ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр өнгөрсөн баасан гаригт ажлаа өгөх гэж байжээ. Учир нь Ц.Амгаланбаяр бол УИХ-ын дарга асан М.Энхболдын ойроос ойр, дотноос дотно хүмүүсийн нэг. Тиймээс М.Энхболдын араас албан тушаалаа өгөөд явах хүмүүсийн нэр бүхий “хар жагсаалт”-ын дээгүүрт нэр нь бичээстэй байсан гэсэн үг.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч Ц.Амгаланбаярыг ийн “хөөхдөө” ХСИС-ийн захирал болгохоор зэхэж байсан байна. Ингэхийн тулд өмнөхөн нь ХСИС-ийн захирлаар ажиллаж байсан Ө.Энхтөрийг чөлөөлж, Ц.Амгаланбаярт ажил гаргачихаад тушаалд нь гарын үсэг зурахаар бэлдчихээд байжээ.
Гэтэл тэр шөнө нь буюу 2019 оны хоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө 461 дүгээр ангид түр саатуулагдаад байсан шүүгч асан амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэг гараад тав хонолоо. Шүүгчийн амиа алдсан тухайд элдвийн таамаг мэдээлэл хэвлэлүүдээр хөвөрсөөр байна.
Харин ШШГЕГ-аас үүнийг “учрал” буюу амиа хорлосон гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. Бусдаар ХЗДХЯ болоод ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр таг чиг.
Ер нь бол шүүгч амиа хорлосон, эсвэл бусдад хорлогдсоны аль нь ч бай, ШШГЕГ-ын хорих, саатуулах байранд амь насаа алдсан нь л асуудлын гол юм.
ШШГЕГ-ын харьяа хорих ангиуд бол хүн “хадгалдаг”, хүний амь насыг хариуцдаг газар. Тэр утгаараа онцгой объект болдог. Хуульд нь ч ингэж заасан. Шүүх, прокурорын шийдвэрээр цагдаа, АТГ-ынхан хүн хорьж, ШШГЕГ-ынхан амь нас, эрүүл мэндийг нь хамгаалан хариуцах эрх үүрэгтэй юм. Нэг үгээр тэд хүний амьд явах эрхийг хамгаалах ёстой.
ШШГЕГ-ын эх сурвалж Хяналтын болон давхрын ажилтнууд сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй. Шалгалтын дараа эцэслэгдэж шийдэгдэнэ. Цагдаагийн байгууллага болон ШШГЕГ-аас шалгалтыг хийж байна. Өрөө бүрт камертай. Тухайн давхрын ажилтан нь бүх өрөөний камертаа зэрэг хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, нэг ажилтан 20-30 камерыг ганц дэлгэц дээр хянадаг. Давхрын харуул болон хяналтын албан хаагч ажлын байран дээрээ байсан. Харин камерын байршлаас хамаарч үзэгдэх орчин хязгаарлагдмал тул нэг камераар аливаа өрөөг бүрэн харах боломжгүй” гэж хэвлэлээр ярьсан.
Өөрөөр хэлбэл, шүүгчийн амь насаа алдаж байгаа үеийг камераар бүрэн хянах боломжгүй байсан гэсэн агуулгатай тайлбарыг өгсөн байгаа юм. Гэтэл тэр хэдэн өрөөг бүрэн камержуулах хэмжээний хөрөнгийг Ц.Амгаланбаяр яаж зарцуулж байсныг олон нийт мартаагүй л байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ажлаа аваад удаагүй байхад нь мань эр З60 сая төгрөгийн үнэтэй, тусгай тоноглолтой супериор “Лексус-570” жийп машиныг ШШГЕГ-ын хөрөнгөөр авч өгөөд баллаагүй юу.
Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сарын 21 -ний өдөр Г эрээ байгуулах эрх олгох тухай тушаал гаргаж, тэр өдөр нь ШШГЕГ-ын Санхүү, хангамжийн газрын дарга, дэд хурандаа Я.Ган-Эрдэнэ, “Лотус голд майнинг” ХХК-ийн захирал Д.Гарамдагва нар Ц.Нямдорж сайдын машиныг нийлүүлэх гэрээг байгуулсан байдаг.
Нөгөөх нь ч тэр машиныг нь унаж яваад хэвлэлээр баахан баалуулсан. Хамгийн марзан нь Ц.Нямдорж сайдын “Лексус-570” жийп машины “хэрэг” У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн тайлан хурлыг эгээтэй л тараагаад хаячихаагүй.
Тэгэхээр тэрхүү 360 сая төгрөгөөр ганц 461 дүгээр Хорих анги байтугай өөр хэд хэдэн хорихыг нүх сүв үлдээхгүй хянаж чадах камераар тоноглох боломж байсан гэсэн үг.
Үүнээс гадна талийгаачийн бэр хэвлэлд ярихдаа “...Хорих ангийн дарга нь согтуу байсан” гэсэн. Энэ бүгдээс үзвэл лав л Хорих ангийн дарга, бас камер хянагч, хяналтын ажилтан гэсэн хүмүүс хариуцлага хүлээгээд дуусах болж байх шиг байна.
Гэвч ингэж болохгүй.
Ёс зүй, ёс суртахуун гэж нэг юм бий. Тэд амиа алдсан шүүгчийн ар гэр, за тэгээд Монголын төрөөс үүргээ гүйцэтгэж чадаагүйнхээ төлөө хүлцэл, уучлал хүсэх учиртай. Г эсэн ч энэ тав хоногт Ц.Амгаланбаяр болоод бусад ШШГЕГ-ын удирдлага нь “...Миний хариуцлага алдсанаас болоод хүний амь эрсэдлээ” гээд хэлчихэж чадсангүй. Уг нь ямбыг нь эдэлсэн юм, ялыг нь үүрэх зориг тангаргийг нь өргөөд генерал, хурандаа цол хүртэл явсан энэ эрст байх ёстой юм.
Бас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 267 дугаар зүйлийн 267.2.2-т “...хорих анги нь хоригдлын аюулгүй байдлыг хангах, тэдний дунд хууль ёс, дэг журмыг сахиулах, хоригдол бусад этгээдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх” үүрэгтэй гэж заасан. Энэ үүрэг хэрэгжсэнгүй.
Түүнчлэн уг хуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын бүрэн эрхийн тухай 262 дугаар зүйлийн 262.1.1-т “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах”, “...262.1.2-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах, биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих” зэргийг тусгасан байгаа юм.
Энэ нь ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярт хамаатай зүйл заалтууд юм.
Иймээс бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй Ц.Амгаланбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу албанаасаа халагдах болж байх шиг байна. Хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-т “.. .өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” бол албанаас хална гэсэн байгаа юм.
Уг нь ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Цэвэгмидийн Амгаланбаяр ОХУ-ын Дотоод явдлын яамны сургууль, Дотоод явдлын яамны Удирдлагын академийг төгссөн. Хууль зүйн ухааны доктор цолтой. Тэрбээр 2000-2006 онд Замын цагдаагийн газрын даргаар, 2006-2007 онд Цагдаагийн академийн захирлаар, 2007 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар, 2016 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс ШШГЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа юм.
Юутай ч тэрбээр Ө.Энхтөрийг явуулаад оронд нь очихоор зэхэж байсан ХСИС-ийн захирлын албан тушаалд ч очих боломжгүй болж байгаа бололтой.
Хэрэв Засгийн газар, ХЗДХЯ-наас Ц.Амгаланбаярыг ХСИС-ийн захирлаар томилж шийдвэл, түүнд хариуцлага хүлээлгэж бус шагнаж явуулсан болж таарах юм.
Б.Дамдин-ОчирЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин