэрэг нь энд харилцан уялдаж, бүс нутгийн хөгжил цэцэглэлд хязгааргүй их эрч хүчийг олгож байна.

Чиншүйхэ шяний Соёл, аялал жуулчлал, спортын товчооны орлогч дарга Сүнь Юнли:

- Одоогийн байдлаар манай шянь Хатан голын байгалийн экологийг тууштай ойлгон таних аялал, Их цагаан хэрмийн хувьсгалын үзэл санааг өвлөн залгамжлах аялал зэрэг соёлын аялал жуулчлалын таван маршрутыг төлөвлөн боловсруулж байна. Бид Чиншүйхэ нутгаа аялал жуулчлалын алдартай газар болгон бүтээн байгуулахаар хүчин зүтгэж байна гэж хэллээ.

Хатан гол, Их цагаан хэрэм зэрэг хоёр том соёлын давуу талтай Хэвтээ үхрийн тохой дахь Хатан голын их хавцлын аялал жуулчлалын бүс нь аль эрт улс даяар алдаршиж, 2023 онд давхардсан тоогоор 302 мянган жуулчин хүлээн авсан бөгөөд 103 сая юанийн аялал жуулчлалын орлого олжээ.

 Чиншүйхэ шянь өнөөдөр соёлоор аялал жуулчлалыг сийлбэрлэж, аялал жуулчлалаар соёлыг сурталчлан, соёл, аялал жуулчлалын салбарыг хослуулан хөгжүүлэх аянд дөрөө жийн урагшилж байна.

 

Зохиогч: ДИН ЯНЬ, ЛИ ЖЭНЬ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан