Амиа алдсан шүүгчийг хорихоос 20 хоногийн өмнөх шөнө УИХ дээр болсон явдал

Хуульчдаас асууя? Сэжигтнийг цагдан хорихын хамгийн гол зорилго нь оргон зайлах, хил даван зугтахаас сэргийлэх гэж олон нийт ойлгодог. Хуулийнхан ч тэгж тайлбарладаг. Тэгвэл сэжигтнээр шалгаж байхад цагдан хориогүй, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас хил давуулаад алдчихсан хэчнээн хүн байдаг вэ? Зарим хуульч “Алтан Дорнод Монгол”-ын хуучин эзэн Паушокоос өөр хүн байдаггүй гэх. Зарим нь төмөр замын хэрэгт шалгуулж байсан, одоо интерполоор эрэн сурвалжилж буй Ганбат, Бат-Эрдэнэ гэж хоёр хүн бий, тэд оргон зайлж чадсан гэх. Албан бус хоёр эх сурвалжийн мэдээллээр бол сэжигтнээр шалгаж байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас хил давуулаад алдчихсан цөөхөн л хүн байдаг бололтой юм.
Хэрвээ ийм цөөхөн тохиолдол байдаг, оргон зайлах үндэслэл баттай харагдахгүй бол сэжигтнийг заавал цагдан хорих шаардлагатай юу?, 461 дүгээр ангид амиа алдсан шүүгч Бямбаа агсныг заавал цагдан хорих ямар шаардлага байсан бэ, тэтгэврийн, 67  настай хөгшин ар гэрээ хаяад хаашаа оргон зайлах байсан бэ. Энэ бол нийгэмд асуултын тэмдэг, хайртай хүнээ алдсан ар гэрийнхэнд нь асар их гомдол болон үлдэж байна.
Хэрвээ Монголын төр ажлаа хийдэг, баталсан хуулиа хэрэгжүүлдэг, бодлогоо ажил болгодог байсан бол санамсаргүйгээр, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн олон залуус өнөөдөр заавал шоронд ялаа эдлэхгүй байх байлаа. Тийм хууль аль хэдийнэ гарч, зарим санхүүжилт тодорхой болж, тооцоо судалгаа бэлэн болсон байв.  Тухайлбал, шүүгч Л.Бямбаа агсны кейс дээр гэхэд түүнийг заавал 461 дүгээр ангид цагдан хорихгүйгээр зорчих эрхийг нь хязгаарлах орчныг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд боломжтой байлаа.
УИХ одоогоос гурван жилийн өмнө, 2016 онд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Уг хуулиар зорчих эрхийг хязгаарлах, мөн ял оноохдоо заавал шоронд цагдан хорихгүйгээр гэрийн хориод оруулах, гарт нь электрон гав зүүж хөдөлгөөнийг хянах зэрэг ялын шинэ төрлүүдийг нэмсэн юм. Энэ нь 1.5 жил хүртэлх хоригдох ялтай шүүгдэгчдэд шүүхээс оноох ял хэдий ч, мөн гэмт хэргийн сэжигтнүүдэд таслан сэргийлэх, зорчих эрхийг нь хязгаарлах, хянах зорилгоор ашиглаж болох шинэ бөгөөд олон улс оронд өргөн ашигладаг арга юм.  Дэлхийд мэдэх хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл ОУВС-гийн тэргүүн асныг хүчингийн хэргийн улмаас гэрийн хорионд хязгаарлаж байгаад шалгаж, мөн шүүхээс энэ төрлийн ял ногдуулжээ.  
Харин Монголд энэ хуулийг энэ оны эхний өдрөөс буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тов тогтоожээ.  Бэлтгэл ажлыг хангах хүрээнд электрон гав, чип зэргээ хянах зорилго бүхий Цахим хяналт, удирдлагын төвийг байгуулахаар болж, санхүүжилтийн 9.5 сая долларыг БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийджээ. Мөн уг төвийг барих газрын асуудлыг шийдэж, газар эзэмших гэрчилгээг нь ШШГЕГ-т олгосон байна.
Гэвч санхүүжилт бүрэн шийдэгдээгүй, цахим бугуйвч, түүнийг хянах дагалдах төхөөрөмжүүдээ авахад мөнгө дутна гэсэн шалтгаанаар уг хуулийн мөрдөх хугацааг дахин 2 жилээр хойшуулах саналыг   Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ.
УИХ уг хуулийн төслийг хаврын чуулганы сүүлчийн өдрөө буюу 2019 оны хоёрдугаар сарын 2-ны шөнө хэлэлцээд  бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй гэдэг үндэслэлээр Засгийн газрын өргөн барьсан төслөөр нь баталжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан хуулийг хэрэгжиж эхлэх ёстой байсан хугацаанаас нь яг сарын дараа 2021 он хүртэл хойшуулахаар шийдсэн байна. Амиа алдсан шүүгчийг 461 дүгээр ангид цагдан хорихоос 20 хоногийн өмнөх шөнө, УИХ-ын  гишүүдийн 84.7 хувийн саналаар санамсаргүйгээр,  анх удаа, мөн  хөнгөн гэмт хэрэг үйлдэж шүүхээс 1.5 жил хүртэлх хорих ял авсан хүмүүс энэхүү ялаа гэрийн хорионд эдлэх боломжоо 2021 он хүртэл  алдаж, заавал шоронд биеэр эдлэх болж байна. Мөн гэмт хэргийн сэжигтнүүдэд оргон зайлах үндэслэл бүхий таслан сэргийлэх арга хэмжээг ч заавал 461 дүгээр ангид хорих болж байна.     
Харамсалтай, төрийнхөн ажлаа хийгээгүй, баталсан бодлого хуулиа товлосон цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүйн улмаас олон залуус  хэдийгээр алдсан, ял гэмтэй ч гэсэн хорих ялаа нийгмээс тусгаарлагдахгүйгээр, гэр бүлийнхээ дунд эдлэх, хүмүүжих боломжоо алдаж байна. Тэр хүн гэмт хэрэгтэн байж болно, гэхдээ нийгэмд, хувь хүндээ хүмүүжих нь чухал болохоос шоронжих ёсгүй. Тэр тусмаа сэжигтнээр шалгуулан хоригдож, төрийн хамгаалалт дор өөрийгөө хамгаалах чадваргүй болсон нэгэн амиа алдана гэдэг бол байж боломгүй.
Б.Сугар
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан