Чимээгүй аюулын дохио

Богд хан уул, Зайсан, Их тэнгэрийн ам орчимд өнгөрсөн бямба гарагийн шөнө 2.5 магнитудын хүчтэй газар хөдлөв. Хэдийгээр энэ нь аюул учруулахуйц хүчтэй биш ч энэ хэмжээний газар хөдлөлт ойр ойрхон давтагдаж буй нь ирээдүйд учрах гамшгийн сануулга ч байж болох. Учир нь, мэргэжлийн байгууллагууд сүүлийн жилүүдэд нийслэл орчим дахь газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдсэнийг мэдээлж байгаа. Тодруулбал, 2000 онд Улаанбаатар хот орчимд жилд 200 гаруй удаа чичирхийлэл бүртгэгдэж байсан бол сүүлийн гурван жилийн байдлаар 1,000-1,800 болж эрс нэмэгджээ.

Харин сүүлийн нэг cap орчмын хугацаанд 50 гаруй удаа бага хэмжээний газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тиймээс бага гэлтгүй газар хөдлөлтийн давтамж, тоо олшрох тусам хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Дагзинмаа “Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Сүхбаатарын талбайгаас чанх урагш 10 километрт, Богд хаан уулын ам орчимд 2.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн.Ийм газар хөдлөлтийг нарийн багажаар хэмжиж тогтоодог боловч Их тэнгэрийн ам, Зайсангийн айлуудад дуу чимээ мэдрэгдсэн талаар бидэнд иргэд мэдээлсэн.

Манай байгууллага 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийг Онцгой байдлын ерөнхий газарт шуурхай мэдээлж байх үүрэгтэй” гэлээ. Газар хөдлөлтийн тухай судалгаанаас харахад манай улсын хот суурин газрын 75 орчим хувь нь долоо ба түүнээс дээш баллын газар хөдлөлтийн бүс нутагт оршиж байна. Тухайн бүс нутгуудад нийт хүн амын 86 хувь нь амьдарч байгаа юм.

Гэтэл энэ бүс нутагт газар хөдлөлтөөс үүдсэн жижиг, том хагарал бий болж, хоорондоо нийлбэл хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд онцолж байгаа. Улаанбаатар хотыг тойроод Эмээлт, Хустай, Гүнж, Авдар, Шархай, Мөнгөнморьт гээд зургаан нутаг дэвсгэрт багадаа 35 километрээс, ихдээ 212 километр хүртэл газар доогуурх хагархай, ангалууд үүссэн байна.

Судалгаанаас харахад Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжилт 3-5 дахин ихэссэний зэрэгцээ нийслэлд хоёр том хагарал шинээр бүртгэгдсэн байна. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Газар хөдлөлт судлалын салбарын дарга М.Өлзийбат “Налайхын урдаас Баянзүрх уул хүртэл, Нарангийн энгэр орчим 10 гаруй километр үргэлжилсэн хоёр хагарал илрүүл-сэн. Эдгээр хагарал нь газар хөдлөлт үүсэхэд хэрхэн нөлөөлөхийг судалж байгаа. Тухайн хотын барилга байгууламж газар хөдлөлтөд тэсвэртэй баригдсан бол газар хөдлөлт зургаан баллаас дээш тохиолдолд аюул учруулж эхэлнэ. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжтай үед багахан баллын газар хөдлөлтөд ч тэсвэрлэхгүй” гэлээ.

Өмнө нь манай улсад 1905 онд Булнайн болон Цэцэрлэгт 8.3 магнитуд, 1931 онд Монгол Алтайд найман магнитуд, 1957 онд Их богдод 8.3 магнитуд, 1967 онд Могодод 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Тухайн үеүдэд газар хөдлөлт хүн ам ихээр төвлөрсөн газраас хол, алслагдсан нутагт болсон учраас хор хохирол бага байсан аж. Тэгвэл одоо нийслэлд гэлтгүй газар хөдлөлтийн идэвхтэй голомт болох Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэрэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумдад хүчтэй газар хөдлөхөд л ихээхэн хэмжээний хохирол учрах эрсдэл бий. Учир нь эдгээр газар нь хотоос 200-400 километрт оршдог бүс нутаг юм.

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдэж байгаа ч иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй байгаа. Хүчтэй мэдрэгдсэн нь өнгөрсөн Бямба гарагийн шөнө болсноос гадна нийслэлд 2015 оны аравдугаар сарын 3-нд 3.5-4.4 магнитуд буюу таван баллын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт болсон. Тодруулбал, Шар хаднаас зүүн хойш орших Гүнжийн хагарал, Шар хоолойн ам гэх газар хөдлөлтийн голомт бүхий цэгт болжээ. Тухайн үед Одон орон, геофизикийн судалгааны төвөөс есөн баллын газар хөдлөлт болоход хотын барилгын 95 хувь нь нурна.

Найман баллын газар хөдлөлт болбол барилгуудын 70 гаруй хувь нь нурна гэсэн тооцоо гаргажээ.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Батсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “1980 оноос өмнөх барилгууд газар хөдлөлтийн гамшгаас бүрэн урьдчилан сэргийлж чадахгүй гэсэн дүгнэлт гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд нийт барилгын 60 гаруй хувь ийм нөхцөл байдалд байна” гэжээ. Тэгвэл 2013 онд хийсэн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээгээр нийт барилга байгууламжийн 22-50 хувьд эвдрэл, нуралт үүсэх магадлалтай. Ингэснээр 30-60 мянга орчим хүн гэмтэж болзошгүй талаар тооцоо гаргасан байна.

Хэрвээ хүчтэй газар хөдлөлт болбол эдгээр чанарын шаардлага хангаагүй байшин барилга нурж, хүний амь эрсдэх аюул тулгараад байгаа юм. Улсын хэмжээнд орон сууцны 3,300 орчим барилга байгаагаас 10 орчим хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн актыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гурван жилийн өмнө гаргасан. Хуучны барилгуудыг нурааж, шинээр барих шаард-лагатай гэсэн 150 гаруй барилга тоон мэдээлэлд дурдагдаж байв.

Түүнчлэн анхаарвал зохих сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээ, соёлын төвүүд гээд нийтийн эзэмшлийн барилгууд ч олноор дурдагдаж байсан. Хүчтэй газар хөдлөлтийн үед барилга байгууламжийн нуралтаас гадна гал түймрийн аюул хотыг нүүрлэж болзошгүй юм. Учир нь, зууханд ил гал түлдэг, цахилгааны утас, сүлжээ муу, шатамхай материалаар баригдсан гэр хорооллын байшин барилгууд болон шатахуун түгээгүүрийн газрууд суларсан хад чулуунд даруулах эрдсэл их байгаа билээ.

Харин энэ аюулд төр засгийнхан төдийлөн анхаарахгүй байна. Үндсэндээ 2015 онд болсон газар хөдлөлтийн дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж чуулганы хуралдааны үеэр газар хөдлөлтөд анхаарал хандуулах шаардлагатайг хэлснээс өөрөөр төр засгийнхан энэ асуудалд анхаарсангүй гэхэд хилсдэхгүй. Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Байгалийн гамшиг, ялангуяа газар хөдлөлттэй холбоотой, түүнд чиглэсэн үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай болоод байна.

Сүүлийн жилүүдэд хамгийн их хохиролтой газар хөдөлсөн тохиолдол гэвэл 2010 онд Гаитид болсон газар хөдлөлт байна. Тус гамшгийн үеэр 300 мянга орчим хүн амь насаа алдсан гэх албан бус судалгаа бий. Мөн нийслэл хотын барилга байгууламжийн 90 хувь нурсан, гэмтсэн байдаг. Эндээс бэлтгэл хамгийн чухал гэсэн дүгнэлт хийж болно. Манайд бол 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд Улаанбаатарын нийт барилга байгууламжийн 20-40 хувь нь нурах буюу гэмтэх юм байна. Амь насаа алдах, бэртэж хохирох хүмүүсийн тоо хэдэн арван мянгаараа гарна. Дээрээс нь бусад оронд дулаахан, далайд ойрхон, гадна дотнын тусламж хурдан ирдэг.

Тэгвэл Монголын байршил ямар билээ. Ялангуяа хүйтний улиралд газар хөдөлбөл яах вэ. Шөнө газар хөдөлбөл яах вэ. Ийм аюул Монголд гэнэт тохиовол яах вэ гэдэгт анхаармаар байна. Нөгөө талаас Чили улсаар жишээлбэл, 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2010 онд болсон. Нийт нутаг дэвсгэрийнх нь бараг 80 хувьд хүрсэн аймшигтай газар хөдлөлт болоход 525 хүн нас барсан байдаг. Түрүүчийн хэлсэн Гаити улстай харьцуулахад улс орон даяараа маш их бэлтгэлтэй байсан учраас гарсан хохирол, хүний амины хохирол бага гарсан. Мэдээж эдийн засгийн болон бусад хохирол нь хэдэн арван тэрбум байгаа.

Таван жилийн дараа дахиад Чилид 8.3 магнитудын газар хөдлөхөд 13 хүн л амь насаа алдсан. Байгууллага, айл өрх, иргэн бүхэн бэлтгэлтэй байх шаардлагатайг дээрх жишээнээс харж болно. Долоон магнитудаас дээш газар хөдлөлтөөс хохирол амсаагүй улс орон гэж байхгүй. Гаитид газар хөдөлсний дараа 14 хоног дэлхий нийтээрээ ярьсан. Тэгээд л мартсан шүү дээ. Одоо таван жилийн дараа аваад үзэхэд тэр газар хөдлөлтөөс үүссэн хохирлынхоо 20-30 хувийг л Гаити улс нөхсөн байдалтай байна.

Дэлхийгээрээ туслаад, босгох гээд оролдоод зургаан сарын дараа очиход тэр улсад өчигдөр газар хөдөлсөн юм шиг байдалтай байсан шүү гэсэн дүгнэлт хийсэн байна лээ. Бид үүнийг өөрийнхөө байж байгаа байдалтай бас холбож санаа зовох шаардлагатай. Монголд цаашид байшин барилга барья гэвэл хуучин байшин барилга дээрээ үнэлгээ хийх хэрэгтэй. Долоогоос найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх стандарт шаардлагыг мөрдүүлж байх хэрэгтэй” хэмээн ярьж байлаа.

Харин мэргэжлийн байгууллагуудаас эрсдэлээс сэргийлж, газар хөдлөлтийн аюулыг урьдчилан анхааруулах системийг 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн байдаг. Энэхүү систем нь 12 станцаас хүлээн авсан газар хөдлөлтийн чичирхийллийн мэдээллийг боловсруулна. Улмаар 30 секундын дотор нийслэлийн есөн дүүрэгт байрлуулсан дуут дохиоллын цамхаг, радио, телевиз, үүрэн холбооны оператороор дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэх боломжтой. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газраас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт гамшгийн аюулын дохиог ажиллуулж, сургуулилт хийдэг.

Мөн тухайн сарын дөрөв дэх Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгож тогтоосон. Энэ өдрүүдэд газар хөдлөлтийн гамшиг аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд зохиодог. Үүнээс гадна “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2009-2020 он хүртэл хоёр үе шатаар хэрэгжүүлж байгаа. Мөн 2013 онд “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг зохион байгуулж байжээ.

Тус төсөлд нийтийн болон чухал байгууламж, хуучин орон сууц гэсэн гурван чиглэлээр зорилтот төлөвлөгөөний дагуу засаж сайжруулах талаар тусгажээ. 2016 онд их, дунд, бага хэмжээний 27,849 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн нь 2015 онтой харьцуулахад 30 хувь ихэссэн үзүүлэлт гарсан. Үүний улмаас 2016 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр хэлэлцэж байсан. Мөн 2017 оны сүүлээр Шадар сайд асан Ө.Энхтүвшингээр ахлуулсан “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” хуралдсан. Уг хуралдаанаар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тал дээр үүрэг өгч ажилласан юм. Гэвч газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх хөтөлбөрүүдийн үр дүн, хэрэгжилтийн талаарх мэдээлэл хомс байна.

Тэгвэл газар хөдлөлт тохиолдвол хамгийн түрүүнд юу хийх, юунд анхаарах хэрэгтэй талаар иргэдээс мэдээлэл авахад хариулт өгөх хүн тун цөөн байлаа. 10 хүнээс асуухад зургаа нь газар хөдлөлтийн талаар огт мэдээлэлгүй, гамшгийн үед юунд анхаарах талаар бодож ч үзээгүй гэв. Харин үлдсэн дөрвөн хүн “Хаалга онгорхой байгаа газар эсвэл арк дор орж сууна. Гэртэй байвал ширээн доогуур орно. Айж сандрахгүй яахаа бодно” гэдгийг хэлж байлаа.

“Газар хөдлөлт болсон талаар мэдээлэл авдаг уу. Чичирхийлэл мэдэрч байв уу” гэж асуухад найман хүн нь “Чичирхийлэл мэдэрч байгаагүй” гэв. Харин “Газар хөдлөлт болсон талаар мэдээлэл үе үе сонсогддог. Сая Богд ууланд газар хөдлөлт болсон талаар телевизээр мэдээлсэн” гэж хоёр хүн хэллээ. Үүнээс иргэдэд газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаарх мэдээлэл дутмаг байгаа нь харагдаж байгаа юм.

М.ҮҮРИЙНТУЯА, ҮНДЭСНИЙ ШУУДАН

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан