Ирэх онд сонгуультай. Энэ цаг үед төсөв батлагдахаар хэлэлцэж буй билээ. Улсын төсвийг сонгуулийн буюу нэр дэвшигчдийг тойргийнхоо усалгаанд зориулахаас татгалзсангүй. Улсын төсөв нэрийн дор сонгуулийн усалгаагаа сэмхэн хийж орхив. Үүний тод жишээ нь малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даах хуулийн заалт хоёр сарын дараа хэрэгжиж эхлэх юм. Нөгөө талаасаа буруу тогтолцоог үүгээр тогтоочихов. Ажил хийж нийгмийн даатгалаа өөрөө төлж явсан иргэд үр шимээ хүртээгүй байхад төлөөгүй явсан нэгнийхээ тэтгэврийг үүрэх том ачаатай боллоо.
Монгол Улс тэтгэврийн нэг давхаргат тогтолцоотой гэдгийг мэдэх биз. Харин тэтгэврийн санхүүжилтийн арга нь хуваарилалтын хэлбэртэй. Өөрөөр хэлбэл, иргэн бүхэн шимтгэлээ төлж байж төлсөн шимтгэлийнхээ үрийг хүртэнэ. Гэтэл идэвхтэй төлж ирсэн хүмүүс төлөөгүй хэсгийнхээ тэтгэврийг үүрдэг буруу жишгийг бас тогтоов. Харин одоо улстөрчдийн сонгууль харсан шийдвэрийн төлбөрийг нийтээрээ үүрэх болчихлоо.
Сонгуулийн өмнө малчид, тариаланчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээр нь дамжин хийгдэж байна. Олон нийтээс энэ ажил нь багагүй шүүмжлэл дагуулсан ч тэд эрх баригчид учир зүтгүүлсээр баталж орхисон. Ингээд л хөдөөнийхөнд нэр нүүр сайтай болоод авчихаж байгаа юм.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуульд “Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна” гэж тусгажээ.
Өөрөөр хэлбэл, сайн дураараа даатгуулсан нийт малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр таван жил даана гэсэн үг. Улстөрчдөд ээлтэй, малчдад ашигтай энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даавал 88.9 мянган хүн хамрагдаж, төсвөөс жил бүр 33.7 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Салбар яам энэ ажилд таван жилд 135 тэрбум төсвөөс хэрэгтэй гэж тооцоолжээ. Ажил олгогч даатгуулагчийн төлөх мөнгө нэмэгдэж, тэтгэвэрт гарах нас ч уртсаж байхад малчдын тэтгэвэр тогтоолгох нас богиносож шимтгэлийнх нь талыг төр төлөөд өгчихнө. Ерөөсөө нийгмийн даатгалаар дамжуулж сонгуулийн усалгаа хийж байгаа энэ явдлыг эсэргүүцэж хуульчид Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцээс энэ асуудалд маргаан үүсгэн, авч хэлэлцэх эсэх нь ч одоогоор шийдэгдээгүй л байна.
Энэ хуулийн гол хэрэглэгч болох малчдын зүгээс төрөөс энэ төрлийн хөнгөлөлт эдлэхийг хүсээгүй гээд буй. Олон нийтийн зүгээс татвар төлөгчдийн мөнгөөр адилхан хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүсийн даатгалыг хөнгөлөх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлсэн ч тэд ард түмнийхээ үгийг сонсоогүй. Тэгвэл Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсад НДШ төлөх ёстой 220 гаруй мянган малчид бий. Үүний 25 хувь нь НДШ төлж байна. Бусад 75 хувь нь шимтгэл төлөхгүй болохоор ирээдүйд тэтгэвэр тогтоолгох нөхцөл, өнөөдрийн нийгмийн хамгааллын асуудал баталгаа алдагдаад байна. Малчид хамгийн их эрсдэлтэй ажил эрхэлдэг. Тиймээс НДШ төлж нийгмийн баталгаагаа хангуулах шаардлагатай учраас хуулийн төсөлд малчдын шимтгэлийн 50 хувийг төр хариуцахаар, 50 хувийг малчин өөрөө хариуцахаар оруулсан. Ингэснээр улсын төсвөөс жилд 25 тэрбумын зардал гарна” гэсэн тайлбар өгсөн билээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хэлсэн үгийг нэхэн сануулвал, “Чоно борооноор гэгч зүйл боллоо. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг уг нь намрын чуулган хүртэл хойшлуулна гэж байсан ч баталчихлаа. Бид малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөөр боллоо. Иргэддээ энэ заалтыг эсэргүүцэхийг уриалж байна. Ерөнхийлөгч хориг тавих боломж бий. Хориг тавихгүй бол миний хувьд хуулийн энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийн 48 нь орон нутгаас сонгогдсон учраас малчинтай холбоотой заалт дэмжигдээд байна" гэдгийг онцолж байсан удаатай. Гэвч Ерөнхийлөгч хориг тавихгүй байсаар хууль нь батлагдсан юм.