Амиар наадах эрсдэлтэй авлигын хэрэг нэмэгдэх үү

Амиар наадах эрсдэлтэй авлигын хэрэг нэмэгдэх үү

 

Монголчууд тэр аяараа ногоон автобус тойрч шүүмжилж, маргаж басхүү хэлэлцүүлэг өрнүүлж байна. Нэг бүрийг нь 400 гаруй сая төгрөгийн үнээр нийт дүнгээр нь харвал нэлээн хэдэн тэрбумаар хэмжигдэх худалдан авалтыг хардах, хяналтаа тавих, шахаж шаардах бүрэн эрх нь мэдээж татвар төлөгчдөд бий. Төрийн зүгээс ч шинжээчдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, АТГ, эрүүгийн цагдаагийнхан шалгаж эхлээд байна. Үндсэндээ хилээр ороод ирчихсэн “Daewoо” үйлдвэрийн ногоон автобус үнэхээр шинэ үү эсвэл хуучинд нь капитал засвар хийсэн үү гэдэг зангилаа тойрсон баахан эргэлзээ, түүнийг дагасан үйл явдал өрнөлөө. Товчхондоо ногоон автобусны дуулиан эхлэнгүүт албаныхан талбай дээр нээлттэй гаргаж ирэв, түгжрэл хариуцсан сайд “Тэнүүн-Огоо” компани руу албан бичиг “шидлээ”. Дараа нь Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу эрүүгийн цагдаагийнхан шалгаж эхлэх маягаар үйл явдал өрнөж байна. Үр дүнд нь өнгө зүснээс эхлээд ногоон автобусны “но” илэрч, худалдан авалт будилаантсан нь хууларч эхэлж байх шиг. Нэг ёсондоо 14-15 жилийн дараа парк шинэчлэл хийлээ гэсний цаана авлига, албан тушаалын өгөө аваа байсан нь зах зухаасаа тодорч байна.

Нийтийн тээвэр онцлогтой салбар. Үр нөлөө нь нэг хэсэг юм уу нэлээн олон хүнийг хамраад зогсох боломжгүй. Нийтийн унаа учраас энэ парк шинэчлэлийн цаана нийслэлчүүдийн, Монголын хэдэн сая иргэний эрүүл мэнд, амь насны хэмжүүр яригдаж таарна. Ингэж нийтийн тээврийн цаадах авлига, албан тушаал хүний алтан амь настай холбогдох учраас хатуухан хэлэхэд, авлига үйлдэхдээ хүний амь насаар наадаж болох уу.

 

Монгол Улсын ирээдүйгээр, монголчуудын эрх ашгаар наймаалцсан “том”-чуудын хэрэг зөвхөн ногоон автобусан дээр илэрч байгаа юм биш. Нэлээн эртнээс эхтэй. Илэрсэн нь л энэ болохоос хот төлөвлөлт, газрын наймаа, утаа гээд бүгд хэсэг бүлэг авлигачдын ашиг хонжоо, албан тушаалд хүрэх гишгүүрийн золиос болсон. Одоогоос арваад жилийн өмнө Улаанбаатарыг бүхэлд нь камержуулахдаа Солонгосын хуучин барааны зах дээрээс бөөндөөд авчирсан гэдэг. Эцэст нь тухайн үеийн дарга нар хөрөнгөжиж, ард олон хохирч үлдсэн. Нийслэл эвдэрхий камераас өөрөөр сайжрахгүйгээр энэ хэрэг мартагдаад өнгөрсөн түүх бий. Нийтийн тээврийн парк шинэчлэл яг л энэ замаар явж ирсэн бололтой. Одоогийн процессыг харвал ногоон автобусны нугалааг тендерийг гардан зохион байгуулсан Тэнүүн-Огоо руу чихэж эхэллээ. Гэвч энэ их мөнгө төгрөг, эрдэнэт хүний амь настай холбоотой асуудлыг нэг хувийн компани хийчихдэг ч ажил биш. Хийе гэсэн ч бяр нь хүрэхгүй. Харин нэлээн “дээр”-ээс оролцсон. Хил, гааль, хяналт шалгалтынхан гээд нэг биш нэлээн хэдэн байгууллагын төлөөлөл хамжсан хамтын “бүтээл” байх нь тодорхой. Ингэж харвал амиар наадах хэмжээний эрсдэл дагуулсан хэрэг ахин нэгээр нэмэгдэх үү. Ер нь хүн тээвэрт өчүүхэн ч алдах эрх байхгүй.

Нэг талаас нь харвал өнөөдрийн энэ үйл явдал монголчуудад ашигтай гэж хэлж болно. Авлигачид нэгнээ барьж өгч, баримтыг нь гаргаж шидэж байгаа нь сайн хэрэг. Илүү олон баримт гарч ирж байж нийгэм цэвэршинэ. Авлигачид айдаг эмээдэг болно.

 

Daewoо болон Тэнүүн-Огоо: НОГООН АВТОБУС ШИНЭ ГЭДГИЙГ БАТАЛГААТАЙ ХЭЛЬЕ

 

Тэгвэл монголчуудын уур бухимдлыг дээд цэгт нь хүргээд байгаа ногоон автобусны асуудлаар Солонгосоос Daewoо компанийн төлөөлөл ирж Тэнүү-Огоо компанийн даргатай зэрэгцэж суугаад мэдээлэл өглөө. Ингэхдээ Солонгосын тал, Тэнүүн-Огоо хоёулаа шинэ автобус гэж мэдэгдэв. Тэнүүн-Огоо компанийн захирал  А.Ганхуяг “Манай компани нийтийн тээврийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Бид нэг ч удаа улсаас тендер авч байгаагүй. Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэл хийхэд Дэү-гийн автобус манай нөхцөлд хамгийн тохиромжтой гэж сонгосон. Автобусны тухайд бол цоо шинэ. Будаг замасктай холбоотойгоор үйлдвэрийн алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс захиалагчийн хувьд “Шаардлага хангахгүй автобусаа буцааж тат” гэсэн шаардлагаа үйлдвэрлэгч компанид хүргүүлээд байна. Энэ автобус 336 сая төгрөгийн үнэтэй. Үүн дээр Вьетнамын үйлдвэрээс тээврийн зардал нь 9800 ам.доллар болж байгаа. Миний хувьд даваа гарагт АТГ, цагдаагийн газарт өөрөө очиж шалгуулна. Манай компанийн дансаар орсон, гарсан санхүүгийн мэдээллийг бүгдийг шалгуулах болно. Хэрэв энэ автобус капитал засвар орсон, хуучин автобус байвал би хариуцлагаа бүрэн үүрнэ. Нийтийн тээврийг улстөржүүлж байна” гэлээ.

 

Харин "Zyle Daewoo bus" компанийн захирал, Солонгос улсын Дэү корпораци Монголын ард түмнээс уучлалт гуйж байна гэдгээ илэрхийлээд “Солонгос улсын Дэү корпорициас Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс уучлалт гуйж байна.  Цар тахлын үед автобус үйлдвэрлэл хүнд байдалд орсон. Цар тахлын дараа Катар, Саудын Араб, Монгол Улстай BS-106 загварын автобус нийлүүлэх гэрээ байгуулсан. Сүүлд Канад улс манай үйлдвэрээс автобус авч, дараа нь нэмж 100 автобус захиалсан. Мөн ОХУ-д манай 5000 автобус явж байгаа. Монголын захиалга давчуу байсан тул бид будагтай холбоотой жижиг сажиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол том алдаа биш шүү.  Харин манай компанийг дампуурсан, 30 жилийн өмнөх хуучин автобусаа явуулсан гэдэг мэдээлэл гарч байгааг хараад үнэхээр гайхлаа. Хүссэн хүн манай Вьетнам дахь үйлдвэрт очиж танилцаж болно шүү. Арлын дугаар нь 30 жилийн өмнөх дугаар гарч ирсэн гэдэг бас нэг худлаа мэдээлэл гарсан. Энэ бол алдаатай мэдээлэл юм.

Бид 2012 онд гаргасан дөрвөлжин загвартай автобус илүү бат бөх тул одоо ч  үйлдвэрлэсээр байгаа. Илүү сонгодог загвартай автобус гэж үздэг.  Бусад компани загвараа илүүд үздэг байж магадгүй. Хэдийгээр хуучин мэт харагдах ч 4-5 жил явсны дараа чанарыг нь ойлгох байх аа. Орж ирсэн автобуснаас хар утаа ялгарсан гэдэг ч хуурамч мэдээлэл. Шинэ автобуснаас эхэндээ хар утаа гарч магадгүй. Энэ Монголын дизель түлшний чанартай холбоотой байх. Гэхдээ шинэ гэдгийг  баталгаатай хэлэх байна” гэлээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 195 (7180)

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан