Асуувал Монгол ялна, эс асуувал МАН ялагдана

Манай улстөрчид “галтай асуудал”-ыг PR-аар шийдэх нь элбэг. Улаан нүүрээрээ тулах нь ховор. Ер нь дургүй. Чадахгүй, мэдэхгүй, эрх мэдэлгүйдээ биш байх. Уг асуудлын эрсдэл өөр дээр нь буух, улс төрийн карьерт нь хасах оноо болохоос болгоомжилдог хэрэг. Үндсэн хуулийн өөрчлөлт тийм  “галтай сэдэв” бүхий хэд хэдэн асуултын тэмдэгтэй. Тэдгээрийн нэг нь өөрчлөлтийг ард түмнээс асуух, эс асуух тухай маргаан.
АН ард түмнээс асуух ёстой гэв. Асуухгүй бол Үндсэн хуулийн зөвшилцлөөс гарна гэнэ. Энэ бол АН-ын үнэн санаа биш, ердөө  улс төр нь. МАН-ын зарим хүн Долоон буудлын Должин эмээ юугаа мэддэг юм, түүнд Үндсэн хуулийн өөрчлөлт хамаагүй гэх. Тийм ээ, Должин эмээ мэдэхгүй байж болно. Мэдэх ч албагүй. Гэхдээ эмээ нийгмийн олонлогийн нэгэн амьд эс.  Үндсэн хуулийн өөрчлөлтийг Должин эмээ мэдэхгүй ч, түүнд хүлээн зөвшөөрөгдөж байж хүчтэй болно. Ойн тухай хууль, Авто тээврийн тухай хууль Должин эмээд ёстой хамаагүй. Харин Үндсэн хууль хамаатай.
Зуутын доллар адил нийгмийн олонхид таалагдах ёстой, хүн бүхэнд хамаатай ганц хууль бол Үндсэн хууль, түүний өөрчлөлт юм.  Яагаад гэвэл Үндсэн хууль, түүний өөрчлөлт нь аль нэгэн салбар, нийгмийн нэг сегментэд зориулагдаагүй. Үндсэн хууль нь хууль, нийгмийн гэрээний хослол. Барилгаар бол таны мөрөөдлийн байшингийн суурь нь Үндсэн хууль. Монголчууд бидний байгуулахаар зорьж буй нийгмийн “замын зураг” нь Үндсэн хууль. Иймд Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх нь түүнд оруулсан өөрчлөлтөөсөө чухал. Хүлээн зөвшөөрөгдөх нь бараг нэгд эрэмбэлэгдэнэ.
Парламент хууль батлах эрхтэй. Үнэн. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд парламентын баталсан хэлбэр бол де-факто. Харин ард түмнээс асуух замаар тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр нь де-юре болно.   
Тэгвэл ард түмэнд  яаж хүлээн зөвшөөрөгдөх вэ? Ганц л арга буй. Тэр нь ард түмнээс асуух, тэдний дэмжлэгийг авах. Ард түмнээсээ асууж дэмжүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлт илүү хүчтэй болно. Тийм өөрчлөлтөөс Монгол хожно.  Ард түмнээсээ асуугаагүй, кнопны хүчээр баталсан өөрчлөлт улс төрийн сэдэв л болно. Асуугаагүй баталсан Үндсэн хуулийн нэмэлт нь улс төрийн сэдэв болохын зэрэгцээ оруулсан эерэг сайн өөрчлөлтөө ч ач холбогдолгүй болгох эрсдэлтэй. Хоёр жишээ хэлье. Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлтөд сайн заалт ч бий, муу  нь ч бий. Гэвч энэ өөрчлөлт нийгэмд “Дордохын долоо” гэх муу нэр нь илүү. Зөвхөн энэ өөрчлөлтийг шүүмжилж ярьсаар УИХ-д сонгогдсон, улс төр хийж яваа хүн ч бий. Энэ бол 2000 оны өөрчлөлт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөгүйн сул талыг улс төр болгон ашигласан хэрэг. Хэрвээ тухайн үед ард түмнээсээ асуусан бол 2000 оны өөрчлөлтийн муу, сөрөг заалт нь ард түмний шүүлтүүрээр шүүгдэж хасагдах, хамгийн багадаа хожмоо “Дордохын долоо” гэх нэр хоч авахгүй байв. Ер нь ард түмний олонхийн дэмжсэнийг, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөнийг шүүмжилдэг, үгүйсгэдэг ард түмнээсээ илүү ухаантан гэж одоогоор байхгүй. Өөр нэгэн жишээ. Өнөөгийн УИХ, Ерөнхийлөгч аль аль нь тийм сайн нэргүй. Тэгэхдээ ард түмний байгуулсан УИХ, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч учраас нийгэмд, нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байна. Өмнө нь ч ийм л байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн амьдрах чадвар  энэ хоёр жишээтэй төстэй. Хэрвээ ард түмнээс асууж тэдний олонхи  дэмжсэн хувилбарыг баталбал хамгийн багадаа л  АН, МАХН, экс Ерөнхийлөгч  Н.Энхбаяр нар 2020 оны сонгуульд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр МАН-ын өөлөх сэдэвгүй үлдэнэ. Асуухгүй баталбал тэдэнд өөрийгөө баалах бэлэн сэдвийг МАН өөрөө бэлдэж өгснөөс ялгаагүй. Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард түмнээ мартсан МАН-ынхан өнөөдөр ард түмнээсээ санал гуйж явна гэх шүүмжийг захын сэтгүүлч бичнэ. Татвар, торгуулиа бүрэн төлсөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах эсэхийг ард түмнээсээ асуудаг хэрнээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг болохоор ард түмнээс асуусангүй гэдгийг захын горилогч хэлнэ. Тэр цагт МАН-ынхан юу гэж хариулах вэ?
2000 оны өөрчлөлт гэдэг нь одоогийн АН-ын байгуулсан хоёр нам засгийн эрх барьж байхдаа 1999 онд Үндсэн хуульд хийсэн өөрчлөлт юм. Сөрөг хүчинтэйгээ зөвшилцөж хийсэн.  Түүнээс хойш УИХ-ын таван удаагийн сонгууль болжээ. АН-ынхан нэгд нь ч УИХ-ын олонхи болоогүй. Харин 2004, 2012 онд арай олон суудал авч, эвслийн Засгийн газар байгуулж байв. Дараалсан энэ олон ялагдалд нь ард түмнээсээ асуухгүйгээр хийсэн “Дордохын долоо” нэртэй Үндсэн хуулийн өөрчлөлт шууд нөлөөлсөн гэхэд хэцүү. Гэхдээ 1999 оны өөрчлөлт нь олон Засгийн газарт засаглалын хямралын эх болсон нь үнэн юм.  Энэ ялагдлын түүхийг МАН давтаж болно. АН-ын алдааг МАН дагаж бас болно.  2020 оны оны сонгуулийн ялагдлын  эрсдэлээс МАН айхгүй байж ч болно. Энэ нь МАН-ын л хэрэг.  Харин ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй Үндсэн хуулийн бас нэгэн өөрчлөлтийг Монголын нийгэм хүсч байгаа юу. “Дордохын долоо”-гийн үлгэр үргэлжлэх ёстой юу.
Зөвхөн улс төрийн өнцгөөс харвал болзошгүй байгалийн гамшигтай адилтган аюулын зэргээр үнэлбэл ард түмнээсээ асуусан байхад МАН-ын хувьд хожих нь их, хожигдох нь бага. Харин ард түмнээс асуухгүйгээр Ерөнхийлөгчийн дэмжлэгт эрдвэл, 64 кнопоор бярдвал МАН хожих нь бага, хожигдох магадлал нь илүү их. 
Үйл явцыг харвал асуухын болон асуухгүйн зовлонгийн аль аль нь МАН-д байна. Жишээ нь, “давхар дээл”-ийг бүрэн хориглоогүй өөрчлөлтийг ард түмэн дэмжихгүй талдаа. УИХ-ын гишүүн сайдаар ажиллахыг бүрэн хоригловол парламентын засаглалын сонгодог хэлбэр, дэлхийн жишгээс өөр зүгт явчих гээд байдаг.  Гишүүдийн тоог 108 болгож, УИХ-ын бүрэн эрхийг таван жил болгохыг ард түмэн дэмжихгүй. Иймд “Давхар дээл”-ээ авч үлдэж, Ерөнхийлөгчийн саналаар 108 гишүүн, 5 жилийн бүрэн эрхээ Үндсэн хуулийн заалт болгоё гэвэл ард түмнээс асуухгүйгээр батлахаас өөр хувилбаргүй. Тэгж баталсны сөрөг нь МАН-д, эерэг нь тэдний өрсөлдөгчдөд ирнэ. Тэр цагт саналыг Ерөнхийлөгч гаргасан, Ерөнхийлөгч шахсан гэж мянга тайлбарлаад нэмэргүй. Цуурай адил болно. Ерөнхийлөгч ямарч санал гаргах эрхтэй. Харин саналыг шүүрэн авч хууль болгон баталсан нь, мөн ард түмнээс асуух шаардлагагүй гэж эцсийн  шийдвэр гаргасан нь МАН-ын бүрдүүлсэн УИХ гэдгийг хэн ч мэднэ. Ийм кейс үүслээ гэхэд ямарч PR нэмэр болохгүй.  Товчоор, ард түмнээс асуух замаар тэдэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй Үндсэн хуулийн өөрчлөлт бол “Дордохын долоо”-гийн хоёрдугаар дэвтэр л болох магадлал нь их.

Г.Отгонбаяр
Эх сурвалж: Itoim.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан