Гарал үүсэл нь одоогоор тодорхойгүй шинэ вирус хүн төрөлхтнийг сорьж, шалгаж байх шиг. Айдас, түгшүүртэй энэ цаг үед улс, үндэстнүүдийн, хувь хүмүүсийн ч мөн чанар танигдаж байна. Хятадууд урьд өмнө байгаагүй хэлбэр бүхий вирус хүмүүсийг хүндээр өвчлүүлж байгааг дэлхийн сонорт хүргэхийн сацуу өөрсдөө тэмцэж эхлэхэд бусад улс орныхон төдийлөн тоогоогүй. Хамгийн түрүүнд арга хэмжээ авч, өөрсдийгөө хамгаалахын зэрэгцээ мөнхийн хөрш БНХАУ-ын ард иргэдийг сэтгэл санаагаар болон материаллаг байдлаар дэмжиж, улмаар дэлхийд үлгэр болсон нь манай улс. Үүнээс өмнөхөн хойд хөршийн Засгийн газрын тэргүүн М.Мисуштин коронавирус илэрсэн гадаадын иргэнийг эх оронд нь албадан буцаана хэмээн мэдэгдэхэд хэн хүнгүй гайхаж байлаа.
...Сөүлээс суусан нөхөд “Онгоцонд ус ч өгсөнгүй” гэж гомдоллох нь юм үзээгүйнх гэлтэй. Тэд энд тэндхийн шинэ жилийн баярт оролцохоор мөнгө төлж, ширээ захиалаа юу. Хүнд цаг үед төр, засгаас иргэдээ авчрах ажил зохион байгуулж буйд талархал илэрхийлэхийн оронд иймхэн юман дээр гоншигнох нь ядруухан...
Гэсэн ч тус улсад Миланаас вирус тээж ирсэн итали оюутан Рикардог хөөж туугаагүй. Санкт-Петербургт түүний оюутан найзуудыг дотуур байранд нь тусгаарлахад бусад нь тэдэндээ хоол зөөсөн шигээ 14 хоногийг өнгөрөөснөөр тус улсад шинэ вирус танил болсон юм.
Европт байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Ухань хотод хүмүүс хоногт зуу зуугаараа хорвоог орхиж байх үед эх орондоо буй азиудыг өвчин тараагч балиар хятад хэмээн чичилж, гудамж, талбай, нийтийн тээвэрт зай барьж, харааж байсан нь италиуд. Энэ дарамтад цөхөрсөн хятад аавтай, итали ээжтэй, төрх бол зуун хувь хятад, Итали, БНХАУ-ын Залуучуудын нийгэмлэгийн тэргүүн гудамжинд “Би бол вирус биш, хүн” гэсэн бичиг барьж зогссон юм. Хажуугаар нь өнгөрсөн хүмүүсийн зарим нь тэр залууг аргадаж байсан бол нэг хэсэг нь хараагүй дүр эсгэж, буруу харан бултаж байлаа. Дэлхий нийтийн сая сая хүн харсан энэ бичлэг хятадуудыг үзэн ядах уур амьсгалыг бага ч болов зөөлрүүлсэн болов уу. Ам асууж байгаа юм биш. Итали улс аюулт өвчний өмнө хүчин мөхөстөж эхлэхэд өнөөх Уханийн түр эмнэлгийн туршлагажсан эмч нарын баг онгоц дүүрэн яаралтай тусламжийн хэрэгсэлтэй Ромд газардав. Хятадууд өөрсдөд нь тус хүргэсэнд гэлтгүй, тэднийг ад үзэгсдийг ч энэрэх хүмүүнлэг бололтой. Магадгүй төрийн мэргэн бодлогынх нь илрэл ч байж болох. Италид вирус хурдтай тархаж буйг эмч нар нь хүмүүс халдвар авснаа нууж байсантай холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Европын Холбооны зүгээс “Бид нэгдсэн улс. Тиймээс улс орнууд хилээ хаахгүй” хэмээн мэдэгдсэн нь вирус олон оронд салхинд туугдах мэт хурдтай тархахад хүргэсэн болов уу. Европын Холбоо нь улс төр, эдийн засгийн эрх ашгийн үүднээс авч үзэхэд нэг цул, нэгдмэл улс яах аргагүй мөн биз ээ. Харин байгаль, биологи, физиологи, агаар, амьсгал гээд аваад үзэхэд хил хаахгүй байх нь бүү хэл, хоорондоо ойртох аргагүй нөхцөл байдал бий болсныг тооцоолоогүй. Тоомсорлоо ч үгүй. Харин өдгөө хөгжингүй орнууд хөнөөлт вирусийн хөлд сандарч байна. Хүн төрөлхтөн өмнө хэлж байсанчлан нэгэн агаар мандал бүхий дэлхий хэмээх томоохон хөлөг онгоцон дээр багталцан амьдарч буй олон үндэстэн юм гэдгээ сая л ойлгож байх шиг. Далайд удаан хугацаанд саатаж буй “Даймонд принцесс” хөлгийг дэлхийн жижгэрүүлсэн хувилбар гэмээр ч юм уу. Шинэ вирус манай гарагт “Нэг нь өвдвөл нөгөөх нь өртөнө. Хэн ч ганцаараа торойж үлдэх аргагүй. Өөрийгөө хамгаалж, өрөөлийг аюулд өртөхөөс сэргийлнэ, бусдыг хайрлаж байж, өөрөө амьд үлдэнэ” гэсэн шинэ дэг журам, зарчим тогтоож эхэллээ.
Академич Д.Цэрэнсодном “Хүн төрөлхтөн ёс бусаар амьдарч байгаа болохоор ёс бусын гай түйтгэр тохиож байна” гэж хэлсэн. Вирусийн эх үүсвэр, эх сурвалж тодорхойгүй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн таамаг дэвшүүлсээр байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын дундуур тус улсад болсон олон улсын цэргийн хамтарсан сургуулилалтын үеэр америк цэргүүд авчирч тараасан гэж үзэж буй судлаачид Хятадад бий юм билээ. Тийм ч байж магад, үгүй ч байж болох. Хэрвээ бусдыг хөнөөх зорилготой, өнөөгийнх шиг үйлчлэлээр программчилсан биологийн зэвсэг байх аваас хүн төрөлхтөн ёс бусаар авирладгийн нэгэн тод жишээ болох буй за. Хэрвээ тийм бол, америкчууд өөрсдөө ч өртөхөө тооцоолсонгүй. Хэрвээ тийм бол шүү дээ.
Шинэ вирусийн нөлөөгөөр хүмүүс мэддэг хэрнээ мартдаг, ойлгодог мөртлөө хэрэгжүүлдэггүй олон дадал, зуршлыг амьдралдаа хэвшүүлэх болов. Гараа тогтмол, сайтар угаах, амны хаалт зүүх, юм л бол хацар, амаа нийлүүлээд байлгүй, уламжлалаараа гар барилгүй мэндэлж байх зэрэг авууштай зуршлыг нэрлээд байвал олон. Наад зах нь манайхан гараа тогтмол угаадаг болсноос хойш халдварт өвчлөл эрс багасжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2020 он гарснаас хойш эхний хоёр сард амьсгалын замын халдвар 1516 болж 169-өөр, гэдэсний халдварт өвчлөл 185 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 116-гаар буурчээ. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард цусан суулгаар өвчлөгсөд 116 буюу 38.5 хувиар, сүрьеэгээр өвчлөгсөд 69 буюу 22.8 хувиар, салхин цэцгээр өвчлөгсөд 186 буюу 13.9 хувиар буурчээ.
Нийтээр, маш нүсэр хөдөлж, хаана, хаанаа дарамт үүсгэдэг баяруудыг авсаархан тэмдэглэж болдгийг мэдлээ. Сүүлийн хориод жилд баяр болгоныг хүнээс дор оролгүй өнгөрүүлэх гэхдээ зээл хүртэл авдаг “тогтолцоо”-нд боомилуулж байснаа мэдрэв. Гэнэтийн аюулын үед зохих хэмжээгээр хүнс нөөцлөхөөс авхуулаад сэтгэл санааны бэлтгэлтэй байх, аюул тохиолдоход даваад гарах оюуны тэнхээтэй байх ёстойг мэдэв. Гэр бүл болгон тодорхой хэмжээний хуримтлалтай, болж өгвөл өр зээлгүй байх нь зүйтэй юм гэдгийг ч ойлголоо.
Гудамжинд согтуу хүн явах нь цөөрөв. Орой үдэш онгорхой болгоноор ажил бүтээх нэрийдлээр орж ууж, идэж, дуулж, наргиж явдаг байсан хүмүүс гэртээ саатаж, ядаж л сургуулийн насны хүүхдүүд нь ямар сурах бичиг уншиж, юу заалгадгийг, хичээлээ ойлгодог, эсэхийг анзаарч, гэр бүлдээ “амьд” харилцаа үүсгэн, халуун дулаан уур амьсгалыг хэн хүнгүй мэдрэв.
Их хотын стрессийн эх үүсвэрүүдийн нэг нь замын түгжрэл, түүний ундарга нь бүх шатны сургуульд суралцагсдын хөдөлгөөн гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрөв. Их, дээд сургуулиудын хотхоныг нийслэлийн гадна байлгах нь аль аль талдаа ашигтай юм байна гэдэгт одоо л санал нэгдэх болов уу.
Сошиал ертөнц дэх цуу цаг хугацаа үрэхээс хэтрэхгүй хог тул албан ёсны эх сурвалжуудаас мэдээлэл олж авч чаддаг байх ёстой гэдгийг ойлгоцгоолоо.
Манай иргэдийн зарим нь өнгөн дээрээ хөнгөн хийсвэр дуугарч, эв хавгүй үгс ар араас нь урсгах ч ачир дээрээ санаа нэгтэй, бие биеэ гэх халуун сэтгэлтэй, үндэстнээ гэсэн “нарийн” ухаантай нь анзаарагдав. Уханийн оюутнууд, Эрээнд цуглагсдыг, БНСУ-аас эх орноо зоригсдыг, Европ, Японоос наашаа ирэгсдийг авчрах гэхэд ганц нэг хүн “Дурандаа явсан нөхдийг зардал чирэгдэл болгон авчрах хэрэг байна уу. Урд хөршид байдал ноцтой байхад мэдсээр байж явсан биз дээ. Тэгээд ч үр хүүхэд, эцэг, эхдээ өвчин авчирч наах гээгүй юм бол тэндээ баймаар юм” гэх зэргээр эсэргүүцэн дуугарсныг эс тооцвол бүгд л “Ирэлгүй яах юм бэ, авчрах нь зөв” хэмээж байлаа.
Гагцхүү эх орондоо хөл тавьж, тусгаарлах байранд хуваарилагдсан хүмүүс тав тух шаардаж, онцгой байдлын үед боломжоороо зохицуулалт хийж буй хүмүүсийн ажлыг хүндрүүлэх нь амаргүй. Ердөө хоёр хоногийн өмнө БНСУ-аас ирсэн хүмүүсийн ар гэрийнхэнд ирэх хүмүүстээ орны даавуу бэлтгээрэй гэхэд үндсэндээ нэг ч хүн авчраагүй нь, мөн Сөүлээс суусан нөхөд “Онгоцонд ус ч өгсөнгүй” гэж гомдоллох нь юм үзээгүйнх гэлтэй. Тэд энд тэндхийн шинэ жилийн баярт оролцохоор мөнгө төлж, ширээ захиалаа юу. Хүнд цаг үед төр, засгаас иргэдээ авчрах ажил зохион байгуулж буйд талархал илэрхийлэхийн оронд иймхэн юман дээр гоншигнох нь ядруухан. Энэ бүхнийг эс тооцвоос монголчууд бид аливаад уужуу тайван хандан, шинэ вирусийн тогтоож буй шинэ дэглэм, журамд хүссэн ч, эс хүссэн ч захирагдан амны хаалтаа зүүж, гараа сайтар угаасаар сайн цагтай золгох буй за.
Р.Оюунжаргал
Эх сурвалж: Өнөөдөр сонин