АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн “36-р гудамж” метроны буудалд өглөөний оргил ачааллын үеэр буюу 08:30 цагийн орчимд гал нээсэн хэрэг мягмар гарагт гарсан байна. Хууль сахиулах байгууллагууд 62 настай өнгөт арьст эрэгтэйг уг хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байна гэж хотын цагдаагийн газрын төлөөлөгч Жеймс Эссиг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Цагдаа нар гэмт этгээдийн ашиглаж байсан байж магадгүй ачааны фургон машиныг илрүүлсэн болохыг тэрбээр нотолсон байна. Эссигийн хэлснээр, уг автомашиныг Пенсильвани муж улсын Филадельфи хотод түрээсэлж байжээ. “Бидний мэдээллээр машиныг 62 настай Фрэнк Жеймс түрээсэлсэн байсан” гэж цагдаагийн төлөөлөгч хэлсэн байна.
“Бид түүнийг метронд болсон халдлагатай холбоотой эсэхийг тогтоохын тулд хаана байгааг нь олж тогтоохоор ажиллаж байна” гэж Эссиг хэлжээ. Түүний хэлснээр, цагдаа нар одоогоор уг хэрэгт холбогдуулан баривчилгаа хийгээгүй байгаа бол эрэн сурвалжлах ажиллагаанд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд оролцож байгаа аж. Хотын цагдаагийн газрын дарга Кишант Сюэл мэдээлэхдээ, гал нээсэн сэжигтэн нь неон улбар шар хантааз, саарал өнгийн цамц өмссөн хар арьстан байсан гэжээ.
Хэргийн газраас хэмжээг нь нэмэгдүүлсэн гурван хамбууртай "Глок-17" гар буу олдсон гэж хууль сахиулах байгууллагын ажилтнууд мэдээлсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр, сэжигтэн 33 удаа буудаж, 23 хүн шархадсан байна. "Аз болоход хохирогчдын хэн нь ч амь насанд аюултай шарх аваагүй" гэж цагдаагийн газрын дарга хэлсэн байна. Гэмт этгээдийг баривчлахад тус болох мэдээлэлд 50 мянган ам.долларын шан амлажээ.