БНАСАУ Япон тэнгис рүү тив алгасагч баллистик пуужин харважээ

БНАСАУ Япон тэнгис рүү тив алгасагч баллистик пуужин харважээ

 

БНАСАУ өнөө өглөө тив алгасагч баллистик пуужин харвалаа гэж Японы Засгийн газар мэдээлэв. Энэ нь Япон, БНСУ-ын төрийн тэргүүн нар Пёньяны зүгээс учирч буй аюул заналтай холбогдуулан хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэхээр дээд хэмжээний уулзалт хийхээс хэдхэн цагийн өмнө болж байна. Тив алгасагч баллистик пуужинг Япон тэнгист 8:20 цагийн орчимд эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан хэмээн үзэж байна гэж Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Одоогоор нисэх онгоц, усанд онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл алга байна.

 

БНАСАУ-ын баруун эргээс 7:10 минутын орчимд харвасан пуужин 70 минут нисэж, 1000 орчим км зайг туулсан бөгөөд нислэгийн дээд өндөр нь 6000 км байсан гэж яамны мэдэгдэлд дурджээ. Улмаар Японы хойд нутгийн Хоккайдо арлын баруун эргийн ойролцоох жижиг арал Ошима-Ошимагаас 200 км орчим зайд унасан байна. Токиогийн засаг захиргаа уг явдалтай холбогдуулан Пёньянд эсэргүүцлээ илэрхийлж, пуужингийн туршилтыг эрс зэмлэн буруушаагаад байна. Ерөнхий сайд Кишида Фүмио сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, Япон улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөө холбоотнуудтайгаа улам илүү нягт хамтран ажиллах болно гэдгийг цохон тэмдэглэжээ.

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Токиог зорихынхоо өмнө Үндэсний аюулгүйн зөвлөлийг хуралдуулаад, БНАСАУ бодлогогүй өдөөн хатгасан үйлдлийнхээ хариуг хүртэх болно хэмээн хэлсэн байна. Мөн БНСУ, Япон, АНУ-ын гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалжээ. Японы Засгийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр, пуужинг хүчин чадлыг нь шалгахын тулд эгц дээш нь харвасан бололтой байна. БНСУ-ын цэргийнхэн мөн БНАСАУ Пёньяны Сунан бүсээсээ алсын зайн тусгалт баллистик пуужин харвасан гэдгийг баталжээ. Уг туршилт нь К.Фүмио, Юн Сог Ёль нарыг Токиод уулзахаас хэдхэн цагийн өмнө болсон байна. Өнгөрсөн жил төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсон Юн Сог Ёлийн Засгийн газар Японтой дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргааныг шийдвэрлэх чиглэлд анхаарч эхэлснээс хойш хоёр талын харилцаа сайжирч буй шинж илэрсээр байгаа билээ.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан