Зовлогоо зовоож бүтээсэн гуравдагч хөрш (6)

Зовлогоо зовоож бүтээсэн гуравдагч хөрш (6)
Бид гартаа зэвсэгтэйгээр асуудал шийддэг хойд хөрштэй, мөнгөөр асуудал шийддэг өмнөд хөрштэй, хүний эрх, ардчилалыг дээдэлдэг 3-дагч хөрштэй. Сонгосон зам маань 3-дагчтай ижил. 2 хөршөөрөө халхлагдан далайд гарцгүй болсон ч 3-дагч хөршүүдээрээ дамжуулан оюуны гарцтай болсон”
 
                                            –УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийн жиргээнээс
 
Ач холбогдлоо алдахгүй сэдэв. Бид гуравдагч хөршийн бодлогоо тууштай явуулж байна. Нийгэмдээ талцал үүсгэхгүй, хоёр хөршдөө хар суулгахгүй, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг, даян дэлхийн бүх улс үндэстэнтэй найрсгаар харилцдаг гэдгээ нотлон “Гуравдагч хөршийн тухай хууль” УИХ-даа өргөн барьсан ч болохгүй гэх газаргүй. Энэ бол нэг хувилбар байж болно. Эрх баригчид судлан үзнэ үү. Гарчигт өгүүллээ. Зовж бүтээсэн гадаад бодлого, гадаад харилцаагаа эрхэмлэн хайрлахыг уриалахын хамт дахин түүх сөхөж номын садан доктор профессор Дэнзэнлхамын Уламбаярын туурвисан үргэлжлүүлэн эшлэе. Энэ бол Ардын хувьсгалын эхэн, дунд  үеийн бахархам түүх!
 
сонин mn
 
Монгол Улсыг ad hoc хүлээн зөвшөөрсний өөр жишээ нь 1921.04.01-нд Гадаад Монголыг тусгайлан хариуцсан АНУ-ын анхны суурин Консулын төлөөлөгчийн газар Чуулалт-Хаалган хотноо нээгдэж, шинээр томилогдсон консул Самуэл Сокобин бээр энэ албыг хашиж байсан хугацаандаа Өргөөд 4 ч удаа ирж байсан ба анхны аялалаараа л гэхэд нийслэл Хүрээнд нэг сар байж, Ардын Засгийн газрын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн тэргүүн сайд Д.Бодоо, бусад сайд нар,  Хэмжээт эрхт хаан VIII Богд Жавзундамба хутугт зэрэг өндөр албаны хүмүүстэй уулзаж худалдааны болон албан ёсны харилцаа тогтоох яриа хэлэлцээ явуулж байсныг АНУ-ын эх сурвалж нотолж байна.
1923 онд баталсан Эдийн засгийн үндсэн бодлого баримт бичиг онцгой байр эзэлнэ. Тэр үед нам, төрийн удирдлагад ажиллаж байсан зарим зүтгэлтэн аж ахуйг зах зээлийн харилцаан тулгуурлан, эдийн засгийн сонирхол дээр хөтлөн явуулах, үндэсний хөрөнгөлөг этгээд, гадаадын капитал, пүүсүүдийг аж ахуйг хөгжүүлэхэд идэвхтэй ашиглах, капиталист орнуудтай худалдааны хүрээнд хамтран ажиллах, хөрөнгөтөн орнуудад оюутан сургах, ер нь нийгмийн байгуулалын ялгааг үл харгалзан нийт хүн төрөлхтөний үнэт зүйлсээс суралцах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байжээ.
      XX зууны эхээр Германы Алс Дорнод дахь ашиг сонирхол өргөжиж, улмаар Монголд ч анхаарал тавьж эхэлжээ. Хоёр орны түрүү үеийн харилцааны түүхийн хамгийн оргил үе нь 1920-иод он байсан нь тодорхой байна. Тухайн үедээ Зөвлөлт, Хятадын 1924 оны хэлэлцээрийн заалтаас шалтгаалан Ваймерын Бүгд Найрамдах Улс нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг de facto хүлээн зөвшөөрөөгүй ч ad hoc хүлээн зөвшөөрч, худалдаа-эдийн засаг, соёл-боловсролын салбарт нэн сайн харилцаатай байсан гэж дүгнэж болохоор байна. Үүнд: «Wostwag» компани тодорхой байр суурийг ч эзэлж байна.  Зөвхөн 1934-1937 оны худалдааны тайлан үүнийг нотлон харуулж байна. 
     БХК(б)Н, Коминтерн болон зүүнтний ажил явуулгын үрээр Монгол Улсын Засгийн газар 1930 оны 12 дугаар сард гадаад худалдаанд улсын онц хэрэг тогтоосноор Монгол Улсын эдийн засаг дан гагц нэг орноос хамааралтай болохын эх үндэс тавигдаж Зөвлөлтийн тойрог замд орсноор дагуул улс болов. Гадаад худалдаанд улсын онц эрх тогтсоноор гадаадын компаниуд тус улсад үйл ажиллагаа явуулах ямар ч бололцоогүй болж, Монголын эдийн засгаас шахагдан гарчээ.    
     Гадаад худалдаанд улс монополь эрх тогтоосон нь  1929.06.25-нд Улаанбаатарт гарын үсэг зурсан    «Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Холбоот Улс ба БНМАУ хоёрын хоорондын үндсэн зүйлүүдийг батлан тогтоосон Гэрээ бичиг»  хэмээх маш нууц зэрэглэлтэй хэлэлцээртэй шууд холбоотой байв.
Монголын Засгийн газар ЗХУ-д үйлдвэрлэдэггүй машин,  тоног  төхөөрөмж  болон  аж  үйлдвэрийн  бараа, бусад өргөн хэрэглэээний бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлээс нийлүүлэх зорилгоор ганцхан  Германы худалдааны томоохон хувьцаат  нийгэмлэг   [Акционерное  Общество] «АО Востваг»-ийн (WOSTWAG-West-Osteuropaeische Warenaustausch Aktiengesellschaft-AG:«Өрнөд-Дорнодын худалдаа, бараа солилцооны хувьцаат нийгэмлэг» гэсэн герман үгийн товчилсон нэр Д.У)  Монголд явуулж байсан үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр зөвшөөрсөн байна.  АО «Востваг»-пүүсийн хувьцааны 25 «хувийг» ЗХУ эзэмшиж байсны гадна Монголд «уполномоченный фирм» гэсэн тодотголтой байжээ. 
 
Энэ үед ЗХУ эдийн засгийн шинэ бодлогыг зарлан Өрнөдийн орнууд юуны өмнө Германтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа амжилттай хөгжүүлж эхлээд байсан юм. Востваг нийгэмлэг 1923 онд Берлинд анхлан байгуулагдаж,  салбар нь Москва, Хаалган, Харбин, Мүгдэн, Тяньцзин, Гуанъчжоу,  Нью Йорк, Парис, Лондонд  нээгджээ. «Востваг» компани «Wostwag-Urga Cо.,» 1923 оноос Монголд үйл ажиллагаагаа эхэлж, Монголоос мал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, ноос, ноолуур, ангийн үс, адуу мал, эрдэс түүхий эдийг импортоор авч, машин тоног төхөөрөмж, бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байв. 1923 оноос авто хөсгөөр Хаалган, нийслэл Хүрээний хооронд зорчигч-ачаа, тээврийн үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа явуулж эхэлжээ.  
 
1923-39 оны хооронд үйл ажиллагаа явуулсан «Востваг» анх 100 мянган долларын дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхэлж, үүнд Зөвлөлтийн хөрөнгө мөнгө  оролцсон  бөгөөд 1934 он гэхэд жилдээ 3,1 сая ам. долларын цэвэр ашиг олж, түүний тал хувь нь Германых байжээ. 
1934 онд «Wostwag»-ын Зүүн Азид гаргасан экспорт 349 мянга 202 RM (reichsmark) 72 pf (pfennig german coin), Монголтой хийсэн худалдааны эргэлт 240 мянга 596 RM 77 pf, Монгол-Хятадын хооронд хийсэн «Wostwag»-ын худалдааны эргэлт 2 сая 830 мянга 914 RM 84 pf, 1935 онд «Wostag»-ын Зүүн Ази руу хийсэн экспорт 712 мянга 108 RM 31 pf, Монгол-Хятадын хооронд хийсэн «Wostag»-ын худалдааны эргэлт 5 сая 2 мянга 483 RM 52 pf, 1936 онд «Wostwag»-ын Зүүн Азид гаргасан экспорт 1 сая 391 мянга 401 RM 26 pf, Монгол-Хятадын хооронд хийсэн «Wostwag»-ын худалдааны эргэлт 2 сая 533 мянга 694 RM 69 pf,   1937 онд Зүүн Ази руу хийсэн Монгол-Хятадын хооронд хийсэн «Wostwag»-ын худалдааны эргэлт 3 сая 780 мянга 713 RM 20 pf, «Wostwag»-ын Зүүн Ази руу хийсэн экспорт 3 сая 579 мянга 620 RM 53 pf болсон байна.       
БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондын худалдааны эргэлт 1924 онд 37.7 сая рубль (RM 3 сая 770 мянга), 1935 онд 68.1 сая рубль (RM 6 сая 810 мянга), 1940 онд 170 сая рубль (RM 17 сая) болж өсч ирсэн байна. (10) Зөвхөн 1935 онд БНМАУ, ЗСБНХУ-ын гадаад худалдааны эргэлт RM 6.81 сая (68.1 сая рубль) байсан бол, «Wostwag»-ын Монголтой хийсэн худалдааны эргэлт RM 5 сая (50.002 сая рубль) болж байв.  Ийнхүү «Wostwag» хувьцаат нийгэмлэгийн жил бүрийн тайлангийн тоо, баримтаас харахад Монгол Улсын гадаад худалдаанд тус нийгэмлэг маш том байр суурь эзэлж байсан нь тодорхой харагдаж байна.  Энэ нь Монгол-Герман хоёр улсын ирээдүйн найрсаг харилцаа хөгжихийн шимтэй хөрс болсон нь тодорхой байна.
 
Сэдвээ илүү нарийсгаж, Монгол Улсад шинээр буй болсон «байгалийн хөршүүд», их гүрнүүдийн халхавч «тоглоомын улс»-уудын өөр хоорондын ялгааг дор өгүүлье. Энэ түүхээс үзвэл Монгол нь хэд хэдэн “гуравдагч хөрш”-тэй зэрэгцэн оршиж байсан болж таарна.
 
     Нэгд, Алс Дорнодын зүгээс гадаадын гүрнүүд цэргийн интервенц хийх үед Зөвлөлт Засгийн газар цэрэг-стратеги, аюулгүй байдлын үүднээс 1920.04.06-нд Верхнеудинск (одоогийн Улаан-Үд, 10 дугаар сараас нийслэл нь Чита болсон) хотоор төвлөрсөн шинэ «хөрш» маань Үндсэн хууль, төрийн сүлд, туг далбаа, Засгийн газар, ГЯЯ, мөнгөн дэвсгэрт, шуудангийн марктай de facto бие даасан АДБНУ хэмээх «буфер»-ыг Монголтой хил залгаа чанх хойд хэсэгт байгуулж, гадаадын интервенци болон Оросын иргэний дайн дууссаны дараа 1922.11.15-нд «буфер»-ээ татан буулгажээ. АДБНУ-ыг Өрнөдийн хэвлэлүүдэд Chita Republic гэж бичиж байсан ба АДБНУ-ын анхны ГЯЯ-ны сайдаар БХК(б)Н-ын ТХ-ны Алс Дорнодын Товчооны дарга Б.З.Шумяцкий томилогдон ажиллаж байгаад 1921 оны 3 дугаар сараас ЗОУ-ын ГХАК-аас Монгол дахь Ажилчин-тариачны улаан армийн салбар анги, Ардын Түр Засгийн газар, 7 дугаар сараас АЗГ-ын дэргэд суугаа Бүрэн эрхт төлөөлөгч, түүний орлогчоор хожим БНМАУ-д суугаа Бүрэн эрх барих элчин төлөөлөгчөөр 1927-1933 онд ажиллаж байсан А.Я.Охтин нар ажиллаж байв.
      
       Хоёрт,  1921.08.14-нд ЗХУ, Коминтерны идэвхтэй явуулгаар «Бүгд Найрамдах Тагна-Тыва Ард Улс»-ыг тунхаглан зарлаж,  22 зүйл бүхий Анхдугаар  Үндсэн  хуулийн төслийг хэлэлцэн баталж, Засгийн тэргүүнээр гүн Монгуш Буян Бадыргы (1892-1932) сонгогджээ. 1926 онд Тагна-Тыва буюу Урианхайн хуучин нийслэл Белоцарск хот буюу 1918 онд өөрчилөн нэрлэсэн Хем-Белдир хотыг  Кызыл (тува хэлээр Улаан гэсэн утгатай) хэмээн нэрлэж дахин өөрчилжээ. Тийнхүү Монгол нь хойд талдаа монгол угсааны эсгий туургатан Тагна-Тыва хэмээх шинэ «гуравдагч хөрш»-тэй болж, 1925 оны 6 дугаар сард ЗХУ хүлээн зөвшөөрч, ЭСЯ-ны хэмжээнд дипломат харилцаа тогтоожээ. 1925 оны 11 дүгээр сард хуралдсан БНМАУ-ын II  Их хурлаас илгээлт явуулж Бүгд Найрамдах Тагна-Тыва ард улсыг хүлээн зөвшөөрснөө мэдэгджээ. Улмаар БНТТАУ-ын Засгийн  газрын  төлөөлөгчид Монголд айлчилж «Монгол ба Тагна Тыва хоёрын хооронд Найрамдлын холбоо байгуулах тухай» 12 зүйлт бүхий Гэрээ  бичгийг  1926.08.16-нд Улаанбаатар хотноо байгуулж, БНМАУ-ыг төлөөлж ГЯЯ-ны сайд В.Дорлигжав, Бүгд Найрамдах Тагна Тываг төлөөлж Дарамбазар, Санжаа нар гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээгээр хоёр улс ЭСЯ-ны хэмжээнд дипломат харилцаа тогтоожээ. Тагна-Тывагийн нутаг дэвсгэр нь Монголын газар нутгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг Урианхайн хязгаар байсан билээ. 1944.10.11-нд БНТАУ нь ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд нэгдэж, автономит муж болсноор хоёр улсын элчин харилцаа дуусгавар болжээ.
  Гуравт, БНМАУ-ын дорнод хэсэгт 1932.02.18-нд Японы идэвхтэй дэмжлэг, оролцоотой өөр нэг шинэ «гуравдагч хөрш» Манжго байгуулагдаж, тус улстай нийт 700 км урт газраар шууд хиллэх болсон нь хэрэг дээрээ Японтой хаяа хатгаж «зэрэгцэн оршиход» хүрчээ. Манжго-г Герман, Японы нөлөөнд байсан болон Төв Америкийн нийт 18 улс албан ёсоор хүлээн зөвшөөрснөөс гадна ЗХУ de facto хүлээн зөвшөөрсөн байна.  Манжго Тагна-Тыватай харьцуулахад бодлого, зорилго чиглэл нь тэс өмнөө байсан юм. Халхын сүмийн хилийн маргаанаас шалтгаан 1935-1937 онд Манжго-БНМАУ-ын хооронд Манжуурт нижгээд удаа цуврал бага хурал  болж, энэ үеэр Манж-го улсын талаас дипломат харилцаа тогтоох санал тавьж, 1940 оны 6 дугаар сард Манжго-БНМАУ-ын хилийн шугам тодотгох нэг талаас ЗХУ, БНМАУ, нөгөө талаас Япон, Манжго-гийн 4 талын холимог комиссын Москвагийн хэлэлцээ явагдаж 1941 оны 10 дугаар сард дуусгавар болсон, 1941 оны 4 дүгээр сарын Зөвлөлт-Японы Төвийг сахих тухай гэрээ зэргийг энд дурдаж болно. 
1932 оны 4 дүгээр сард Зөвлөлт Хятадын Түр Засгийн газар (1931 оны 11 дүгээр сард Төв Хятадын өмнөд хэсэгт ХКН-ын удирдлага дор байгуулагдсан Хятадын Зөвлөлтийн БНУ 1937 оны 9  дүгээр сар хүртэл оршин тогтножээ) гэх бас нэг дагуул улс буй болж, өөрийн туг далбаа, үндэсний мөнгөн дэвсгэрт, шуудангийн марктай байсан ба 1934 оны 1 дүгээр сард нийслэл Жуйцзинь хотноо хуралдсан Бүх Хятадын Зөвлөлүүдийн II их хурлаас өөрийн Үндсэн хуулийг эцэслэн хэлэлцэн баталж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг үг дуугүй хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. Мөн Манж-го болон Японд дайн зарласан юм. 
      Дөрөвт, 1944.11.12-нд Кульжа хотод Зөвлөлтийн нөлөө бүхий Дорнод Туркестаны Хувьсгалт Бүгд Найрамдах Улсыг тунхаглажээ. 1949 оны 9 дүгээр сар хүртэл de facto оршин тогтнож байсан тус улсын нутаг дэвсгэрт Шиньжан-Уйгурын баруун хойд мужийн Иль, Тарбагатай, Алтай гурван аймаг харьяалагдаж байв. Өрнөдийн болон оросын түүхэнд түүнийг Хоёр дахь Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс хэмээн тэмдэглэж байв. Шиньжан-Уйгурын хойд Алтайн хязгаар (Ашан хошуу) нь (төв нь Шарсүм буюу Чэнхуа) БНМАУ-ын Баян-Өлгий, Ховд аймагтай 1500 км орчим газар нутгаар шууд хиллэж байв. 1945 оны 9 дүгээр сар гэхэд Зөвлөлтийн консулын тусламжтайгаар Оспан батыр (Осман Ислам-улы буюу Оспан батыр) Алтай аймгийн амбан (жицүн)  сайдад, түүний орлогчид Далелхан Сугарбаев нар томилогдсон байна. 1945 оны 4 дүгээр сард Дорнод Туркестаны үндэсний арми байгуулагдаж, ерөнхий командлагчаар Зөвлөлтийн хошууч генерал Иван  Полинов, орлогчоор нь хурандаа Ф.И.Лескин томилогдож байжээ. Дивизийн даргаар нь монголын казах гаралтай Далелхан Сугарбаев ажиллах болжээ. Гэвч энэ улсын ирээдүйн хувь заяа Москвад 1945.08.14-нд ЗСБНХУ ба Дундад Иргэн Улсын хооронд байгуулсан Найрамдал, холбооны тухай гэрээгээр шийдэгдсэн байна. ЗХУ-ын Гадаад явдлын ардын комиссар В.М.Молотов, ДИУ-ын Гадаад хэргийн сайд Ван Шизе нарын гарын үсэг зурсан гэрээний V зүйлд: “Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэг хөндлөнгөөс үл оролцох, түүний бүрэн эрхийг хүндэтгэх зарчмыг удирдлага болгон  өндөр дээд түвшинд тохиролцов” гэсэн байна. 1945 оны 9 дүгээр сард Чан Кайши хувьсгалт гурван аймагт автономит эрх олгох тухайгаа мэдэгдсэн байна. ЗХУ-ын удирдлага Дорнод Туркестаны эрх баригчдыг Хятадын Гоминьданы намынхантай хэлэлцээний ширээний ард хүчлэн суулгажээ. Хэлэлцээ Шиньжан дахь Гоминьданы захирагч генерал Жан Жижун, Дорнод Туркестаныг төлөөлж Ахметжан Касымов нарын хооронд 3 сар гаруй хугацаанд үргэлжилсний эцэст 1946.01.02-нд «11 зүйлт хэлэлцээр»-т гарын үсэг зурж, эвслийг Засгийн газар байгуулжээ. Эвслийн Засгийн газарт Оспан батырыг яамгүй сайд бөгөөд Алтай аймгийн амбан (жицүн) сайдаар дахин баталсан байна. Дээрх хэлэлцээрээр Дорнод Туркестаны БНУ-д хэлний тэгш байдал, үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, дотоод, гадаад худалдааг бие даан эрхлэхээс гадна  өөрийн үндэсний зэвсэгт хүчнээ хадгалж үлдэх эрхийг олж авсан байна. 1946 оны 6 дугаар сард Чан Кайши «11 зүйлт хэлэлцээр»-ийг баталсан байна. 1947 оны 7 дугаар сард Шиньжаны Эвслийн Засгийн газар задран унажээ.
 
1949 оны 9 дүгээр сард ХАЧА-ийн цэргүүд Өрөмчи хотыг чөлөөлж, хяналтаа тогтоожээ.
1949 оноос Өрөмч дэх Дорнод Туркестаны Засгийн газрыг татарын большевик Бурхан Шахиди тэргүүлжээ. 1955.10.01-нд БНХАУ-ын бүрэлдэхүүнд Шиньжан-Уйгурын өөртөө засах орны статустай нэгдэн оржээ. 
 
1940-өөд онд БНМАУ-ын баруун хилийн чанад Алтайн уулсын өвөр нутагт Хятадын захиргаадлыг эсэргүүцэн өрнөсөн Шинжаны казакчуудын үндэсний чөлөөний хөдөлгөөний гол нэгэн толгойлогч. Оспаны үйл ажиллагааны салшгүй хэсэг нь Монгол улстай түүний эерэг, сөрөгөөр харилцаж байсан харилцаа юм. Маршал Х.Чойбалсан Оспантай найрсаг харилцаа тогтоон дэмжих бодлого баримталж байсан нь ЗХУ-ын бодлогын илрэл хэдий боловч Монголын тусгаар тогтнолыг ямагт эрхэмлэж, түүнд учирч болзошгүй Хятадын аюулаас сэрэмжлэх явдалтай шууд холбогдож байсныг тэмдэглэх хэрэгтэй.
 
1945 он хүртэл үндсэндээ ийм олон гуравдагч хөршүүд буй болж, алга болж, манай улсын гадаад харилцаанд шинэ сорилт, магадгүй ололт, шинэ сонголт болж байсан түүхээс дурдлаа. Дээрх баримтууд нь «гуравдагч хөрш» бодлогын үзэл санаа ХХ зууны тэргүүн хагасын Олноо Өргөгдсөн болон БНМАУ-ын эхэн, дунд үеийн гадаад бодлого, дипломатын түүхэнд бодитойгоор байсныг нотлон харуулж байна.
 
- Үргэлжлэл бий
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан