Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улирааж, Ж.Батжаргалыг шинээр сонгохыг дэмжлээ

Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улирааж, Ж.Батжаргалыг шинээр сонгохыг дэмжлээ

 

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.   Уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Батшугарыг улируулан томилохоор шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулав.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул байнгын хорооны даргыг улирлуулан сонгох санал хураалтыг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.  Байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ж.Батжаргалыг томилохыг гишүүдийн олонх дэмжжээ.  МАН-ын бүлгийн санал, нэр дэвшигчийн талаар Байнгын хорооны дарга Б.Саранчимэг танилцуулав.  УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нь 1986 онд Төв аймгийн Зуунмод сумын II дунд сургууль, 1990 онд МУИС-ийг банкны эдийн засагч, 1996 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгсчээ.  2002-2012 онд Төв аймгийн ИТХ-ын дарга, 2012-2016 онд Аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016-2020 онд Төв аймгийн Засаг дарга, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.  "Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Ж.Батжаргалыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  76.9 хувь нь дэмжсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

Мөн УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Ингэснээр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон юм. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар ерөнхий нарийн бичгийн даргад Д.Энхбатыг нэр дэвшүүлжээ. Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх томилгоог хэлэлцэн түүнийг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжсэн юм. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Энхбаярыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7224)

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан