С.Эрдэнэ: Ерөнхий сайд шоу хийхээр Судан явсан

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Ээлжит бус чуулган зарлагдаж, төлөвлөгдсөн Татварын багц хууль, сонгуулийн хууль гэх мэт чухал хуулиудыг хэлэлцэх гэж байна. Гэхдээ энэ удаагийн ээлжит бус чуулганы зорилго нь хэдэн албан тушаалтныг л томилох юм уу даа?
-Хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлье. УИХ-ын гишүүний хувьд харж байхад ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлыг нь харахад зайлшгүй зарлагдах зүйл харагдахгүй байна. Хэдэн албан тушаалын томилгоо болон ердийн чуулганаар хэлэлцээд явах боломжтой зүйлүүд харагдаж байна. Эрх баригчид нийгэмд ажил хийж байгаа гэсэн дүр зураг харуулах гэсэн нөгөө л шоугаа л хийж байна гэж харж байна. Түүнээс улс орон, нийгмийн ач холбогдолтой эрх зүйн акт батлах зүйл харагдахгүй байна. Аминд тулсан, яаралтай шийдэх, ҮАБЗ-ийн хэмжээний асуудал үүссэн үед л ээлжит бус чуулган зарладаг шүү дээ. Тийм зүйл байхгүй байгаа учраас шоу л гэж харж байна.
“ВЕНЕСУЭЛИЙН АРААС ЯВАХ ГЭЭГҮЙ Л БОЛ АСУУДАЛ БҮРИЙГ ТУХАЙЛАН ХАРАХ ЁСТОЙ”
-Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой олон үйл явц өрнөлөө. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу ашигт малтмалын 400 гаруй лицензийг төрд авахаа мэдэгдлээ. Үүний эхний үйл явц нь “Эрдэнэт” үйлдвэр гэдгийг хэлж байсан. Энэ нь хувийн хэвшил рүү халдах, төр хэтэрхий дарангуйллын шинж рүү ороод байна гэдэг шүүмжлэлийг дагуулаад байна л даа?
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор төр маш бодлогогүй алхам хийж байна. Хууль зөрчсөн үйлдэл байсан бол хуулийн засаглалтай орны хувьд хууль, шүүхийн шатанд асуудлаа шийдүүлээд, ном журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага очиж битүүмжлээд асуудал тавьж байгаа бол нэг өөр. Зүгээр ЗГХЭГ-ын дарга нь хамгаалалтынхныг нь барьж зодоод битүүмжилдэг, нэг бол өөрөө гүйж очоод хэдэн  албан тушаалтныг халж, хаалга лацдаад л. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй ээ. Түүнээс гадна төсвийн мөнгөөр хайгуул хийсэн ордыг 34 хувиас доошгүйг нь төр эзэмшинэ гэсэн хуультай. Хуулийн зохицуулалттай байхад 400 лицензийг тэр чигээр нь төрд авна гэж байгааг ойлгохгүй байна. Ардчилсан намын үзэл баримтлалын үндсэн тулгуур зарчим бол хувийн өмчийг дээдэлсэн, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн баруун төвийн нам  байна гэдгээ зарласан, бид энэ байр сууриндаа хатуу зогсоно. Хэн нэгэн хүний хувь хүний эрх чөлөөнд халдах, хууль бусаар аж ахуй нэгжийн хувийн өмчид халдах ийм халдлагыг Ардчилсан нам хэзээ ч зөвтгөхгүй, хатуу зогсоно. 1992 оны шинэ Үндсэн хуулийн гол зарчим  бол хувийн өмч бол төрийн хамгаалалтад байна гэсэн заалттай. Төр өөрөө дуудлага худалдаагаар хайгуул хийх тодорхой хугацаатай олгосон лицензийг буцааж авна  гэдгийг зөв зүйл гэж харахгүй байна. Мөн эрх зүйн талаасаа буруу ойлголт яваад байна. Аль нэг орд газрыг тухайн компанид өмчлүүлсэн асуудал өнөөдөр байхгүй. Аль ч компанид ашиглах, хайгуул хийх лицензийг л олгож байгаа. Энэ нь тодорхой хугацаатай байдаг. Манайд албан ёсоор өмчлүүлээд худалдсан орд, лиценз байхгүй гэж харж байгаа. Хайгуулын болон ашиглалтын лицензийг яаж ашиглах талаар бүх үйлдлийг хуулиар зохицуулсан байгаа. Хууль, журмаа зөрчөөгүй л бол хайгуул, ашиглалтын лиценз хэвээр л байна. Цуцлах юм бол тухайн компанид учирсан хохирлыг төр өөрөө төлөх үүрэгтэй. Хэрэв маргаан үүсэх юм бол хуулийн байгууллагаар  шийдвэрлүүлэх эрхтэй. Түүнээс үл маргах журмаар хураана, хүч түрэмгийлсэн байдлаар авна гэвэл Монголд гадна, дотоодын хөрөнгө оруулагчид үргэнэ. Венесуэлийн араас явах гээгүй л бол асуудал бүрийг тухайлан харах ёстой.
-“Эрдэнэт” үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоохоор хэрэглэсэн хууль нь 1991 оны хууль. Гэтэл бид 1992 онд Үндсэн хуулиа баталсан байдаг. Гэхдээ үүнийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас хэрэглэх нь зүйн хэрэг гэж тайлбарлаад байгаа?
-УИХ-ын өөрийнх нь нэг алдаа. УИХ 1992 оны Үндсэн хуулиа баталсны дараа 1992 оноос өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хүчингүй болгох шийдвэр гаргах ёстой байсан. Гэхдээ ийм шийдвэр гаргаагүй нь тэр хуулиудыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа асуудал биш. Шинэ Үндсэн хууль,  түүний үзэл санаанд нийцсэн аливаа хууль хүчин төгөлдөр байх ёстой болохоос биш шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд нийцээгүй аливаа  зүйл байж болохгүй. Онцгой дэглэм тогтооно гэдэг нь коммунизмын үеийн л дэглэм. Шүүхийн тодорхой шийдвэр, захирамжаар тухайн  аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр буюу хэсэгчлэн зогсоох эсвэл битүүмжлэх эрх нь шүүхэд л бий. Түүнээс Засгийн газар давхиж очоод аж ахуй  нэгжийн хөрөнгийг битүүмжлээд, албан тушаалтныг нь халаад байдаг юм бэ. Төрийн өмчийн 51 хувийнхаа төлөөллийг солих асуудал нь Засгийн газрын эрхийн асуудал. 49 хувьд ногдож байгаа хувийн хэвшлийн албан тушаалтныг халах эрх Засгийн газарт байхгүй. Тэр бол шүүхээр л эцэслэгдэж, шийдэгдэх ёстой. Төр хүчирхийллийн хэлбэрээр  асуудалд хандах эрх байхгүй.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргасан. Та тухайн үед Засгийн газрын гишүүн байсан байх аа?
-Тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд би оролцоогүй. Засгийн газрын зүгээс мөнгө угаасан мэтээр тайлбарлаж байна. Энд мөнгө угаасан эсэх, арилжааны шинжтэй явсан эсэхийг Засгийн газар, түүний нэг сайд тогтоож, хэлдэггүй юм. Хөрөнгө босгох чиглэлээр мэдлэггүй юм байна гэдэг нь танилцуулсан санхүүгийн схемээс нь харагдаж байна л даа. Би нарийн мэргэжлийн эдийн засагч биш ч гэсэн тэр схемийг харж байхад хууль бус мөнгө босгосон гэсэн зүйл харагдахгүй байна лээ. Ер нь бол гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө босгох гэдэг нь хоёр өөр ойлголт байдаг. Гадаадаас мөнгө босгоход барьцаа, тодорхой хувьцааныхаа хувийг барьцаалах эсвэл Засгийн газрын баталгаатай байж хөрөнгө босгодог. Харин дотоодоос хөрөнгө босгох боломж нь эдийн засаг, санхүүгийн өөр процесс байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн танилцуулаад байгаа санхүүгийн схемийг бид судалж байна. Ямар схем байсан, мөнгө угаалт мөн биш эсэхийг нь судална. Тэр схемд бүр ор үндэсгүй мэдээлэл ч явж байна лээ. Тухайлбал, Аж үйлдвэрийн яамнаас зээл авсан гэж. Тус яам зээл олгодог яам биш. Нэг яамны дансанд тийм их хэмжээний мөнгө байх ямар ч боломжгүй, Сангийн яаманд л төвлөрсөн мөнгө байдаг. Энэ мэтчилэн шалгах, судлах ажлууд байна. Мэргэжлийн түвшний хүмүүстэй хамтарч судалгаа хийж байгаа бөгөөд удахгүй танилцуулна. Ер нь бол 49 хувь Монголын талд орж ирсэн нь улс төрийн хувьд маш өндөр ач холбогдолтой. Хуулийн засаглалтай улс юм бол 49 хувийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны, хууль ёсны бус байсныг хуулийн байгууллагаар нь шалгуулаад явах ёстой.
-Тухайн үеийн Засгийн газарт үнэхээр 49 хувийг худалдаж авах мөнгө байгаагүй юм уу. Түүний дараахан иргэдэд маш их хэмжээний бэлэн мөнгө тараасан гэсэн шүүмжлэл байдаг?
-Тэрийг би мэдэхгүй, Сангийн яам мэднэ. Тухайн үед гадаад зах зээл маш хүнд байсан. Жишээлбэл, нэг тонн зэсийн үнэ 4200 ам.доллар, нэг тонн нүүрсний үнэ 30 орчим ам.доллар байсан зэргийг бодоход одоогийн гадаад зах зээлийн үнэтэй харьцуулахад маш хүнд байсан. Дан ганц 2012-2016 оны сайн, муу үйл явдлын сайныг нь МАН өөртөө нааж, мууг нь Ардчилсан нам руу чихэж байдгаа болих хэрэгтэй. Ер нь бол өнөөдрийн МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Ардчилсан намтай дөрвөн жилийн хугацаанд эрх барьсан. Тэр дунд өнөөгийн МАН ч гэсэн орж ирж, Засгийн газарт ажилласан. Одоогийн эрх баригч нам дотор нөлөө бүхий УИХ-ын гишүүд тухайн үеийн эвслийн Засгийн газарт ажиллаж байсан шүү дээ. Өнөөдрийн бүх болохгүй бүхнийг Ардчилсан намд нааж, сайн сайхныг нь өөрсдөө үүрнэ гэж байгаа бол тийм зүйл байхгүй ээ. Ер нь бол эдийн засаг хүнд байсан ч гэсэн Ардчилсан намын Засгийн газар эдийн засгийн маш зөв бодлого явуулсан учраас эрсдэлийг маш бага хохиролтойгоор давж гарсан. Гэтэл МАН өнөөдөр гурван жил эрх бариад юу хийсэн, ямар бүтээн байгуулалт хийсэн юм. Тэгэхээр хэн нь бага ярьж их хийдэг вэ гэдэг нь харагдах байх.
“ЭРХ БАРИГЧИД АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ ПОПУЛИЗМЭЭР ДҮҮРГЭХЭД АНХААРЧ БАЙНА”
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалснаас өнөөдөр бид төлбөр төлөхөөр болсон. Энэ төлбөрийн тоолуур өдөр бүр гүйсээр байна?
-Өнөөдөр бид яагаад 51 хувийн асуудлыг ярихгүй байна вэ гэдгийг би чуулганы хуралдаан дээр маш олон хэлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн 51 хувийн асуудлыг асуухгүй, санаа зовохгүй байна вэ. 49 хувийн ам уралдан ярьж байгаа ч 51 хувь, ЖДҮ гэсэн асуудлыг хэн ч ярихгүй байна. Нэн тэргүүнд 51 хувь алдагдах нөхцөл байдалд орсон байхад хэн ч анхаарахгүй байгаа нь анхаарал татаж байна. Гэтэл ЖДҮ-г жижиг асуудал гэж яриад сууж байдаг. Нэг л их шударга ёс ярьсан хүмүүс байгаа боловч Монголын төрд шударга ёс алга. Сүүлдээ яавал ард түмний тархийг популизмээр дүүргэх вэ гэдэг болж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Судан улсыг зорьсон байна. Ерөнхий сайдад энхийг сахиулах хүчний Монгол цэргийн оролцоо ямар хамаа байна вэ, зүгээр л шоу хийхээр явсан. Энд Ерөнхий сайдын шийдэх маш олон асуудал байна шүү дээ. Энэ Ерөнхий сайд, эрх баригчдад хийсэн ажил гэж алга. Цэвэрлэх байгууламж, нефтийн үйлдвэр, цэвэр усны асуудал гурвыг л яриад байдаг гэтэл энэ бүгдийг Ардчилсан намын үед шийдсэн шүү дээ.
-МАНАН бүлэглэл гээд л яриад байдаг. Таныг энэ бүлэглэлийн нэг гишүүн, тэднийг хамгаалагч гэх шүүмжлэл яваад байдаг л даа?
-МАНАН бүлэглэл гэж яриад байгаа хүмүүс өөрсдөө бодох хэрэгтэй. Би бол 2004 оноос МАНАН бүлэглэл, улс төр эдийн засгийн бүлэглэл үүссэн гэж хардаг. Би энэ бүлэглэлд орох ямар ч үндэслэл байгаагүй. Би тухайн үед Ардчилсан намын ард талын ажлыг гүйцэтгэж явсан. Ер нь дургүй хүргэсэн хүнээ МАНАН-д нааж, эрлийз, хурлийзаар нь л дууддаг болж. Ийм явуургүй, гүтгэлгийн, хэт популизм хийсэн  улс төр хол явахгүй.
-ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй байна. Танай намын зүгээс ч ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх хүссэн бичгээ УИХ-ын даргад хүргүүлсэн. Гэвч эрх баригчдын зүгээс ЖДҮХС-ийн зээл авсан гишүүддээ хариуцлага тооцох сонирхолгүй байх шиг?
– ЖДҮХС-ийн асуудлыг маш том хүрээнд шалгах ёстой. Хэрэв ЖДҮХС-аас жирийн иргэд зээл авсан бол үнийн дүн нь яг ижил 950 сая төгрөгийн зээл авах вэ. Яагаад мөнгөн дүн нь ижилхэн байдаг юм бэ. Энэ бол зохион байгуулалттай хэрэг. Үүнийгээ шударга ёс тогтооход энэ зэргийн юм идэхэд яах вэ гэдэг тархи угаалт явуулж байна. Ийм байдлаар попорч, популист улс төр хийдгээ болих хэрэгтэй, эрх баригчид. Шударга ёс ярих гэж байгаа бол 800 тэрбумын концесс, ЖДҮХС-ийн асуудлаасаа эхлэх хэрэгтэй. Өнөөдөр өөрсдийгөө шударга ёсны тэмцэгч гэж нэрлээд байгаа таван гишүүний нэг болох УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөгийг өөрийн Богд банкиндаа авсан, дараа нь найман сая ам.доллар авсан. Өмнө нь төрийн банкны мөнгөөр Голомт банкийг санхүүжүүлж босгож ирсэн, одоо Богд банк гэж байгуулаад Хөгжлийн банкны мөнгөөр босгож ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл, энэ хүн хоёр дахь удаагаа төрийн мөнгөөр банк байгуулж байгаа юм. Энэ хүн төрөөс мөнгө хямд хүүтэй мөнгө авчихаад өөрийн банкаар дамжуулан дөрөв дахин нугалж, хүүлж байна. Энэ өөрөө шударга ёс уу. Эрх баригч нар Л.Болдод давуу эрх олгож, нэг банкинд байршуулж байна вэ. Үүнийг би улс төрийн худалдан авалт гэж харж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдрийг хүртэл эхнэрийнхээ картын дансаар орсон 200 сая ам.долларыг тайлбарлахгүй байна вэ. Гэм буруугүй бол яагаад тайлбар хийхгүй байна вэ. Энэ таван гишүүн үнэхээр шударга юм бол яагаад Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг ярихгүй байна вэ. “Стандарт” банкны хувьцааны ихэнх хувийг Хятадын банк худалдаж авсан, үүгээр дамжуулаад Эрдэнэтийн 51 хувь Хятадын талд очихыг үгүйсгэх аргагүй. Яагаад өдөр бүр хэдэн саяар хүүгийн торгууль төлж байхад нэг ч үг дуугарахгүй байна вэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой баривчилгаа болсон өдөр “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой шүүх хурал болж, хэргийг яагаад мөрдөн байцаалтад буцаав. 51 хувьтай холбоотой Арбитрын бүх шатны шүүхийн шийдвэр гарсан, хэрэгжиж байгаа. Арбитрын шүүх гадаадад нисч яваа онгоцыг хүртэл барьцаалах эрхтэй. Яагаад энэ бүгдийг ярихгүй байна вэ, шударга гишүүд. Энэ 51 хувь дотор эрх баригчид хэдэн тэрбумын шахаа, склад хоёр удаа шатсан гэх мэт маш олон асуудал байна. Ийм байдлаар шударга ёс ярьж, худлаа улс төр хийж цээжээ дэлдээд байна вэ. Түүнээс гадна ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг яагаад ярихгүй, шалгахгүй байна вэ. Үнэхээр шударга юм бол энэ бүгдийг ярих ёстой. Юм идэж, луйвар идэж шударга ёс тогтоодоггүй юм.
-Улс төрийн хүрээнд АТГ-аас дахиад таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа гэсэн мэдээлэл яваад байна?
-Таваар тогтохгүй ээ. МАН-ын 30 орчим гишүүн байгаа бөгөөд асуудал нь шалгагдаад явж байгаа. Яг одоо яллагдагчаар татагдахаар яригдаж байгаа 10 гаруй гишүүн байгаа. Үүний тавыг нь өмнө нь оруулж ирсэн ч эрх баригчид олонхоороо аваад үлдсэн. Одоо дараагийн тавыг оруулах тухай яригдаж байгаа гэж би сонссон.
“БИ ӨМНӨХ НАМЫН ДАРГА НАРЫН АЛДААГ ДАВТАХ ШААРДЛАГАГҮЙ”
-ҮБХ-ны гишүүн л УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн дүрэмтэй учраас энэ удаагийн ҮБХ-ны гишүүдийн ротацид АН-ын лидерүүд алга байх шиг байна гэсэн шүүмжлэлүүд яваад байна?
-Ээлжит  сонгуулийн өмнөх жил ротаци явуулна, сонгуулийн жил ротаци явуулахгүй гэсэн дүрэмтэй. Сүүлийн үед Ардчилсан намын дотоод асуудалд оролцсон, хагаралдуулах гэсэн мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр маш их явж байна. Хаанаас шидэж байгаа чулуу вэ гэдгийг бид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Үндэсний хэмжээний том намын хувьд намынхаа үйл ажиллагааг дэмжээд явж байгаа хэсэг байхад таалагдахгүй хэсэг бүлэг байхыг үгүйсгэхгүй. Таалагдаагүй хэсгийн яриа, явуулгаар Ардчилсан намын дотоод хэрэгт эрээ цээргүй оролцож, үнэлэлт дүгнэлт өгч байгаа  асуудал хэрээс хэтэрч байна. Ардчилсан намд намын үндсэн дүрмээр явагдаж байгаа үйл ажиллагаа хэвийн байгаа. Нийгэмд ил тод байгаа хуучин намын даргаар ажиллаж байсан хүмүүсийн бодол санаанд нийцэхгүй байх, дарга байсан байр сууриа тавихгүй янз бүрээр дүгнэх, нийгэмд буруу, зөрүү сигнал өгөх зорилготой хүмүүс байгаа. Гэхдээ энэ бол байдаг зүйл. Нөгөө талдаа  намынхаа үндсэн дүрмийн хүрээнд байдаггүй, намаас  хариуцлага тооцуулсан этгээдүүд нам руу нулимдаг, шүүмжилдэг тэр нь өөрийнх нь үндсэн үйл ажиллагаа болсон хүмүүс байна л даа. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн манай намд хоёр ч удаа орж, хоёр удаа гарсан хүн. Гэтэл өнөөдөр Ардчилсан нам шиг муухай зүйл байхгүй гээд л яриад байна.
–2020 оны сонгууль хаяанд ирсэн байна. Ер нь 2020 оныг залуучууддаа “даатгах” уу эсвэл олонхын санал авах зарчмаараа явах юм уу. Хөндлөнгөөс харахад танай намын хуучин лидерүүдтэйгээ таарамжгүй байгаа юм шиг харагдаад байх шиг. Үзэл бодол, ашиг сонирхлын зөрчил АН-ын лидерүүд дунд байна уу?
-Сэм нийлж, хуйвалдаад гадна талдаа эвтэй найртай харагдах нь чухал уу, зарчмаа бариад явах нь чухал уу. Би бол зарчмаа бариад л явж байгаа. Өнөөдөр үндэсний бодлогын хороонд хууччуулаас 30 хувь нь л үлдсэн. Намын анхан болон дунд шат 80-90 хувь шинэчлэгдсэн. Энэ бол гишүүдээсээ ротацийн сонгуулиас гарч байгаа сонгуулийн үр дүн. Түүнээс С.Эрдэнэ гэдэг хүн сонгоод, өөрчлөх боломжгүй. Намын өмнөх удирдлагуудтайгаа намын бодлогын залгамж чанарын хүрээнд ярих, зөвлөх зүйл байна. Гэхдээ би тэр хүмүүсийн гаргасан алдааг давтаад явах боломжгүй. Намын ялагдал, алдаа оноог би заавал өмнөх удирдлагатайгаа эвтэй харагдахын тулд тэдний алдаатай бодлогыг давтах шаардлага байхгүй, би өөрийнхөө бодлогыг баримталж явна. Ер нь Ардчилсан нам дотооддоо зөрчилтэй, хагаралтай байна гэдэг мессежийг зохион байгуулалттайгаар олон нийтэд санаатай тарааж байгаа. Зориуд улс төрийн явуулга явж байна. Сүүлийн үеийн судалгаануудаар Ардчилсан рейтинг дандаа өндөр гарч байгаа. Намын рейтинг өндөр байгаа учраас зориуд Ардчилсан намын нэр хүндийг унагаах зорилгоор пи-ар явуулж байна. Энэ бол явуургүй улс төр юм. Би залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжихийн дээдээр дэмжиж байгаа. Энэ бол шинэчлэлийн маш том үр дүн.
-Сүүлийн үед улс төрийн хүрээнд Ардчилсан намын дарга солигдоно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд намын дарга болно гэх яриа гарах боллоо. Намын дүрэмд  намын даргыг чөлөөлөх боломж нь юу байдаг юм бол оо?
-Манай нам анх удаа үндсэн дүрмийн дагуу бүх гишүүдээс намын даргаа  сонгосон. Намын дүрмээр намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө хүсэлтээ өгсөн болон нас барсан шалтгаанаар өөрчилж болно. Намыг тогтвортой байлгах, удирдлагыг тогтвортой ажиллуулах зорилгоор ийм өөрчлөлтийг дүрэмд оруулсан. Намын бүх шатны дарга нар ийм дүрэмтэй.
-Ирэх хавар УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль болно. Танай намын хувьд нөхөн сонгуульд хэр бэлтгэж байна вэ?
-СЕХ-оос өгсөн графикийн дагуу судалгаа, сургалт явуулж байна. Албан ёсны  намын төлөөллийн байгууллагын шийдвэр бол гараагүй байна. Сөрөг хүчин, улс төрийн гол бодлого тодорхойлдог намын хувьд нөхөн сонгуульд оролцоод явна.
-Хаврын чуулганаас эхлэн Ардчилсан нам бүлэггүй болно, зөвлөлийн статустай явна гээд байгаа. Албан ёсоор бүлэггүй болох нөхцөл бүрдсэн гэсэн үг үү?
-Яг одоогоор эцсийн шийдвэр гараагүй. Нэгэнт хүн өөрөө намаасаа гарна гэж улс төрийн шийдлээ гаргасан бол бид хүчээр бариад байхгүй. Бид бас намынхаа  анхан, дунд шатны намын шийдвэрийг хүндэтгэж үзэх ёстой. Өнөөдөр манай намын дунд шатны буюу Хан-Уул дүүргийн намын байгууллагаас энэ хүнийг зүгээр  явуулж болохгүй, улс төрийн хариуцлага тооцох ёстой, УИХ-ын суудлаа чөлөөлж байж энэ намаас гарах ёстой гэсэн шаардлага тавьсан юм билээ. Энэ маргаантай байгаа. Шүүх, хуулийн байгууллагад  очсон тохиолдолд түүгээрээ шийдэгдэх байх. Дунд шатны  намын байгууллага эцсийн шийдвэр гаргах хүртэл бид үүнийг хараад л байж байна. Ардчилсан намын нэрээр нэр дэвшиж, сонгогдсон учраас мандатыг маань чөлөөлж өгөх, гишүүнийхээ  суудлыг чөлөөлж өгсөн цагт намын гишүүнээс гаргана гэсэн албан ёсны байр суурийг дүүргийн намын хороо гаргасан юм билээ. Би бол намын дунд шатны байгууллагын шийдвэрийн үндэслэлийг нэг талаасаа үндэслэлтэй гэж харж байгаа. Тиймээс бид дунд шатны намын байгууллагын шийдвэрийг хүндэтгэх ёстой. Намын дүрмээр дунд шатны байгууллага шийдэх эрхтэй. Тиймээс дунд шатны намын байгууллагын шийдвэрийг даваад намын удирдлага шийдвэр гаргах эрх байхгүй.

Ш.Чимэг
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан