Женнифер Аптон: АНУ-д түр хугацаагаар ажиллах H2 виз авснаар гэр бүлээ авч явах боломжтой

АНУ-д түр хугацаагаар ажиллах H2 визний хөтөлбөрт хамрагдахын тулд хэрхэн ажил олох, бүртгүүлэх, мөн энэ хөтөлбөрт хамрагдахад ямар шаардлага хангасан байх талаар АНУ-ын ЭСЯ-ны дэд консул Женнифер Аптонтой ярилцлаа.
Та ярилцлагыг бүрэн эхээр нь дараах видеоноос үзэх боломжтой. 
-АНУ-ын ЭСЯ-нд H2  визний талаар хүмүүс голчлон ямар асуудлаар хандаж байна вэ?
-Юуны өмнө намайг урьж ярилцлага авч байгаад талархаж байна. H2 визний талаар монгол хүмүүс буруу ташаа мэдээлэлтэй байгаа учраас энэ визний талаар мэдээлэл өгөх гэж байгаадаа таатай байна. Манай ЭСЯ-нд хүмүүс хандаж, виз мэдүүлмээр байна, намайг бүртгээд өгөөч гэсэн хүсэлтээр их ирж байгаа. Гэвч ЭСЯ-нд ирж бүртгүүлдэггүй.
H2 виз нь хоёр төрөлтэй: H2A нь хөдөө аж ахуйн салбарын ажилчид, H2B визээр хөдөө аж ахуйн бус салбарын ажилчид авдаг. Тухайн ажил олгогчтой хийж байгаа гэрээнээс шалтгаалаад нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар визээ сунгах боломжтой. Хийх гэж буй ажлаасаа шалтгаалаад хэлний мэдлэг ямар түвшинд байх талаар тухайн компанитай хийх гэрээнд тусгасан байдаг.
-H2A, H2B визний талаар дэлгэрэнгүй ярихгүй юу. Ямар ялгаатай вэ?
-H2A нь мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн салбарт ажиллах виз. H2B виз хөдөө аж ахуйн салбарын бус буюу зочид буудал, зоогийн газар, цэцэрлэгт хүрээлэн, барилга зэрэг салбарт ажиллах визний төрөл юм. Энэ хоёр нь хоёулаа түр хугацаагаар ажиллах виз.
-H2  виз мэдүүлэх хүсэлтэй байгаа иргэдэд ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ? Мэргэжлийн, хэлний болон насны шаардлага тавьдаг уу?
-Насны доод хязгаар 18 байх ёстой, харин дээд хязгаар гэж байхгүй. Хөдөө аж ахуйн салбарт ажиллах гэж байгаа хүн бие бялдрын хувьд тухайн ажлыг хийх чадвартай байх хэрэгтэй. Визний ярилцлага өгөхөд заавал англи хэлтэй байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Хийх гэж буй ажлаасаа шалтгаалаад хэлний мэдлэг ямар түвшинд байх талаар тухайн компанитай хийх гэрээнд тусгасан байдаг.
-H2 визээр Америк явах гэж байгаа иргэд гэр бүлээ авч явах боломжтой юу?
-Гэр бүлийн гишүүд нь H4  виз мэдүүлж явж болно. Ингэхдээ H2  виз мэдүүлж байгаа хүнтэй хамт мэдүүлээд явж болно, эсвэл визээ мэдүүлээд дараа нь явж болно. Ажил хийх гэж байгаа хүн эхнэр эсвэл нөхрөө, 21-ээс доош насны гэрлээгүй хүүхдээ авч явж болно.
-Дагалдан явж байгаа гэр бүлийн гишүүд ажил хийх, хүүхдүүд нь сурах бололцоо байдаг уу?
-Хүүхдүүд нь сургуульд сурах боломжтой. Харин H4  визээр дагалдан ирсэн эхнэр эсвэл нөхөр ажил хийх боломжгүй.Хүүхдүүд нь сургуульд сурах боломжтой. Харин H4  визээр дагалдан ирсэн эхнэр эсвэл нөхөр ажил хийх боломжгүй.
-Монголоос танай байгууллагатай гэрээ хийсэн албан ёсны зуучлагч байгууллага байгаа юу?
-Энэ асуултыг асуусанд баярлалаа. Учир нь монголчууд энэ талаар  буруу мэдээлэлтэй байгаа. Улаанбаатарт байгаа зарим байгууллагууд “бид ЭСЯ-тай гэрээтэй, манайх зөвшөөрөгдсөн байгууллага, бид ажил олж өгнө” гэж байна. ЭСЯ-ны зүгээс ямар ч тусгай зөвшөөрөл олгосон, албан ёсны байгууллага, хувь хүн одоогоор байхгүй. Ажил олгогч олох тал дээр ЭСЯ хамтарч ажилладаггүй. Тэдгээр хүмүүс магадгүй виз мэдүүлэгчдээс манайх зөвшөөрөгдсөн, манайх гэрээтэй гэж хэлээд та бүхнээс мөнгө авах магадлалтай. Тиймээс манай UlaanbaatarFPU@state.gov хаягаар бидэнд мэйл бичээд, мэдээлэл авах боломжтой.Америк явж ажил хийх гэсэн хүсэлтэй байгаа бол Америкт төрөл садантай, эсвэл англи хэлтэй таньдаг хүн, найз нөхөд, хамаатан садан байгаа бол Америкийн хөдөлмөрийн яамны вэб сайт руу ороод ажил олгогчдын мэдээллийг олох боломжтой.
-Өнөөдрийн байдлаар H2 визээр Америк явсан хүн байгаа юу?
-2018 оны нэгдүгээр сараас энэ хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэлснээс хойш долоон хүн H2A, H2B визээр Америк явсан.
-Визний хураамж байгаа юу?
Иргэдийн хамгийн их сонирхдог асуулт бол цалин хөлсний хэмжээ. Тиймээс энэ визээр ажил хийх гэж байгаа хүмүүс ойролцоогоор хэдий хэмжээний цалин авах боломжтой вэ. Мөн байр, хоолны зардлаа хэрхэн шийдэх вэ?-Визний хураамж 190 доллартай тэнцэх төгрөгийг бусад визний адил Хаан банкинд төлнө. Харин байр хоолны зардал, цалин хөлс нь тухайн ажил олгогчтой хийж байгаа гэрээнээс шалтгаална. Зарим ажил олгогч байр хоолны зардлыг даадаг бол зарим тохиолдолд ажилтан байраа өөрөө олох шаардлагатай байдаг.Түүнчлэн аль мужид, ямар ажил эрхлэхээс шалтгаалаад цалин өөр байдаг. H2 виз мэдүүлж байгаа хүмүүс гэрээгээ англи, монгол хэлээр маш сайн уншиж шалгах хэрэгтэй. Очоод үнэн шударга цалин авах уу, ажлын нөхцөл байдал ямар байх вэ гэдгийг гэрээтэйгээ танилцаж байж мэднэ. Түүний дараа визээ мэдүүлэх хэрэгтэй. Визний хураамж болох 190 доллараас өөр хураамж байхгүй
-Виз мэдүүлсний дараа хариу нь хэзээ гарах вэ?
-Америкаас ажилд авах зөвшөөрөл нь ирээд, визний хураамжаа төлөөд, маягтаа бөглөөд визээ мэдүүлсний дараа ихэвчлэн ажлын хоёр өдөр болдог. Зарим тохиолдолд визний материалтай нэмэлт танилцах хугацаа шаардагддаг учраас хоёр хоногоос илүү хугацаа шаардагдах магадлалтай. Зуучлагч байгууллагуудын талаар нэмж хэлэхэд бид ямар ч байгууллагатай албан ёсоор хамтарч ажиллаагүй гэдгийг дахин хэлмээр байна. Хэрвээ бид ЭСЯ-тай тийм гэрээ хийсэн, албан ёсны зөвшөөрөлтэй гээд H2 визээр хүмүүсийг Америк явуулна гэж ярьж байгаа энэ бол ташаа мэдээлэл. Ийм мэдээлэлд болгоомжтой байх хэрэгтэй. Тиймээс UlaanbaatarFPU@state.gov хаягаар хандах боломжтой.
H2 виз авах боломжтой болсон цөөн орнуудын тоонд Монгол Улс ордог. Тийм учраас манай Засгийн газраас анхааралтай харж байна. Ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа хийвэл H2  визийг монгол хүнд олгохоо зогсоох магадлалтай учраас харамсалтай байдалд хүрэхийг хүсэхгүй байна.
-Жилдээ АНУ 66 мянган ажилтныг гаднаас авна гэсэн квот тогтоож өгсөн юм билээ. Монголоос төчнөөн ажилтан авна гэсэн тоо байгаа юу?
-H2A  визэнд ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй. Харин H2B  визэнд дэлхий даяар 66 мянган ажилтны квот тогтоосон. Харин тухайн улсаас төчнөөн хүн авна гэсэн тоо байхгүй. Энэ төрлийн визийг авсан 66 мянган хүний тоо бүрдвэл хөтөлбөрт хамрагдах хүний тоо дууссан гэж ойлгож болно.
-Төгсгөлд нь H2  визийг сонирхож байгаа хүмүүст юу анхааруулж хэлэх вэ?
-H2 виз хэрхэн мэдүүлэх талаар товчхон ярья. Эхлээд H2   виз мэдүүлэх гэж байгаа хүмүүс ажлын байраа олох ёстой байдаг. Ажлыг Элчин сайдын яамны вэб сайт болон Америкийн хөдөлмөрийн яамны вэб сайтад байгаа хаягуудаар ороод ажил олгогчоо олох ёстой.
·Дараа нь Америкт байгаа ажил олгогч таны өмнөөс Хөдөлмөрийн яаманд I-129  өргөдлийг гаргаж өгнө.
·Энэ талаарх мэдээллийг uscis.gov гэсэн цахим хаягнаас энэ өргөдлийн талаарх мэдээллийг олж болно. ЭСЯ буюу бид виз мэдүүлэгчдийн өмнөөс өргөдлийг  гаргадаггүй.
·Ажил олгогчийн гаргасан өргөдлийг Дотоодын аюулгүй байдлын яам зөвшөөрсөн байх ёстой.
·Зөвшөөрөл нь ирсний дараа ажил олгогчтойгоо гэрээ байгуулна. Миний зүгээс зөвлөхөд гэрээгээ англи болон монгол хэл дээр зурж, визний ярилцлаганд ирэхдээ авчрах хэрэгтэй.
·Дараагийн алхам DS-160 онлайн маягтыг бөглөөд 190 доллартай тэнцэх төгрөгийг Хаан банкинд төлнө. Хэрвээ ажилд зуучилж байгаа байгууллага 190 доллар дээр нэмэлт мөнгө аваад үүнийг Америкийн ЭСЯ-наас авч байгаа нэмэлт хураамж гэж хэлбэл худлаа шүү. 190 доллараас өөр хураамж байхгүй.
·Дараа нь визний ярилцлагынхаа цагийг товлоод ЭСЯ-нд ирж ярилцлаганд орно. Ярилцлага мэдээж амжилттай болно байх гэж найдаж байна. Ярилцлага амжилттай болоод визээ авбал мэдээж Америк явна. Америкийн хилээр нэвтэрч орсны дараа H2 визийнхээ хугацааг хэтрүүлэхгүйгээр эргэж ирнэ гэж найдаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
А.Наранцацрал
H-2A болон H-2B виз мэдүүлэгчдэд зориулсан АНУ-ын засгийн газрын албан ёсны мэдээллийн эх сурвалжууд:
АНУ-ын Төрийн Департамент: 
АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын алба (USCIS):  
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд визний цаг товлох: 
АНУ-ын Хөдөлмөрийн Яам, Гадаадаас ажиллах хүч элсүүлэгчдийн жагсаалт:  
АНУ-ын Хөдөлмөрийн Яам, Түр ажил эрхлэлтийн асуулгын маягт:  
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан