Дуучин К.Номинжин Амьтанд энэрэнгүй хандахын төлөөх хүмүүсийн нийгэмлэг (ПETA)-ийн гэрч-сурвалжлагчид ноолуурын аж ахуйтай танилцахаар Монголд ирээд цочирдмоор дүр зурагтай нүүр тулсан тухай ярьсан бичлэгээ энэ сарын 7-ны өдөр “ПЕТА Ази” сошиал хуудсанд байршуулсан юм. Тэрээр Монголд ноолуур бэлтгэхийн тулд ямаануудыг хэрхэн тарчлаан зовоодог тухай ярьж, ноолууран бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалжээ. К.Номинжин “…Ажилчид ямааг газарт савж унагаан дардаг нь ялангуяа араатны идэш болдог ямаа мэтийн амьтдыг асар их цочроож айлгадаг байна. Ноолуурыг ихэвчлэн самнаж авдаг. Самнах нь сонсогдож байгаа шигээ тийм ч хал палгүй арга биш ээ. Ямааны ноолуурыг ажилчид хурц, төмөр самаар тасчихад өвдсөн ямаа орилон майлж буйг гэрчүүд харжээ…Хэрвээ та ноолууран эдлэл хэрэглэдэг бол амьтныг шархлаан зовоож, амийг нь хороож, мөн байгаль орчныг сүйтгэдэг үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэрэг шүү. Хэрэглэгч бид энэ зовлон тарчлалыг эцэс болгоход тусалж, ноолууран болон амьтны гаралтай ямар ч хувцсыг худалдан авахгүй байх эсэх нь бидний сонголт. Бид таныг дэлгүүрт үзэж буй барааныхаа шошгыг шалгаж, “Ноолуур” гэж бичсэн байвал лангуун дээр нь орхихыг хичээнгүйлэн гуйж байна” хэмээн ярьсан байна.
Энэ зөв шүү, К.Номинжин та маш зөв олж харжээ. Мал дээр өсөөгүй, орчин цагийн монгол хүн болохоороо л үүнийг олж харжээ. Гэтэл мал дээр өссөн, малын дэргэд шахуу байгаа бид чинь үүнийг мал тамлаж байна гэж хардаггүй, анзаардаггүй байжээ. Манай Өдрийн сонины хувьд таны энэ хөндөж байгаа сэдвийг, яг эл өнцгөөс нь харж 2015 онд “Улайсгасан төмрөөр хайрч тамгалах нь мал тамлаж байгаа хүнлэг бус зан үйл юм”, 2017 онд “Монголчуудад мал тамлах эрхийг хэн олгосон юм бэ?” зэрэг нийтлэлийг гаргаж, монголчууд мал тамлаж, маш хүйтэн, цэвдэг сэтгэлээр ханддаг гэж удаа дараа бичиж байлаа.
Ямаа самнана гэдэг чинь үнэндээ наад ямаанд чинь массаж хийж байгаатай адил хөнгөхөн үйлчилгээ. Хоёрдугаарт, ноолуурыг нь авдаг ёстой. Ноолуурыг нь авах нь амьтных нь хувьд өөрт нь тус болж байгаа хэрэг. Хэрвээ тэр чигт нь орхивол ноолуураа намрын эхэн сар хүртэл хаяж гүйцдэггүй юм. Зунжин халууцаж, хачигтаад түүнээсээ болж турж эцээд тамлагддаг. Эдийн засгийн талаасаа бол ноолуур нь манай улсын ганц брэнд. Гэхдээ энд энэ тухай бичих гэсэнгүй.
К.Номинжингийн энэ бичлэгийг үзсэн манай нийгэм түүнийг элдвээр шүүмжилж “Амьдрал мэдэхгүй, монголоо алдсан” гэх мэтээр зүхэж байна. К.Номинжинг шүүмжилж, хараах нь буруу. Техник, технологи, шинжлэх ухаан дээд зэрэгтээ хүртэл хөгжчихсөн байгаа энэ үед бидний мал маллаж байгаа арга техник үнэхээр хоцрогдсон бүдүүлэг байгаа шүү дээ. Үүнийгээ бид эргэж харах цаг аль хэдийнэ болчихоод байна. Монголчуудын мал аж ахуй эрхэлдэг, малтайгаа харьцдаг арга нь хэдэн мянган жилийн өмнөхтэйгөө яг адил байгаа.
1323 онд Мал аж ахуйн хэрэг эрхлэх мал сүргийн хүрээлэн байгуулж, малын тооллого явуулж, им тамга тавьж дансалдаг байсан тухай түүхийн баримт бий. Гэтэл бид тэр үед хэрэглэж байсан мал имлэх, түлж тамгалах аргыг өнөөдөр ч хэрэглэж байгаа. Шинэ чулуун зэвсгийн үе буюу одоогоос найман мянган жилийн өмнө Төв Азид амьтдыг эрчимтэй гаршуулж, МЭӨ 4-3 мянган жилийн үеэс мал аж ахуй эрхэлж, малчин аймгууд бүрэлдсэн тухай судлаачид ярьдаг. Монголчууд тэр үеэс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн. Тэр үед малтайгаа яаж харьцдаг байсан бэ, яг тэр аргаараа өнөөдөр мал аж ахуйгаа эрхэлж байна.
Дэлхийн амьтны эрхийг хамгаалагчид болон НҮБ-ын Ан амьтдыг хамгаалах хорооныхон монголчуудын нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа бодит нөхцөлтэй ирж танилцаж, бүгдийг нүдээрээ үзвэл Монгол Улсад нүүдлийн мал аж ахуй эрхлэхийг шууд хориглоно. Монголчуудын малтайгаа харьцаж ирсэн өв соёл бол шууд хориг тавьж, зогсоох хэмжээний тийм л харгис, хүйтэн, цэвдэг арга, технологи.
Ямаа самнах тухай асуудалд нэг зүйл нэмж хэлэхэд, ноолуур нь хөөрөөгүй үед самнавал ямаа жаахан орилж, бахирдаг юм. Хөөрөөгүй үед нь яагаад ноолуурыг нь авах гэж орилуулан барин самнаад байна вэ гэхээр ноолууранд нь хялгас холилддоггүй сайн талтай. К.Номинжингийн харуулсан тэр бичлэгт ямааг орилуулж самнаж байгаа шиг орилуулахгүйгээр эвтэйхэн авчихаж болдог л юм. Хэзээнээсээ монголчууд ямаа орилохыг таашаадаагүй, настай хүмүүс ямаа орилуулж, бархируулахыг зөвшөөрдөггүй учир үр хүүхдэдээ “Ямаа битгий орилуулаад бай” гэж захиж ирсэн. Түүнээс тэр бичлэгт гарч байгаа шиг ямаа орилуулдаг малчин бараг байдаггүй л байсан сан. Ямаа самнаж байгаа хөгшчүүдийг харахад ноолуураа өгч байгаа ямаа нь хэвээд л хэвтэж байдаг байсан юм даа. Сүүлийн үед хөлсөөр ямаа самнаж байгаа хөлсний ажилчид л хурдан түргэн ажилласан болж харагдаж, хэдэн халтар төгрөгийн төлөө л хайш яйш зулгааж, эвийг нь олохгүй самнаснаас л тийм таагүй үйлдэл гардаг болсон байх.
Манай сонинд гарсан дээрх нийтлэлүүдэд бид эмгэнэлтэй олон жишээ татаж байсан. Энэ удаад ч жишээ хэлье. Монголчуудын малаа тамладаг хамгийн эмгэнэлтэй үйлдэл бол өлсгөж, хөлдөөж алдаг. Сүрэг сүргээр нь алдаг. Өөрсдөө болохоороо зуд, байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртчихлөө гэж цайруулдаг. Малдаа өвс тэжээл, дулаан байр сав, өвөлжөөг нь бэлдээгүй байдаг. Ядаж нөмөр нөөлөгтэй дулаан нутагт эртхэн нүүж очдоггүй. Үнэхээр л нүүдлийн мал аж ахуй юм бол таатай газар руу нүүгээд явчих ёстой. Гэтэл ингээгүйгээс малаа хэдэн мянгаар нь зуд нэрийн дор алаад хөлдүү цогцсоор нь хашаа барьчихдаг. Энэ бол элэг эмтэрмээр. Мянга, мянгаар нь хонь, ямаа, үхэр, адуугаа алчихсан эзнийг нь яадаг ч үгүй. Харин ч хөөрхий минь ядуурчихлаа гээд тэтгэлэг, тэтгэмж өгөөд толгойг нь илдэг. Малыг хувийн өмч гэж үздэг учир өмчөө яах нь эзнийх нь дурын асуудал гэж ханддаг. Мал бол амьтан. Амьтан бол хэний ч өмч биш. Энэ дэлхий, байгальд амьдарч буй бүх амьтан эн тэнцүү эрхтэй. Тэр амьтны өмнө тэр эзэн гээд байгаа хүн нь үүрэг хүлээсэн байгаа. Яагаад вэ гэвэл хашиж, хашаалж өсгөж үржүүлээд ашиг олдог болохоор.
Хүн амьтадтай адилхан ганцхан л амьтай амьтан. Хүмүүс ухамсартай, харин тэд ухамсаргүй. Ухамсартай бид ухамсаргүй тэдний аминых нь өмнө бүр ч өндөр хариуцлага хүлээж байдаг. Бид өвөл цас орно, хүйтэрнэ, өвс хомсдоно гэдгийг ухамсарладаг. Өвөл цас орно гэдгийг мэддэггүй малчин гэж үгүй. Бүгд мэддэг. Ийм байтал тэр олон мянгаар нь хөлдөөж, өлсгөж алсан амьтныхаа өмнө хэн ч хариуцлага хүлээдэггүй. Энэ бол эмгэнэл.
Уналга, эдэлгээнд адуу сургадаг том ажил бий. Эмнэг сургана гэдэг. Эмнэг сургахад ямар харгис үйл явдал болдгийг бид мэднэ. Эхлээд төмөр амгай зуулгаад амыг нь халаана. Амгайг нь хоёр тийш татаж, гудчисаар байгаад хоёр завьжийг нь хагалахыг амыг нь халаана гээд байгаа юм. Ингэж төмөр амгай зуулгахдаа шээс алдтал чихийг нь мушгидаг. Чихээ тасартал мушгиулж байгаа амьтан аманд нь юу зуулгуулж байгаагаа ч мэдэхгүй асар их өвдөлтийн цочролд орж мэдрэлээ алдаад шээс алдана. Мэдрэлээ алдангуут нь төмөр амгай зуулгуулчихаж байгаа хэрэг. Ингээд тамлалт нь дуусахгүй. Дараа нь эмээл тохохын тулд цоровддог. Адууны дээд уруулыг цулбуураар оосорлоод урагш нь хар хүчээрээ татахыг цоровдох гэдэг. Уруул маш эмзэг эрхтэн. Уруулыг ингэж татахаар бие нь бүхэлдээ мэдээ алдаж, мэдрэхүйгээ гээж, ухаан нь дэн дун болонгуут эмээл тавьж олмыг нь чангалдаг. Ингээд дээр нь мордчихоод булгиулаад, ус, өвс өгөхгүй балбаад, унагаж ойчуулаад шороотой хутгана. Хэдэн өдрийн турш ингэж тамлачихаар өнөө адуу нь ямар ч тэнхэлгүй болчихно. Үүнийг л нь номхорчихлоо, эдэлгээ уналгад цагааширчихлаа гэж үзэцгээдэг.
Өвдөлтийг эдэлгээнээс илүү гаргаж, шокинд оруулж байж уналга, эдэлгээнд сургадаг болохоор монгол адуу эзэндээ ээлгүй ханддаг. Хээр унагаж орхиод л хаяад явчихдаг. Ийм амьдралын дундуур туулж гарсан хүний хувьд бичихэд монгол адуу хээр ойчсон эзнээ эргэж очиж авдаг гэсэн домгууд худлаа шүү. Монголчууд адууг өдөрт хэд хэдээр нь зэрэг сургачихдаг. Эхийнхээ сүүнээс дөнгөж гарсан даагануудыг сургаж байна гээд эцээгээд эцээгээд шидчихнэ. Энэ харгислал юунаас болж гарав гэхээр нэг хүнд хэт олон мал ногддогтой холбоотой. Европчууд, барууныхны адуугаа сургаж байгааг харахад, унаганаас нь эхлээд илж таалж, өдөржингөө л хөтөлж хамт яваад танил нь болчихно. Тэгээд л толгойд нь ногт хийнэ. Ногтолсныхоо дараа үргэлжлүүлээд илж, таалж, ёотон өгч амттанд сургана. Ийм замаар өөртөө дасгасан цагтаа хазаарлана. Хазаарлачихаад шууд унахгүй. Амгай, хазаарандаа ч их аядуу дасгана. Ингэж маш энэрэнгүйгээр харьцсаар байгаад сая нэг юм уналгад бэлэн болгодог. Тэр үед адуу эзэндээ ээлтэй, эзнээсээ салдаггүй, гарыг нь дагуулж хараад л ёотон нэхэж, толгойгоо сажлаад л эзэн рүүгээ дуртай давхидаг юм билээ. Адуу нь өөрт нь ээнэгшихгүй байвал ерөөсөө хүчлэхгүй, өвс тэжээл, ус, ёотонг нь дөхүүлж өгчихөөд аргадаад байна. Ийм л зөөлөн аргаар харьцдаг. Манайд адуу бүртэй ингэж харьцах боломжгүй ч монголчууд залхуугаасаа болж зэрлэг аргаар эмнэг сургаад байгаа юм. Долоохон хоногийн дотор бүх эмнэгээ цагаашруулна гэдэг бол залхуурч хялбарчилж байгаа явдал. Унага байхаас нь өдөр бүр залхууралгүй ноцолдоод, дасгаад ирсэн бол ингэж шээс алдаж, ухаан нь баларттал нь өвтгөж тамлаад байхгүй л дээ. Унага байхаасаа хүнд ойр байхаар өөрийг нь унадаг гэдгийг зөнгөөрөө мэддэг болчихсон байдаг учраас амархан номхордог.
Үүнээс гадна Монголын мал аж ахуйн өв соёлд мал хөнгөлөх, адууг агтлах зан үйл бий. Ямар ч өвчин намдаагчгүйгээр шууд барьж авч баглаад хутгаар зүсээд л засаа, бөөсгийг нь сугалаад авчихдаг. Гэтэл дэлхий дахинаа 1800-гаад оны үеэс эр малыг хөнгөлөхдөө өвчин намдаагч үйлчилгээтэй ургамалтай ус уулгах, өвчин намдаагчтай тарилга хийх зэргээр энэрэнгүй хандаж ирсэн бол сүүлдээ судас таслах хагалгаа, лазераар шарах зэрэг тухайн малдаа ямар ч өвдөлт, зовиургүй аргыг сонгодог болсон. Манайх гэтэл дундад зууны аргаараа л малтайгаа харьцаж, харгислал үйлдэж байгаагаа мэддэггүй нь гол зовлон болоод байна.
Тамганы найр гэж том баяр ёслол болно. Нялх амьтныг улайсгасан төмрөөр хайрч, сорви тогтоогоод “Тэр нь миний, энэ нь чинийх” гэж өмчилж авна гэдэг бол орчин үеийн дэлхийд байх ёсгүй харгис заншил. Эдгээр харгислалуудын дэргэд ямаа самнахыг хараад дэлхий яаж шуугьж байгааг та нар харж байгаа биз дээ. Ямааг орилууллаа, үсийг нь зулгаалаа гэж маш хүндээр тусгаж авч байна. Тэгвэл жишээ болгож дээр дурдсан хэдхэн зан үйл, харгислалыг хүрч ирээд хажуунаас нь харвал яах бол.
Саяхан Эрүүгийн хуулийг шинэчилж, мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалтад өөрчлөлт оруулахдаа “Малыг лантуудаж алах нь энэрэнгүй, буудаж алах нь харгис” гэж үзсэн. Энэ хоёр тохиолдолд яаж ч бодсон хоёр дахь нь нэг дэхээ бодвол энэрэнгүй юм байгаа биз дээ. Энэ бүгдээс харахад, К.Номинжин та зөв зүйл ярилаа. Гэхдээ нүүдлийн мал аж ахуй гэдэг чинь ямааг орилуулахаас ч илүү ямар том харгислал тээж явааг нарийн сайн мэдэхгүй байна.
Монголчууд мал маллагааны арга, туршлагаа ухамсрын өөр түвшинд гаргахгүй бол энэ байдлаар явбал дэлхийгээс шахагдах болно шүү. Мезолитийн үе буюу 15000-7000 жилийн тэртээгээс малыг гаршуулж эхэлсэн тэр үеийн арга туршлагаараа малтай харьцаад байвал Монголд мал маллахыг бараг хориглох болоод байна.
Д.Гансаруул
Эх сурвалж: Өдрийн сонин