КАЗАХСТАН: Бензин, түлш, хий, хүнсний үнийг Засгийн газраас зохицуулахаар болов



Казахстанд улс  даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, шинэ оныг маш хүндхэн эхлүүллээ. Шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлт тус улсын ард түмнийг ийнхүү эсэргүүцэн жагсахад хүргэв. Зөвхөн Казахстан гэлтгүй 2022 оны эхний өдрүүдэд Төв Азийн томоохон олон хотод жагсаал цуглаан болж байна.

Шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин өссөн


Казахстанд олон жилийн турш мөрдөгдөж байсан шатахуун болон хийн үнийг Засгийн газраас хүчээр барих бодлогыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Сүүлийн хэдэн жилийн турш тус улсад байгалийн хийн хэрэглээ тогтвортой өсөж байгаа тул  үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн өртгөөсөө хямд үнээр борлуулах боломжгүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор шингэрүүлсэн хийн үнэ хэдхэн хоногийн дотор хоёр дахин өсөж, бөөний үнэ 78 тенге (513 төгрөг), жижиглэнгийн үнэ 100-120 тенгед (655-789 төгрөг) хүрэв. Үүнээс  үүдэж Казахстаны  ард түмэн жагсаж эхэлсэн бөгөөд эсэргүүцлийн жагсаал тус улсын баруун өмнөд хэсэгт орших газрын тос, байгалийн хийн олборлолттой Жанаозен хотоос анх эхэлсэн байна.

Эсэргүүцэл газар авч, хүрээгээ тэлэв


Сүүлийн хоёр өдрийн турш эмх замбараагүй байдал Казахстаны олон бүс нутгийг хамарч, зарим томоохон хотууд, тэр дундаа хамгийн олон хүн амтай Алматы, нийслэл Нур-Султан (хуучин Астана гэгддэг) хотыг хамарчээ. Жагсагчдын зүгээс шатахууны болон хүнсний үнийг бууруулахгүй бол  Засгийн газрыг огцрохыг шаардсан. Харин Казахстаны Засгийн газар эмх замбараагүй байдлыг дарахын тулд жагсагчдын нийгэм, эдийн засгийн зарим шаардлагыг биелүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо илэрхийлээд байна. 


Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев "БНКазУ-ын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулах шийдвэрийг хүлээн авахаар шийдлээ. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын түр үүргийг Смаилов Алихан Асхановичад даалгасугай. Уг баримт бичгийн дагуу Засгийн газрын гишүүд шинэ сайд нарын танхим бүрэлдэх хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ” гэжээ. Одоогоор  Смаилов Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн албыг хашиж буй.


Түүнчлэн байдал төдийлөн намжихгүй байгаа тул Казахстаны Засгийн газраас шингэрүүлсэн хий, бензин, дизель түлшний үнийг зохицуулахаар болоод  байна. Энэ зохицуулалт 180 хоног үргэлжлэх аж. Эх сурвалжийн мэдээлснээр, мөн хугацаанд орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхгүй байхаар болсон талаар  Казахстаны Ерөнхийлөгч  Касым-Жомарт Токаев мэдэгджээ. Түүгээр ч зогсохгүй хүнсний нэн хэрэгцээт бүтээгдэхүүний өртгийг төрөөс зохицуулахаар болсон байна.


Казахстанд үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс авч хэрэгжүүлэхээр болсон арга хэмжээнүүд
 


  • Газрын тосны бүтээгдэхүүнүүдийн үнийг 180 хоногийн хугацаанд төрөөс зохицуулах
  • Хүнсний бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулах бөгөөд хугацааг бүс нутгийн удирдлагууд тогтоох
  • Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхийг 180 хоногийн хугацаанд зогсоох
  • Эрүүл мэнд, хүүхдийн асуудал шийдвэрлэх "Казахстаны ард түмэнд зориулсан сан" байгуулах

200 гаруй хүнийг саатуулав


Казахстанд олон нийтийн дэг журмыг зөрчсөн хэргээр 200 гаруй хүн саатуулсан талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.  Тодруулбал, Алматы, Шымкент, Тараз хотод эсэргүүцэгчид орон нутгийн захиргааны барилгууд руу халдахаар завдсан байна. Үүний улмаас төрийн байгууллагуудын 95 ажилтан гэмтэж, цагдаагийн 37 машин эвдэрчээ.

Түүнчлэн Мангистауск мужийн Жанаозен хотод хий боловсруулах үйлдвэрийн захирлыг баривчилсан байна. Түүнийг шалтгаангүйгээр шингэрүүлсэн хийн үнийг нэмсэн хэмээн буруутгаж байгаа аж. Регнум агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 5-ны өглөө Алматы хотын төв  талбайг цэргийнхэн бүсэлсэн байна. Талбайг хуягт машинуудаар бүслэн, цэргийн алба хаагчид хамгаалалтад зогсжээ. Хотод нэгдүгээр сарын 4-ний үдшээс хойш гар утас, мессенжер ажиллахгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан