Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

 

Манай улс 32 жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцтэй болсон. Угтаа Үндсэн хуулийн шүүх л дээ. Энэ нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний үйл ажиллагааны хууль ёсны байдалд хяналт тавих, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний баталгааны хэрэгжилтэд Үндсэн хуулийн замаар хяналт тавьдаг тусгай шүүхийн үүргийг гүйцэтгэдэг. Монголд энэхүү чиг үүрэг Үндсэн хуулийн Цэцэд оногдсон. Үндсэн хуулийн 64.1-т “…Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" гэж заасан. Харин тухайн үеийн хууль тогтоогчид шүүхээс ялгах гэж, бас гоёчлох, бэлгэдэх маягтайгаар үндэсний “хэв маяг” бүхий Цэц хэмээх нэрийг хайрласан гэдэг. Харин энэ нь өдгөө буруу тал руугаа хэлбийсээр угтаа тулж байх шиг байна. Хуульчид, эрхзүйчдийн ноён оргил болсон энэ албан тушаалд улс төрийн томилгооны гишүүд очдог. Саяхныг болтол ингэж л ярьдаг байв. Ярьдагч гэж, бодит байдал нь тийм л байсан. Улс төрийн томилгоотой, улс төрийн нөмөр нөөлөгтэй учраас Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр ч улс төрийн өнгө дагаж гардаг болсон. Дээрээс нь тэнд очсон гишүүд дархан эрхэндээ, хамгаалалтдаа дулдуйдан ёс зүйн алдаанууд гаргах нь ихэссэн. Тэр талаар энд бичих нь илүүц. Монгол даяараа мэднэ. Улс дамнаад шуугиан тарьж байсан явдлууд ч бий. Ингэж л Үндсэн хуулийн Цэц өнөөдөр муу бүхний уурхай, ёс зүйгүй хүмүүсийн цуглуулга мэтээр харагдах болов. 


Хамгийн сүүлийн ганц л жишээ гэхэд Үндсэн хуулийн Цэц даргаа сонгож чадалгүй дөрвөн сар болж байна. УИХ-аас 2023 оны арваннэгдүгээр сарын 17-нд Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатыг чөлөөлснөөр энэ суудал эзгүйрсэн. 
Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Тэдний дун­даас дарга нь тодрох ёстой гэсэн үг.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6.1-т “…Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан. Мөн 6:2-т “…Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно” гэж бий. Эндээс харахад, энэ есөн гишүүн хэзээ ч хуралдаад хэн нэгийгээ даргаараа сонгочих боломжтой. Гэвч тэгсэнгүй. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн даргын марафон далд үргэлжилж, энэ нь олон нийтэд хүртэл мэдрэгдэх болов. Байсгээд л хэн нэгийгээ том сонин хэвлэлд захиалгат нийтлэлээр балбаж байна. Тэгсхийгээд л хэн нэгийнх нь видео бичлэг цахим сүлжээнд олны хүртээл болж байна. Монголд юуг ч нуух аргагүй л дээ. Энэ бүхний ард нөгөө л Үндсэн хуулийн Цэцийн гишүүд байж таарах юм. Мөн ч муухай зан шүү. Зэрэгцэж сууж байгаад л нэгийгээ сонин хэвлэл, сошиал ертөнцөд “од” болгон таниулах нь энд бичээд байгаачлан Үндсэн хуулийн Цэцийн даргын “сонгуулийн марафон” аж. 


Уг нь сүүлийн 2-3 жилд Үндсэн хуулийн Цэцийн гишүүд эрс шинэчлэгдсэн. Олон жилийн туршид Үндсэн хуулийн Цэцээр бамбай хийж ирсэн “хүнд гарууд” төрхөмдөө буцсан. Тэгээд МУИС-ийн багшаас эхлээд дээшилсэн хэд хэдэн мундаг залуу хуульч энэ шүүхийн босгыг давсан. Гээд тэд хуучин хэдийнхээ арга мэхэнд нам цохиулсаар хуулийн дагуух томилгоог ч санаачлан хийж чадахгүй байна. 


Удахгүй Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль шинэчлэгдээд хэрэгжинэ. УИХ руу орчихсон явж байна. Түүгээр наад зах нь Үндсэн хуулийн Цэцийн шийддэг хэрэг жинхэнэ шүүхийн өнгө аястай болохоор яригдаж байна. Урьдных шиг дандаа улс төрийн агаарт тохируулсан, дарга дагасан шийдвэр гаргадаг хэрэг маргаан шийдэхээсээ иргэний гомдлыг ямар нэг аргаар барагдуулж, Үндсэн хуульд нийцүүлдэг Шүүх болно. Иймэрхүү өөрчлөлтүүд яригдаж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн цоо шинэ үүрэгт гишүүд нь өөрсдөө ч бэлтгэгдэх хэрэгтэй. Тэгэхдээ нөгөө л хуучнаараа биш. Бас л хуулийнхаа баримтлал шиг цоо шинээр бэлтгэх учиртай. “…Хэр их удсан, хэн улс төрд нөлөөтэй, хэн их хор хийдэг вэ” гэдгийг бус, харин “…Хэн Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуулийн манаач болгож чадах вэ” гэдгээр нь даргаа сонгох хэрэгтэй. Ингэж “цэвэр агаар” оруулах цаг нь болсон. Тэр шинэ дарга нь Үндсэн хуулийн Цэцийг олон жил бугшсан муу муухай болгоноос цэвэрлэх хэрэгтэй. Тэгж байж л Үндсэн хуулийн Цэцийн, түүний гишүүдийг нэр хүндийг өндөрт гаргахаас өөр гарц байхгүй. Эс тэгвээс өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль манаачгүй, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нь олны доог, онигооны баатрууд гэдэг нэр хочтой болоод байна шүү. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 59, 60 (7303, 7304)

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан