ТЭГШ ЭРХ: Жирийн иргэн 2 ширхэг ургамлын тос хулгайлахад 2.6 жилийн ялтай, улстөрчид тэрбумаар нь хулгайлчихаад эрх чөлөөтэй...


Арван жилийн өмнө Сэлэнгэ аймагт 16 настай хүү машины цонх хагалсан хэргээр Монголын шүүхээс 10 жилийн хорих ял сонсож байсан. Хүүг тэнсэнтэй байхдаа машины шил хагалж бусдад 60 мянган төгрөгийн хохирол учруулсных төлөө ингэж шийтгэж байв. Тэр үеийн хүнлэг бус Эрүүгийн хуулийг өөлчилсөн гэж өнөөгийн эрх баригчид хэлдэг.
Бас нэгэн жишээ хэлэхэд, хоёр жилийн өмнө нэгэн иргэн дэлгүүрээс хоёр ширхэг ургамлын тос, бэлэн 180 гаруй мянган төгрөг хулгайлсан хэргээр шүүхээс 2.6 жилийн ял авч байжээ. Саяхан Ховд аймагт цагдаагийн албан хаагч автомашиндаа иргэнээр 30 мянган төгрөгөөр бензин хийлгүүлсэн бөгөөд тухайн иргэн авлига авсан үндэслэлээр цагдаагийн албан хаагчийн эсрэг гомдол мэдүүлжээ. Шүүх уг хэргийг хянан хэлэлцээд тухайн цагдаад 10 сая төгрөгийн торгууль ногдуулж, төрийн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч шийдвэрлэв.
Дээрх кейсүүд цагаан дээр хараар бичсэн хуулийн заалт жирийн иргэнд хэрхэн үйлчилдгийн тод жишээ юм. Хууль нь ийм болохоор ингэж шийтгэж, ял оноосон гэж шүүх тайлбарлана. Саяхан нэг иргэн "Хэдэн тэрбумаар нь төрөөс хулгай хийсэн хүмүүсийн хажууд би жижиг хулгайч. Эхлээд том хулгайч нартайгаа тэмц" гэж шүүхийн танхимд орилжээ. Гэтэл хуульд хулгайг жижиг, томоор ялгаагүй, жижиг хулгай хийсэн юм чинь чи ялаас мултарна гэсэн ойлголт байхгүй. Хулгай бол Эрүүгийн хуулийн 17.1-д хамаарах гэмт хэрэг. Зүйлчлэлээсээ хамааран зургаан сараас 12 жилийн хорих ялтай.
Зүй нь хууль хүн бүрд ижил тэгш үйлчлэх ёстой. Жирийн иргэн байна уу, эрх ямбатан байна уу хамаагүй, хулгай хийсэн бол хохирлоо барагдуулж, шийтгэлээ авах учиртай. Гэвч Монголын хууль зөвхөн жирийн иргэдэд үйлчилдэг, улстөрчид, эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй байна гэж иргэд байнга эгдүүцдэг, одоо барьцдаг болох нь. Хууль тогтоох байгууллагынх бараг гурван гишүүн тутмын нэг нь хулгай луйвар, авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдоод байна. Гэтэл Монголын хууль тэдгээр гишүүдэд үйлчлэхгүй, наанадаж ёс суртахууны шийтгэл ч хүлээхгүй байгаад иргэд барьцах нь, нийгмээрээ шударга ёс, тэгш эрхийг хүсэмжлэх нь зүй ёсны шаардлага.
Монголд хулгайгүй, авлигагүй салбар гэж алга. Монголын улс төрийн толгой лидерүүд, топ бизнесмэнүүд, салбарын сайд нь, яамны газар хэлтсийн дарга гээд шат шатандаа хулгайлна. 2012 оноос босгосон их хаадын нэртэй бондоосоо эхлээд, ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний экспортын тээврээс хүртэл эрх мэдэлтнүүд, улстөрчид хумсалж, ард түмний боломжийг хулгайлсан нь баримттай илэрчихээд байхад хууль хяналтын байгууллага нь шалгахгүй, шүүх нь гэм бурууг нь хэлэлцэхгүй, хохирлыг барагдуулахгүй, зохих шийтгэлийг оноохгүй байгаад ард түмэн, олон нийт ундууцаж байна. Өөрсдийнх нь итгэж сонгосон хүмүүс өөрсдийнх нь боломжийг хулгайлсанд бүр илүү зэвүүцнэ.
Бидний ярьдгаар "том хулгайчид" эрх мэдэл албан тушаалаараа хуулийн хамгаалалтад орж, шүүхийн хаалганы наана үлддэг жишиг тогтлоо. Хүн итгэмээргүй хулгайд сэрдэгдсэндээ, ийм бусармаг гэмт хэрэгт нэр холбогдсоноо ичээд, мөн сонгогчидтойгоо эргэн уулзах нэр нүүрээ бодоод бүрэн эрхээсээ түдгэлзэх гишүүн өнөөгийн 76 дотор алга. Жирийн иргэн хоёр ширхэг ургамлын тос хулгайлаад 2.6 жилийн ял авсан байхад ЖДҮ, Хөгжлийн банкнаас 20, 30 тэрбумаар нь хулгайлаад нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй улстөрчид, бизнезмэнүүд эрх чөлөөтэй, хуулийн хамгаалалтад явааг нийгэм ойлгохгүй байна, жигшиж байна. Хэдий Монголын нийгэм олон асуудалтай, нийтийн аж амьдрал тааруу байгаа ч ард түмний ёс суртахуун, шударга ёсны үнэлэмж унаагүй. Гэтэл хууль тогтоодог, баталдаг УИХ, түүний хэрэгжилтийг хангадаг гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн байгууллага нь өөрөө хуулиа мөрддөггүй, хууль хэрэггүй гэх үнэлэмжийг нийгэмд өгдөг боллоо. Монголын нийгэмд баян ядуугийн зааг улам тэлж байгаа шигээ жирийн иргэнийг шийтгэдэг хууль эрх мэдэлтнүүд улстөрчдөд нөлөөлөхгүй, харин ч тэд хулгайгаагаа хуулиар хамгаалдаг муу жишиг тогтож байгаа нь харамсалтай.

https://itoim.mn/a/2023/03/21/article/mjeскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан