Ганцхан жиргээгээрээ дэлхийн зах зээлийг хөдөлгөж чаддаг Ху Си Жинь бол Хятадад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах цор ганц иргэн. Төрийн мэдлийн “шар хэвлэл” болох “Global Times” сонины эрхлэгч Ху Си Жиний үндсэрхэг үзэл нэвт ханхлуулсан хурц шулуун нийтлэлүүд, илт доромж үгтэй жиргээг Хятадын эрх баригчдын барууныханд өгч буй хариу гэж үздэг.
Гадаадын сэтгүүлчид ч аливаа асуудлаар Хятадын албан ёсны байр суурь, тайлбар авч чадаагүй бол түүний жиргээнээс эш татах нь олонтаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Нью Йорк Таймс” сонин гэхэд л түүний нэрийг 46 удаа дурджээ. Барууныхан “Бээжингийн суртал ухуулагч”, “Хятад троллуудын хаан” хэмээн хочилдог Ху Си Жинь 2022 он гарсаар сонины эрхлэгчийн ажлаа хүлээлгэн өгч, нийгмийн сүлжээнээс ч аниргүй завсарлага авсан нь Хятадын зүгээс гадаад ертөнцөд түгээх мэдээллийн чиг баримжаагаа өөрчилсөн гэх таамаг дагуулж буй.
Трамп маягийн жиргээч
Ху Си Жиний хэрэгцээ дууссан гэж үзэх хэд хэдэн шалтгаан байгаа юм. “The Guardian” сонины тоймч, шинжээчдийн дүгнэлтээр түүний сүүлийн нийтлэлүүд улсынхаа дипломат бодлоготой зөрчилдөж, улам бүр уур уцаартай үгс урсгах болжээ. Тайванийн асуудлаар АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн сөргөлдөөнийг өдөөсөн Ху Си Жин Энэтхэг улсыг дээрэмчинтэй зүйрлэж, Австралийг “Хятадын гутлын уланд наалдсан бохь” хэмээн тохуурхаж байв. Сэтгүүлчийн гашуун үг үүгээр дууссангүй. Их Британи хэрвээ Хятадын тэнгис дэх эзэмшилд халдвал “Зодуулахыг гуйж буй гичий” мэт харьцах болно гэж анхааруулсан юм.
Гэтэл твиттерийн зэрэгцээ улсынхаа дотоодод Weibo болон WeChat дээр олон сая дагагчтай Ху Си Жинийг коммунист намын төлөвлөгөөг дэлхий нийтэд хүргэдэг гол суваг хэмээн Bloomberg үнэлж байсан цаг саяхан. Үнэндээ ч 2019 онд Хятад-Америкийн худалдааны дайны үеэр бизнес эрхлэгчид түүний таамаг жиргээ, сонины нийтлэлүүдээс Бээжингийн дараагийн алхамыг тооцоолж дөнгөдөг байлаа.
Тухайлбал, Америкийн Fedex компани Huawei-н хүргэлтийг гүйцэтгэхээ зогсоох, АНУ-ын их сургуулиудад сурдаг хятад оюутнуудад Засгийн газраас анхааруулга өгөх зэргийг тэр яг “таамаглаж” жиргэсэн байдаг. “Хятад улс онгоцны захиалгаа бууруулна” гэж жиргэснийх нь дараа Boeing корпорацын хувьцаа дөрвөн сарын турш уналт үзүүлсэн.
“Bear Traps Report” хөрөнгө оруулалтын мэдээллийн шинжээч Ларри Макдоналд тухайн үед түүний твиттер хуудсыг “Трампын коммунист хувилбар” гэж нэрлээд худалдааны дайнд давуу тал олох гэсэн Хятадын тактик гэж тодорхойлж байсан юм.
Берклигийн Их сургуулийн профессор Сяо Цян
Ху Си Жинь нийтлэлээрээ “Нэгдүгээрт Хятад” гэсэн үзэл баримтлалыг сурталчилж, сэтгүүл зүйд дарангуйлагч, үндсэрхэг үг хэллэгийн хэв маягийг бий болгосон. Уншигчид нь ч түүний үйлдлийг давтаж, ижил мэдрэмж түгээдэгээрээ Хятадад троллын бүтэн арми бий болгосон хүн.
Бээжингийн захын дүүргийн христэд итгэгч ядуу гэр бүлд төрж өссөн Ху 18 настайдаа Ардын чөлөөлөх армид элсэж, дараа нь Нанжин дахь цэргийн коллежид орос, англи хэл судалж эхэлжээ. 1989 онд оюутны жагсаал хөдөлгөөн өрнөх үед 29 настай байсан Ху бусад шиг уриа лоозон барьж өдөр бүр Тяньаньмэний талбайд очдог байсан хэмээн ярьдаг ч түүний ярианд эргэлзэх хүн олон. Учир нь оюутны жагсаалыг хүчирхийлэн дарсны дараахан залуу сэтгүүлч Хятадын Коммунист намын төв хэвлэл “People”s Daily” сонинд ажилд оржээ. Гэтэл түүний сурч байсан коллежийг “Хятадын тагнуулчдын өлгий” гэж нэрлэх нь бий.
Төрийн төв хэвлэлд судлаач, редактороор ажиллаж байгаад Боснийн дайныг сурвалжлахаар Европт томилогдсон нь Хугийн замналыг эрс өөрчилсөн юм. Гаднын сэтгүүлчидтэй өөрийгөө жишин чамлаж басхүү тэднийг үзэн ядах болсноо ч тэр нуудаггүй. 1996 онд Бээжинд буцаж ирээд удалгүй долоо хоног тутмын “Global News Digest” сэтгүүлийн орлогч редактор болжээ. Хойтон жил нь нэрээ “Global Times” болгон өөрчилсөн уг сонины нийтлэлийн бодлого голдуу өрнөдийнхний бичдэг Хятадын тухай өгүүлэл, бичлэгүүдийг сөрөх, эрс няцаах чиглэлтэй. 2005 оноос хойш тус сониныг удирдаж буй Ху 2014 онд Хятадад АНУ-ын сайтыг хориглосны дараахнаас жиргээнд нэгджээ.
Ши даргын улаан шугам
XXI зууны Хятадын үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний түүхийг йлгохгүйгээр Ху Си Жинийг амжилтыг ойлгоход хэцүү. 2000-аад оны үед Хятадын хэдэн зуун сая иргэн цахим орчинд нэвтэрч, тэдний дуу хоолой илүү хүчтэй сонсогдох болсон. 2008 оноос эхлэн “People's Daily” сонин цахим орчинд олон нийтийн санаа бодлыг хянах тусгай баг байгуулжээ. Эхний хэдэн жилийн тайланд шинэ платформуудыг эерэг талаас нь харуулж иргэдийн улс төрийн оролцооны сайн жишгээр нэрлэлээ. Энэ үед Хятадын сэтгүүлчдэд улс төрийн эмзэг сэдвүүдийг хөндсөн сурвалжилга хийх эрх чөлөө бага зэрэг олгогдсон ч 1989 оны Тяньаньмэний бослого, дээд удирдагчдын амьдрал, зан үйл зэрэг зарим сэдвүүд хориотой хэвээр байв.
2012 онд Ши Жиньпин төрийн эрхэнд гарч ирснээр олон нийтийн сүлжээнд улаан шугам татаж цензур тогтоож эхэлжээ. Цахим орчинд үг хэлснийхээ төлөө харьяа цагдаагийн хэлтэст очих “цайны урилга” хүлээн авсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж өнгөрсөн арван жилийн хугацаанд 2000 гаруй хүн ял сонссон тухай тайланд өгүүлжээ.
Жинхэнэ тоо нь үүнээс хамаагүй өндөр гэдэг нь гарцаагүй. БНХАУын дарга Ши Жиньпин 2017 онд коммунист намын төлөөлөгчдөд хандан “Хятадын түүхийг сайнаар ярьж, дорнын зөөлөн хүчийг бий болгох”-ыг уриалсанаар Бээжин мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээг суртал ухуулгын зэвсэг болгон ашиглахаа улам бүр эрчимжүүлж буй. Гадаад бодлогын хувьд америк цэргүүдийн эсрэг эрэлхэгээр тулалддаг тусгай хүчний тухай киноноос сэдэвлэсэн “Чонон дайчин” хэмээх бодлого хэрэгжүүлж Хятадын дипломатчид өөрсдийнх нь эсрэг байр суурьтай бүхнийг сөрөн, ямар ч аргаар хамаагүй улсынхаа нэр хүндийг өмгөөлдөг болсон билээ. Үүний зэрэгцээ анх 50 мо-гийн хөлстэй эхэлсэн сайн дурын троллын арми өргөжиж өөрсдийгөө “Бяцхан ягаанууд” хэмээн нэрийдэх болжээ. Тэдний зорилго дотоод санал зөрөлдөөнийг таслан зогсоох, дэлхийн бусад улс орнуудад Хятадын тухай “барууны давамгайлсан яриа”-г эсэргүүцэх гэсэн хоёр талтай. Ху Си Жинь энэхүү шинэ орчин нөхцөлд маш хурдан дасан зохицож, цойлж гарсан нэгэн юм.
Таваг баригч”-ийн хөлс
Хятадын төрийн ордноос дамжуулж буй аливаа мэдээллийг тун ч амархан “ухаж ойлгон” дүгнэлт хийдэг Ху Си Жинийг дотоодын шүүмжлэгчид “Диаопан буюу шиддэг таваг баригч” гэж хочилдог. Ху твиттерт гадаадын албаны хүмүүстэй хэрэлдсэн жиргээгээ зургаар баримтжуулан Weibo хаяг дээрээ нийтлэх дуртай. Хятадын нэр төрийг хамгаалж буй сэтгүүлчийнхээ үйлдлийг тэнд 25 сая дагагч нь бахдан сайшаана.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд асан Ли Жао Син
СЭТГҮҮЛ ЗҮЙ ХИЛ ХЯЗГААРГҮЙ БАЙЖ БОЛОХ Ч СЭТГҮҮЛЧДЭД ЭХ ОРОН БИЙ.
Хонконгийн ардчилсан үзэлтнүүдийн “Apple Daily” сонин 2020 онд хаагдахаасаа өмнө коммунист намын албан бус “дуу хоолой”-г тэнгэрт хүрсэн орлоготой болохыг мэдээлсэн юм. “Global Times” сонин түүнд 600 000 юанийн цалин пүнлүү олгодог бол TikTok зэрэг платформоос жилдээ 12 саяыг төвөггүй олно.
Улс орныхоо эрх ашгийн төлөө нийгмийн сүлжээг донсголдог сэтгүүлч харин гэр бүлээ Канадад цагаачлуулсныг “Nikkei Asia” сонин олонд илчилсэн. Хатуу чанд хяналттай нийгэмд үзэл суртлын фронтын тэргүүн эгнээнд тулалдаж буй цэргийнхээ хөрөнгө чинээ, орон гэрийг анзаарахгүй байна гэж үгүй. Ху нэгэнтээ “Эрх баригчид намайг чанд хяналтад байлгаж, амархан буулгаж чадна” гэж хэлсэн удаатай. Үнэхээр ч тэрээр нам жим болсноос нь үзэхүл, Бээжин дуу нь улам бүр бүдгэрч буй “их буу”-гаа цаашид ашиглахгүй гэж шийдсэн бололтой.
http://eagle.mn/r/102571