Одоогийн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 2016 оны намар Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах хүмүүсийн нэгээр нэрлэгдсэн ч ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн мултарч байв.
Тухайн үед МАН үнэмлэхүй ялалт байгуулж байсан үе. Олон барилгын компанитай Д.Өнөрболорын хувьд сонгуулийн үеэр МАН-ын томоохон хөрөнгө оруулагчдын нэг байсан гэдэг. Иймээс МАН-ын ялалтын дараа сайдын суудалд суухаар зэхсэн ч бүтэлгүйтсэн. Тэгвэл яг үүнтэй ижил Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газарт эрх ашгийн зөрчилтэй нэг сайд байгаа нь Х.Болорчулуун. Түүний хувьд МАН-аас явж 2012 оны сонгуулиар УИХ-д бие даагч гишүүнээр орж ирэхдээ МАН-ынхны ашиг сонирхлын тухай оройлон шүүмжилж, шүүж байсан нэгэн.
Гэтэл өнөөдөр Х.Болорчулуун сайд өнөөдөр дээлтэн нэр зүүж ХХААХҮЯ-ыг толгойлж байна. Хачирхалтай байгаа биз. Хөдөө аж ахуйн бодлогыг зангидах ёстой хүн хаанаас нь ч харсан ашиг сонирхлын зөрчилтэй бүр тодруулбал "Дорнод" гурилын үйлдвэртэй Х.Болорчулуун сайд салбар толгойлж байна. Үүнийг амтай болгон нь ярьж, шүүмжилсээр өнөөдрийг хүрлээ. Сайд болсныхоо дараа гурилын үнэ огцом нэмэгдэхэд баяр жаргалтайгаар "Өөр боломжгүй ТАВАН жил үнэ нэмэгдээгүй юм. Нэмэгдэх нь зүйн хэрэг" гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Гэтэл түүний энэ үг үйлдэлд Ерөнхий сайд хариуцлага тооцох тухай ам ч нээсэнгүй. Гурилын үйлдвэртэй сайд гурилын үнэ нэмэгдэхэд баяр хөөр болж, нөгөө талд үнийг хөөрөгдлийн үйл лайг МОНГОЛЧУУД нийтээрээ үүрч байна. Гэтэл төр таг чиг. Бүр ашиг сонирхлыг зөрчилтэй сайдаа толгой дээрээ залчихаад дүлий дүмбэ оргиод сууж байх.
Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж бий. Энэ хуулийн дагуу "Дорнод" гурил тэжээлийн үйлдвэрийн үүсгэн байгуулагч, эзэмшигч Х.Болорчулуун сайд байх ёсгүй. Тэр тусмаа ХХААХҮ-ийн сайд байх ёсгүй. Хэн ч харсан ашиг сонирхол. Үүнийг үл тоож Х.Болорчулууныг сайдаар томилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хардаж байна.
МАН-ын уналтын жилүүдэд бие даагч сэтэр зүүж, эргэн сэргэхтэй зэрэгцэн гишүүнчлэлээ сэргээсэн Х.Болорчулууны МАН-д байгуулсан гавъяа нь яг юу вэ? Яг ямар учраас ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг ХХААХҮ-ийн сайдаар томилсон бэ, Ерөнхий сайд аа.
П.ГОО
http://www.shuud.mn/a/546898