Малгай нь багадаж, бие нь томдсон хөдөлмөр нийгмийн хамгааллын яам

Малгай нь багадаж, бие нь томдсон хөдөлмөр нийгмийн хамгааллын яам
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэх нүсэр том газар, нийгмийн бүхий л асуудлыг бодлогын хэмжээнд зохицуулах учиртай ч дэндүү “давжаа” сайд очих юм. Х.Булгантуяа бол зүгээр л карьер хөөж яваа улс төр дэх залуу дүр. Энэ том салбарт аргагүй балчирдаж байгаагаа тамгаа гардсан цагаасаа л харууллаа. Хамгийн сүүлд гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох ажлын хэсэг гаргажээ. Үүгээрээ 2023 онд ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна.

Тухайлбал ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан аж ахуй нэгжид сар бүр 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд цалингийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр олгоно хэмээжээ. Энэ бол цэвэр халамж. Уг нь ийн дэмжлэг үзүүлж байхаар 15 тэрбум төгрөгийг ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх байлаа. Нөгөө талаар ийм хэмжээний мөнгө гаргах ямар ч боломжгүй гэдгийг Засгийн газар хэлж буй. Гэтэл танхим нь мөнгө байхгүй гэж байхад бараг халамжийн чиглэлд 15 тэрбум төгрөг төсөвлөчихсөн яваа сайдыг юу гэх вэ. Иргэдэд төрөөс дэмжлэг, халамж үзүүлж байгаа нэг хэлбэр гэж бодоод үүнийг хойш тавъя.

Үнэн хэрэгтээ ямар ч өндөр боловсрол байлаа ч, хэчнээн хэл ус мэддэг байлаа ч яам толгойлно гэдэг амаргүй. Тэр тусмаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэргүүлэх амаргүй. Энд жинхэнэ төрийн албаны дадлага туршлагатай, “хал үзэж халуун чулуу долоосон” нөхөд очих ёстой.

Тухайлбал, өдгөө Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа С.Чинзоригийн байх ёстой л талбар мөн байх. Учир нь түүний хувьд салбарынхаа сайдаар хоёр удаа томилогдож, дэд сайдаар найман жил ажилласан, төрийн анхан шатны байгууллагаас эхлээд сайдын суудал хүртэл өгсөж ажилласан хүн. Гэтэл шуудхан тооноор орж ирсэн юу ч мэдэхгүй нэг эмэгтэй очиж байгаа нь энэ яам уруудахын цондон.

Х.Булгантуяагийн хувьд хэл ус, боловсрол гэхээр түүнтэй эгнэх хүн парламентад үгүй л байх. Үнэхээр олон орны хэл, олон мэргэжил эзэмшсэн хүн хэрэгтэй байдаг бол Монгол Улс өөдлөн дэвжих цаг нь аль эрт болсон. Даанч үгүй. Гучаадхан жилийн өмнө бид буй бүхэн, уламжлалт бүхнээ ад шоо үзэн, боловсролын бадар барьсных болсон болоогүй эрдмийн намтар зузаалсан олон залуустай болсон. Үүгээр дамжин хийдэг бус ярьдаг залуус улс төрд ихээхэн нэмэгдэж байгаагийн нэг нь Х.Булгантуяа сайд л даа. Ийм залуус хэтэрхий олширвол Монгол Улсад тулгарах аюул байхаас зайлахгүй. Нийгэм ч хоосон онолчид, цэцэрхэгчдээс залхаж байгаа бололтой. Үүгээрээ би Х.Булгантуяа сайдыг өөчлөх гоочлох гэсэнгүй.

Гол салбар яаманд арай л “балчир” сайд очсон байгааг хэлэхээс өөр аргагүй. Нөгөө талаар яамны агуулга ч өөрөө том, ажиллаж байгаа хурган дарга нар ч том гээд хэтэрхий томдсон биед хэтэрхий жижиг малгай өмссөн мэт харагдаж байгааг л хэлэх гэсэн хэрэг. МАН түүнийг ихээхэн өргөж тэтгэж байна.

Түүнийг өнгөрөгч 2016 онд Сангийн дэд сайдаар томилон ажиллуулсан, 2020 онд УИХ-д нэр дэвших эрхийн мандат өгч гишүүн болгосон. Мөн өнгөрөгч нэгдүгээр сард түүнийг Боомтын сэргэлт хариуцсан сайдаар томилсон бол дөрөвдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилж байх жишээтэй. Үүнээс гадна мөн нэгдүгээр сард МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон. Х.Булгантуяад МАН өртэй юм шиг л ажиллаж байна. Чухам юуны тулд ийн дэмжиж байгааг мэдэх юм алга. Улс төрийн ууган хүчний дэмжээд байгаа эмэгтэйд ирээдүй харагдахгүй байна. Түүний ирээдүй гэвэл тодорхой. Т.Ганди, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нар л харагдаж байгаа юм. Өөр юу ч байхгүй. 

Тэр ч бүү хэл түүнийг Боомтын сэргэлт хариуцсан сайдаар томилохдоо Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг авто замаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуун сухайт-Ганц мод, Ханги-Мандал, Шивээ хүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлэх, нүүрсний экспортыг 45-50 саяд хүргэх томоохон зорилтуудыг хэрэгжүүлж чадна хэмээн итгэж, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагыг нь харгалзсан” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилохдоо “Сангийн дэд сайд, Боомтын сэргэлт хариуцсан сайдаар ажилласан туршлага болон түүний боловсрол мэдлэгийг харгалзан” хэмээн явна лээ. 

Мөн Шадар сайд С.Амарсайхан түүнд сайдын тамга гардуулж өгөхдөө “Засгийн газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийгмийн даатгалын багц хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,  нийгмийн халамжийн тухай хууль зэрэг энэ салбарт хүлээгдэж байгаа олон асуудал бий. Хамгийн гол нь нарийн тооцоо судалгаатай, нийгмийн хүлээлтэд нийцсэн, гарах үр дүн цаг хугацааг тодорхойлсон байдлаар Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн хэрэгжилтийг хангаж ажиллах хэрэгтэй”-г захиж байсан. Үнэн хэрэгтээ Х.Булгантуяа Боомтын сэргэлт хариуцсан сайдаар гурав хүрэхгүй сар ажилласан. Ямар туршлага байхав. Ажил байдалтайгаа ч танилцаж амжаагүй болов уу. Нөгөө талаар УИХ-ын гишүүнээр сул ажиллахдаа нэг ч хууль санаачлан батлуулагүй гэхээр энэ том яамны бодлого тодорхойлох хэмжээнд ажиллаж чадах уу, салбараа өргөж дэмнэх хууль санаачлан батлуулж чадах уу зэрэг олон асуудал үүснэ.

Яахав ээ, Сангийн дэд сайдаар ажиллах хугацаандаа сүрхий олны анхааралд байсан бол өнөөдөр өнөөх л УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, М.Оюунчимэг, П.Анужин, Б.Жаргалмаа нараасаа ялгарах юмгүй нэг “кнопчин” болчихсон сууна. Бас болоогүй нийгмийн том салбарын дээр гараад суучихсан. Би энэ тухайд урьд өмнө “Үнэнийг хэлэхэд өнөөдрийн байдлаар тэр олон эзэнтэй “Утсан хүүхэлдэй” л болчихсон байна. Олон эзэн гэсний учир нь намынхаа ах эгч нарын дохио зангаа дор үг дуугүй толгой дохиж суугааг л хэлсэн хэрэг.

Нам хэмээх зүйл нь хүний мэдлэг боловсрол бүү хэл бүхэл бүтэн хүнийг, бүр бүтэн улс гүрнийг ч “залгих” шидтэй юм хойно доо. Энэхүү шидэд нэрвэгдэлгүй тэсэж үлдэж чадвал эрх биш төр түмэнд хэрэгтэй зүйл хийнэ. Хэрвээ ширвүүлчихвэл төр түмэнд бүү хэл төрсөн биедээ ч хэрэггүй хүн болдог жамтай” хэмээн бичиж байв. Тэгвэл тэр энэ удаад ширвүүлсэнгүй. Харин ч өсөн дэвжиж явна. Хамгийн гол нь стратегийн чухал салбараа ийнхүү учир мэдэхгүй нөхдөд өгөөд байвал энэ засгийн ажил хаашаа явах вэ, нийгмийн амьдрал хэрхэн оршин тогтнох вэ гээд олон асуудал үүсэж байгааг бид харж байна. Сайд бол аливаа нэг карьер хөөсөн улстөрчийг дадлагажуулж сургадаг газар биш. Энэ ард түмэн, төр ч хэн нэгний дадлага хийдэг газар биш гэдгийг Х.Булгантуяа удаа дараа харуулах нь дамжиггүй.

Х.ӨЛЗИЙТ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан