
Эрүүл мэндийн салбарын 29 байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнууд цалин хөлсөө нэмүүлэх шаардлагаа илэрхийлж, ажил хаялтад нэгдэхээ мэдэгдээд байна. Албаныхны мэдээлснээр ажил хаялтад нэгдэх байгууллагын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй бөгөөд эмч, ажилтнууд ирэх долоо хоногоос ажил хаяж эхлэх юм.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, ажилтнууд 82.4 хувийн ирцтэйгээр хуралдаж, 100 хувийн саналаар ажил хаялтад нэгдэх шийдвэр гаргасан байна. Тэд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэвшүүлсэн цалин нэмэх шаардлагыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлжээ.
Харин Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд өчигдөр мэдэгдэл гаргаж, ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
“ЭХЭМҮТ нь Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэвшүүлсэн цалин, хөлсийг нэмэгдүүлэх саналыг бүрэн дэмжиж байна. Гэвч хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээр албан ёсоор дүгнэгдээгүй, шийдвэр гараагүй байгаа учир, эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндэсний лавлагаа төв улсын онцгой объектын хувьд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах үүрэгтэй тул ажил хаялтад оролцох боломжгүй” гэжээ.
Эрүүл мэндийн салбар дахь цалин, урамшууллын тухай асуудал, энэ хэлэлцээр шийдвэрлэгдэхгүй бол салбарын хэмжээнд өргөн хүрээний ажил хаялт болох эрсдэлтэй байгааг холбогдох байгууллагууд анхааруулж байна.
скачать dle 12.0