-“Мөхөлд найр тавьж өгье”-
Олон улсад Монгол Улсыг хар тамхины аюул багатай улс гэж 1990-ээд оны үед гэж дүгнэж байв. Гэтэл 2000 оны сүүлчээс “тээвэрлэгч орон” гэх ангилалд, 2010 оноос “дамжин өнгөрүүлэгч, хэрэглэгч” орны жагсаалтад оруулсан гэдгийг хуулийн байгууллагын 2018 оны мэдээлэлд дурдсан байв.
Эл мэдээлэлтэй зэрэгцэн гадаад иргэд гэртээ хар тамхины төрлийн ургамал тариалж байсан асуудал гарч, монгол эхнэртэй турк иргэний тухай амтай болгон шуугьж байлаа.
Тэгвэл 1990 оноос 30 орчим жилийн дараах мэдээллээр “Хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 хувь нь 18-35 насны залуус байгааг Төрийн ордондоо хэлэлцээд “жинхэнэ гамшиг болох нь” гэх өнгө аястай зүйл гэж ярьж байсан нь ердөө 4-хөн сарын өмнө.
Монголд хар тамхичид олширч байгааг урлагийнхантай холбон ярьж байгаа бол олон улсын төвшинд арай өөрөөр ярьж байгаа аж. Тухайлбал, Монгол Улсаас Турк улсын Стамбул хотод суух ерөнхий Консулын газрын дэд консул Б.Баттүшиг дипломат, мөн жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас Герман улсын хилээр дипломат дугаартай автомашинтай нэвтэрч байхдаа 70 кг мансууруулах бодис тээвэрлэж яваад саатуулагдсан. Дипломат дугаартай машин нь Б.Баттүшигийн хувийн машин байсан гэх бөгөөд хувийн машинд дипломат дугаар олгосон, Турк улсад үүрэг гүйцэтгэж байсан тэд хар тамхийг хаанаас авсан, Б.Баттүшиг нь тагнуулын байгууллагад ажиллаж байгаад гадаад харилцааны шугамаар гадагшаа албанд томилогдсон, томилогдож очоод гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал татахаас ч яах билээ.
Үүнийг “Монголын улстөрчид утаат тамхитай холбоотой байсан бол одоо хар тамхитай бат бөх холбоотой болж, сонгуульд зарцуулах мөнгө босгох гол арга нь гэж харах болж. Энэ тухай тэд өөр хоорондоо ч ярьдаг, мэддэг, хэлэлцдэг” гэх өнгө аястай нийтлэлүүд гадаадын хэвлэлд хэд хэдэн удаа бичигдсэн байснаас харж болох юм.
Нөгөөтэйгүүр Монголын дипломат албаныхан гэмт хэрэгт холбогдож байгаа нь Монгол Улсын нэр хүндийг сэвтүүлж Монгол Улсыг үл тоох байдалд ч хүргэж буй.
Энэ жишээг саяхан болсон нэгэн асуудал нотлох шиг. Тодруулбал, Бүгд Найрамдах Турк улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.А.Язалын гэргийн гаргасан үйлдлээс их бага хэмжээгээр цухалзаж байгаа юм.
Тэрбээр Монголчуудын “Сайд нарын” гэж нэрлэсээр ирсэн Улсын II эмнэлэгт, бүр Ерөнхийлөгчийн маань тусгаарлагдаж байсан өрөөг голж асуудал үүсгэж байв. Дэлхийг сөхрүүлэх дөхөж байгаа коронавирусээр халдварласан хэрнээ тийн аяглаж байв.
Харин монголчууд үүнд ууч сэтгэлээр хандаж “ Эхнэр хүний, эмэгтэй хүний гаргадаг ааш араншин” гэх маягаар цагаатгасан бол дэлхий арай л өөрөөр харж “Монголын улстөрчид хар тамхитай орооцолдож Турк улсын нэр хүндийг сэвтээсэн тул тэд ч бас хариуг нь барьж байна” гэх өнгө аястай зүйл бичиж байгаа талаар олон улсын сэтгүүлч, судлаачид онцолж байсан юм.
Мөн Монголын цагдаа, хууль, шүүх, прокурор, АТГ нь аль нэгэн улстөрийн хүчин, улстөрчдөөс хараат байгаа нь үүний нотолгоо бөгөөд хар тамхины хэрэгт холбогдож шүүхээр шийтгэгдэж байгаа гэмт хэрэгтнүүдийн ял нь хөнгөдөж, дахин давтан үйлдэж байгаа, улстөрчдийн, төрийн томчуудын хүүхдүүд хар тамхи гээч цагаан тахалтай орооцолдсон хэргүүдээс үүнийг харж болно. Улстөрчид өөрсдөө хар тамхи хэрэглэдэггүй юмаа гэхэд хэрэглэгчдийг өөгшүүлж толгойг нь илж байгаа нь “Мөхөлд найр тавьж өгье” гэж байгаатай агаар нэгүйлдэл юм.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn