Коронавирус удахгүй монголд орж ирэх гэж байна гэх айдас дагуулсан бодол ард иргэдийг нийслэлийн хүнсний захуудаар баахан таваргахад хүргэж байгаа бололтой. Уул нь ч буруу юм байхгүй байх. Короновирус орж ирээгүй ч удахгүй сар шинийн баяр болох учраас эртхэн хүнснээ базаагаад авах нь буруу нь юу байхав. Гэхдээ аюулт вирус үнэхээр гэнэт ороод ирвэл, хоол хүнс тэгтлээ базааснаар аврагдах нь юу л бол. Зах зээлийн газруудаар хүн пиг дүүрэн байна гэсэн мэдээ сонсоод очиж сонирхвол иргэд будаа, гоймон, ургамлын тос, элсэн чихэр ууттай нь бөөндөж авч байгаа нь харагдав.
Захаас юм худалдаж авч буй тэдгээр иргэдээс яагаад ингэж их юм бөөндөж авч байгааг асуухад тэдний ихэнх нь “Цагаан сарын бэлтгэлээ базааж байна” гэж байсан бол зарим нь “урд хөршид коронавирусийн халдвар гарсан учраас хүнсээ нөөцөлж байна” гэсэн хариултыг өгч байлаа. Тэгээд бодит нөхцөл байдлын талаар албан ёсны байгууллагаас нь лавлаж асуув. Гэтэл холбогдох байгууллагаас одоогоор уг аюулт вирус монголд орж ирээгүй гэсэн хариултыг өгч байлаа. Харин эсрэгээрээ худал цуурхал тарааж буй хэсэг бүлэг хүмүүсийн цуу үгэнд итгэхгүй байхыг анхааруулж байв.
Бодит байдал ийм байхад харамсалтай нь урд хөршид аюулт вирус гарсныг далимдуулан хэсэг бүлэг этгээдүүд аль хэдийнэ зах худалдааны төвүүдийг удахгүй бүгдийг нь хаах гэж байна гэсэн цуу яриа гаргаад амжиж. Тэр үүднээсээ зарим этгээдүүд үүнийг овжиноор ашиглаж хүнсний барааны үнийг дур мэдэн нэмж, ямар ч үндэслэлгүйгээр үнэ хөөрөгдөж байгаа нь энэ ажээ. Жирийн иргэдийн өгүүлж байгаагаар короновирусын дуулианаар ойрын өдрүүдэд хүнсний барааны үнэ эрс өссөн гэнэ.
Засгийн газраас томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хаах шийдвэрийг гаргаагүй байхад захын наймаачид ингэж дураараа дургиж байгааг юу гэж ойлговол зохих вэ? Үүнийг яг бодитоор нь хэлвэл “дайны хажуугаар дажин” гэж нэрлэдэг гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Тийм учраас иргэддээ хандаж уриалхад цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэхгүй байж, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй гэдгийг та бүхэндээ зөвлөх байна. Тэгээд ч иймэрхүү хэсэг бүлэг луйварчдын гаргасан цуу яриа нь хуулийн заалттай байдаг бөгөөд үүнийг дагаж намирах нь яавч эрүүл үзэгдэл биш гэдгийг ард иргэд та бүхэн маань ойлгох бизээ хэмээн найдаж байна.
Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn