Хуванцрыг хумсны гоёл болгон урладаг Япон маникюрчин

Хуванцрыг хумсны гоёл болгон урладаг Япон маникюрчин

 

Дэлхийн удирдагчид хуванцар бохирдлын асуудлыг шийдэх гэж хөөцөлдөж байх зуур Японы маникюрчин Наоми Аримото хуванцар ашиглан хумсны гоёл хийж байна. Тэрээр Токиогоос өмнө зүгт байрлах гэрийнхээ ойролцоо “Аримото” гэх гоо сайхны салон ажиллуулдаг бөгөөд 2018 онд нуруу нугасны өвчний улмаас нийгмийн ажилтны ажлаа орхисныхоо дараа тус салоноо нээжээ. Мөн 2021 оноос хойш “Умигоми” буюу далайн хог хаягдлаар хумсны гоёл урлаж байгаа бөгөөд хумсан дээр нааж болохуйц жижиг хуванцруудыг элснээс түүж, гоёл чимэглэлийн шигтгээ болгон хувиргадаг байна. Мөн тэрээр далайн эрэг дагуух олон нийтийн цэвэрлэгээнд оролцсоныхоо дараа энэхүү санаагаа олсон тухайгаа ярьжээ.
42 настай Наоми "Далайд хуванцар хог хаягдал ямар их байдгийг нүдээрээ харсан даруйдаа байгаль орчны асуудлын талаар ойлгож авсан. Аймшигтай санагдсан” гэжээ.
Дэлхий даяар хуванцар хаягдлын асуудал нь байгаль орчин, эдийн засаг, эрүүл мэндийн томоохон сорилтуудын нэг болж байна. Хуванцрын хэрэглээний өсөлт, дахин боловсруулах тогтолцооны сул талууд нь энэ асуудлыг улам хурцатгадаг. Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн мэдээлснээр жил бүр 20 сая тонн хуванцар хог хаягдал байгальд хаягддаг байна.
Далайн хог хаягдлыг дахин ашиглахын тулд хуванцрыг цэвэр усаар зайлж, дараагаар нь өнгөөр ялгадаг бөгөөд түүнийгээ жижиг хэсгүүдэд хувааж, хайлуулахынхаа өмнө металл цагаригт байрлуулан хиймэл хумсанд бэхлэх боломжтой өнгөлөг диск болгодог байна.
Наоми энэхүү урлалаа далайн хуванцрын бохирдолд дуслын төдий нэмэр болно гэдгийг мэддэг ч уг асуудлын талаарх хүмүүсийн ухамсрыг дээшлүүлэх нэгэн алхам болно гэж итгэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр "Эдгээрийг хүмүүсийн нүдний өмнө, хурууны үзүүр дээр тавьснаар тэд шинэ чиг хандлагаас таашаал авахын зэрэгцээ байгаль орчны асуудлыг илүү сайн мэддэг болно гэж найдаж байна” хэмээн бодлоо хуваалцжээ.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан