Малайзын хаан V Мухаммад энэ сарын эхээр эрүүл мэндийн шалтгаанаар цаашид хааны үүргийг гүйцэтгэж чадахгүй хэмээн мэдэгдэж, өөрийн хүсэлтээр суудлаасаа огцорсон билээ.
Хааны удмынхан өнгөрөгч долоо хоногт нууц санал хураалт явуулж, дараагийн эзэн хаанаар Султан Абдуллах Пананг тодруулсан юм.
Эзэн хаан өнөөдөр тангарагаа өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа орсон талаар "www.scmp.com" сайт мэдээллээ.
Нийслэл Куала Лампур хотын хааны ордонд болсон арга хэмжээнд хааны удмын 70 гаруй гишүүн болон ардын армийнхан оролцжээ.
Энэ хаан спортод тун дуртай нэгэн бөгөөд Азийн Хоккейн Холбооны ерөнхийлөгч, Олон улсын Хоккейн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны хяналтын зөвлөлийн гишүүний үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Тэрбээр мөн Их Британид боловсрол эзэмшжээ. Хаан дөрвөн хүүтэй гэнэ.
Малайз хаант засаглалтай улс боловч тус улсын бүрдүүлдэг есөн мужийн язгууртнууд таван жилийн хугацаатай ээлжилж, хаан ширээнд залардаг уламжлалтай. Гэхдээ улсын гол гол шийдвэрийг эзэн хаан бус парламент гаргадаг юм. Эзэн хааны гол ажил томоохон арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцох билээ.
Б.Дэлгэрцэцэг