"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг ЦЕГ-ийн Эрүүгийн Цагдаагийн Газрын албан хаагчид албадан саатуулж, мэдүүлэг авч, мөрдөн байцаалтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
Үүнтэй зэрэгцэн, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан гэх хэрэгт холбогдолтой байж мэдэх этгээдүүдийн удирддаг "Худалдаа Хөгжлийн Банк" мэдэгдэл гаргав.Хачирхалтай нь уг мэдэгдэлд хэд хэдэн илт ойлгомжгүй өгүүлбэр байгаа нь анхаарал татна.
Тодруулбал уг мэдэгдэлд: "Сүүлийн өдрүүдэд ... нийгмийн сүлжээгээр ХХБанкны үйл ажиллагаа, түүний удирдлагыг илт буруутгасан агуулга бүхий мэдээ мэдээллийг тогтмол давтамжтайгаар өргөн хүрээнд тарааж... явуулснаас гадна тэдгээр мэдээлэлд үндэслэн тус банкны ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захиралд холбогдуулан шалгах ажиллагаа эхлүүлсэн байна" гэжээ.Өөрөөр хэлбэл ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг ямар үндэслэлээр Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг шалгаж буйг Худалдаа Хөгжлийн Банк сайн мэдэж байна гэсэн үг гэлтэй. Мөн
Монголын хуулийн байгууллага нийгмийн сүлжээгээр явж буй мэдээлэлд үндэслэж л "Сахал" Д.Эрдэнэбилэг гэгчийг шалгасан бололтой, Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагуудынхаар бол.
Мөн "Тус банк, түүний удирдлагын үйл ажиллагааны талаар гарсан мэдээллүүдийг эрх бүхий байгууллагууд богино хугацаанд хурдан шуурхай шалган, хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байна" гэсэн байна.
Ямар хугацаанд шалгах эсэх нь хуульд заагдсан асуудал төдийгүй ямар шийд гаргах нь ч цаг хугацааны л асуудал.
Гэтэл Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагууд хууль хяналтын байгууллагуудыг илтэд басамжилсан, үгүйсгэсэн, мөн хуулийн байгууллага тухайн асуудлаар ямар шийд гаргах талаар байр сууриа тусгасан МЭДЭГДЭЛ гэгчийг гаргасан нь тун харамсалтай.
Харин үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд шалгагдаж буй гүйцэтгэх удирдлагуудыг хэн хэн орлохоор болсон тухай шийдвэр бүхий, хэрэглэгчдэд хандсан бодит мэдээлэлтэй МЭДЭГДЭЛ гаргасан бол олон нийт талархан хүлээн авах байсан биз ээ.
Харин олон мянган иргэдийн хадгаламж бүхий ХХБ Монголын төрд үл итгэсэн, дайсагнасан, хууль хяналтын байгууллагуудыг шүүмжилсэн агуулга бүхий МЭДЭГДЭЛ гаргах нь хэрэглэгчдэд нь хэрхэн тусах юм бол доо?
М.Мөнхсайхан
http://www.sonin.mn/news/easy-page/100182