Ерөнхийлөгчийн засаглалын тухай яриа эрчээ авах тусам парламентын засаглалын үнэ цэнийг мэдрэх боллоо. 2014 оны тавдугаар сарын 2. УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьж байв. Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд буюу УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх тухай хуулийн төслийг буцаах болоход тэрбээр ийнхүү УИХ-ын гишүүний суудлаа авч үлдэж сайдын албан тушаалаа “тушаасан”.
“УИХ-ын гишүүн Х.Баттулга” байсан үеэ санаач!
Яагаад? Эргэн сануулахад энэ цаг үе бол Энержи ресурсын барьж байсан замын ажлыг зогсоож Монголын төмөр замд шилжүүлсэн, Samsung C&T-тэй гэрээ хийж Чингис бондын мөнгөөр барьж буй гэх шинэ төмөр замын ажил гацсан нь нэгэнт тодорхой болсон үе. Хариуцаж байсан салбар талдаа гэвэл 100 мянган тонн улаан буудай импортолсон, нэлээд маапаантай вакцин импортолсон нь баригдсан тийм л цаг үе. Давхар дээлтэн энэ тохиолдолд УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг сонгож үлддэгийг л бид харсан. Хэрэв Х.Баттулга гэдэг улстөрч тэр үед гэнэт улс төрийн эр зориг гаргахаар шийдсэн л бол УИХ-ын гишүүнээсээ татгалзаж нэр холбогдсон хэрэг бүхнээ шалгуулах байсан юм.
Харин одоо бүх зүйл орвонгоороо эргэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 2017 оны 6 дугаар 6-ны үдээс хойш УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо нар яаралтай хэвлэлийн хурал зарлаж, тухайн үеийн Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнайгаас ямар хариу авснаа санаж байна уу? Сайд, Байнгын хорооны дарга болоод мартчихсан уу? Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын зөвлөх Д.Баярмагнай энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Түүнд ямар дарамт учирсан бол? Уг нь “Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг хууль бусаар "Самсунг Си энд Ти” компанид шилжүүлсэн зэрэг үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнээд Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж” өгсөн биз дээ?
Бас“Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийж гүйцэтгэх гэрээний дагуу улсын төсвөөс нийт 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авч, зориулалтын дагуу зарцуулаагүй, холбогдох албан тушаалтнуудын хамт завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, олсон орлогын хууль бус эх сурвалжийг нуун далдлах зорилгоор бусдад шилжүүлж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн”, тийм үү. Улстөрчдийн үйлдсэн гэмт хэрэг ийм замналтай хаагддаг учраас УИХ-ын гишүүн болох, тэр тусмаа шүүх, прокурорыг халдаг, томилдог Ерөнхийлөгч болох адын хүсэл өнөөдөр Монголын төрийг хорлож гүйцлээ. Тэр үед эрх чөлөө л хүсч байсан бүхэн эрх мэдлийн оргилд гарч хэн болсон, дараа нь мөрдөн байцаагчид, АТГ-ын албан хаагчдын ажлын үр дүн хаачсаныг бид харж байна. Харин одоо Улсын Их Хурлын даргыг “намыг хагалах” засаар огцруулж чадсан тэр Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хийж өгчөөд Парламентын хаалгыг гаднаас нь хаахыг “санал болгож” байна. “Хүү даварвал бэрс” гэгч энэ үү?
Түүнийг ингэж улайрах тусам Ардчилсан парламентын үнэ цэнийг мэдэрч байна. Х.Баттулга таны 2012 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр МоАХ-г удирдаж байхдаа хэлсэн уярам сайхан үгийг сануулъя! Тэгэхэд та “Ардчиллын цагаан морь дүүхэлзэж байна. 23 жилийн өмнө өвлийн жаварт уур савсуулан байсан тэр л янзаараа хөгжлийн үсрэлт, дүүлэлтэд бэлтгэж байна” гээд л... “23 жил тасралтгүй тэмцэж, зүтгэж явсныхаа үр дүнг та бид өнөөдөр үзэж байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, нийслэл, аймгууд, дүүргүүдийн олонхийн удирдлага Ардчилагчид шилжлээ. Үүнээс илүү итгэл гэж байхгүй. Хийх, бүтээх, зүтгэхээс өөр зам бидэнд байхгүй” гэхчлэн. Ингэж хэлснээсээ хойш таван жилийн дараа тэр бүр чих итгэл хүлээж Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харин Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа УИХ-ыг тараая гэж 64 гишүүнтэй олонхиор дэмжүүлэх гэж даажигнасан. Өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих эсэх талаар ард нийтээс асуух гэж байна. Үр дүнд нь Х.Баттулга “хаан” хэвээрээ үлдэх биш, дараагийн Ерөнхийлөгчид л хамаатай гэж ухуулж буй ч энэ тогтолцоо байтугай “нэр томъёо” ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэдэг бүхэнд харш харагдаж байна.
Ерөнхийлөгчийн засаглалтай болох амархан, түүнээс салах хэцүү!
Ерөнхийлөгчийн засаглалтай болох амархан ч санагдаж болох юм. АТГ-ын дарга, дэд даргыг томилох санал асуулгын дүн гэгч яаж гарсныг бид мартаагүй. Тиймээс ард түмний санал асуулгаар “хүчтэй дэмжигдэх” байх. Ерөнхийлөгчийн засаглалаас салах хавьгүй хэцүү байдгийг улс төрийн онолчид зөвлөдөг. Парламентын засаглал нь хууль тогтоох байгууллагаас хамааралтай, хууль тогтоох байгууллага нь Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх эрхтэй бөгөөд огцруулах боломж нээлттэй. Харин Ерөнхийлөгчийн засаглалд Ерөнхийлөгч нь хүндээр өвчлөх, гэмт хэрэгт холбогдох зэрэг онцгой нөхцлөөс бусдаар огцруулахад амаргүй байдаг. Нэгэнт парламент ерөнхийлөгчид итгэл үзүүлэхгүй байгаа боловч түүнийг огцруулж чадахгүй байх нөхцөл үүсэх нь нийгэм, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх аюулыг бий болгодог байна.
Үүнийг яагаад хүсэв? УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад богино хугацаа үлдсэн мөчид УИХ-ыг “дайсан” мэт харагдуулж санал хураах шаардлагатай гэж үзээд байна вэ? Энэ саналыг чинь ЖДҮХС-гийн хөрөнгөөс хумсалсан, хүчин болон бусад гэмт хэрэгт нэр холбогдсон болон шалгуулж буй гишүүд барьцаалагдах байдлаар дэмжиж байна. Ардчилсан Ерөнхийлөгч ингэж ажилладаг юм уу? Үүнийг нь өөгшүүлэх мэт УИХ дахь олонхи болох МАН-ын дарга нь “Энэ УИХ дотор хүчиндэгч, хулгайч, байхгүй Хулгай хийнэ, хүн амь, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-дэнэ. Ер нь бүх юмыг хийж байна” гэж доромжиллоо. Хаанаас гарч ирсэн хоёр дарга ямар байгууллагын нэр хүндэд халдаж байгаагаа ойлгож байна уу? Энэ байдал УИХ-тай өөртэй нь холбоотой.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны хоёрдугаар сарын 1-нд томилогдсон. Өнөөдрийг хүртэлх долоон сар гаруйн хугацаанд удирдаж буй УИХ-ынхаа эрхэд халдах оролдлого хоёр удаа хийсэн гэж үзэж болно. Тэрбээр эхлээд 2019 оны тавдугаар сарын 23-нд “УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно” гэж мэдэгдсэн бол эдүгээ Ерөнхийлөгчтэй яг ижил саналтайгаар өөрийг нь сонгосон парламентчдад “сюрприз” барьж байна. Үүнд нь дөрөөлж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ард нийтийн санал асуулгын нэгдүгээр асуултыг УИХ, хоёр дахь асуултыг Ерөнхийлөгч асууя гэж байна. Гурван асуулт асуухын тулд 30 тэрбумыг зарцуулж байгаа юм бол, нэг асуулт нь 10 тэрбумын үнэтэй юм байна. ҮХНӨ-д АН оролцохгүй гэдгээ сая мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн зүгээс төслөө бүрмөсөн татсан учир мөн оролцохгүй боллоо. ҮХНӨ одоо дан ганц МАН-ын асуудал боллоо. 64 гишүүн баталсан гэж хууль зүйн хувьд үлдэнэ” гээд МАН-д балагаа үүрүүллээ.
Үүргээ биелүүлсэн З.Энхболд, үүрэг гүйцэтгэгч УИХ!
Ийм л байна даа, МАН! Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бол хэд хэдэн удаа ажлаа өгөх сураг дуулдсан, үүргээ гүйцэтгэчихсэн, хэзээд буцахад бэлэн. Хаашаа буцах нь тодорхой. АН-ын удирдлагад МАН-ын алдааг “боогоод” дараагийн сонгуульд бэлтгэнэ. Түүнд буруу байхгүй. Ийм л төгс тоглогч. Харин МАН яах вэ? УИХ-даа “хайргүй” УИХ-ын даргатай. Намынхнаа яаж ч шившиглэхээс буцахгүй Намын даргатай. Аль ч сиймхийгээр ашиг хонжоо олж чаддаг, тайван инээмсэглэсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээ хэрэгсэхгүй болгохыг тэсэн ядан хүлээж суугаа генсектэйгээр алдаа бүхнийг үүрч, эргэж уулзах нүүргүй болтлоо хагаралдсаар сонгуульд орох нь. УИХ дахь олонхийн бүлгийн нүүр царай ийм л байна. Намчид нь намдаа, Намын дарга нь намынханд, УИХ-ын дарга нь УИХ-даа нэр төртэй, хүндэтгэлтэй хандаж ажилласан бол ховор боломж байлаа.
Одоо дараагийн сонгууль зарлахыг хүлээсэн “Үүрэг гүйцэтгэгч” УИХ-тай, Ерөнхийлөгч уурлангуут тэсрэхэд бэлэн Засгийн газартай, хөөн хэлэлцэх хугацаа дуусвал аврагдах “ЖДҮ-чин”, удахгүй шүүх хурал нь болох хүчингийн гэмт хэрэгт холбогдогчтой гэхчлэн муу мэдээгээ дааж ядан байна. Ингэхэд 76 доторх болон 76-ын гаднах “дайсан” хэн байсан болоод ийм байдалд хүрчихэв ээ? Андуураагүй бол анх 76 гишүүүнтэйгээр энэ УИХ үйл ажиллагаагаа эхэлсэн. 2016 оны долдугаар сарын 20-нд, УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд 76 гишүүнээс 51 гишүүн ирж 67.1 хувийн ирцтэйгээр шөнийн 22:50 цагт эхэлж байлаа гэж...2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдэн хуралдаанд 65 гишүүн оролцож, 43 гишүүн буюу 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарыг 2019 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын чуулганд оролцсон 63 гишүүний 95.2 хувийн дэмжлэгээр томилсон. Энэ тоолол хэрхэн үргэлжлэх нь УИХ-аас, хэрэв саналдаа, эрх мэдэлдээ эзэн болохгүй бол ҮАБЗ-ийн тааллаар үргэлжлэх биз ээ. Одоо ч хайсаар...Парламентын “дотоод” болон гадаад “дайсан” нь хэн юм бэ?!
У.Оргилмаа
Эх сурвалж: baabar.mn