Дорнод аймгийн хэсэг иргэд тус аймгийн нутаг дэвсгэр дээр "Магнай трейд" ХХК-ны зүгээс газрын тосны хайгуул өрөмдлөгийн ажил явуулах гэж байгаад сэтгэл зовнин үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн бидэнд хандсан юм.
Та эхлээд өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?
Намайг Гунаажавын Адилбиш гэдэг. Миний бие "Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-ын тэргүүний албыг хашдаг. Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул.
Та бүхэн юуны учир хэвлэл мэдээллийн байгууллагад хандах болов. Энэ талаараа ярина уу?
Манай улс түүхэндээ 26 удаа "Бүтээгдэхүүн хуваах” гэрээ байгуулсан юм билээ. Одоогоор үүнээс яг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Дорнодын аймгийн Матад, Халх гол суманд үйл ажиллагаа явуулж буй Петрочайна Дачин Тамсаг компани байдаг. Харин шатахууны зах зээлийн томоохон компани болох "Магнай трейд” компани 2018 оны 10-сараас эхлэн Дорнод аймагт нийт 7 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 786 мянган га бүхий талбайд үйл ажиллагаагаа явуулхаар Баянтүмэн дэх 17-р талбай дээр гэнэт дайрч орж ирсэн. Энэ үүднээсээ тус компани гэнэт ийнхүү манай нутаг дэвсгэр лүү дайрч орсон учир нутгийн иргэд болон малчидын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Энэ утгаараа бид бүхэн дээрх асуудалтай холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна.
Тэгэхээр та бүхний үзэж байгаагаар "Магнай трейд” компани Дорнод аймагт хууль бусаар газрын тосны хайгуул өрөмдлөгийн ажил эхлүүлхийг завдаж байна гэсэн үг үү?
Тийм. Ер нь Монгол улсын газрын тосны хуулинд газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл авах гэж буй аливаа компани ямарваа нэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол тухайн орон нутгийн оршин суугч болон иргэд хөдөлмөрчид, төр захиргааны байгууллагаас санал авч хэлэлцүүлэг өрнүүлсэн байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэ асуудлын тухайд тийм зүйл огт хийгдээгүй гэдгийг бид албан ёсоор хариуцлагтайгаар мэдэгдэж байна. "Магнай трейд” компани яасан гэхээр өнгөрсөн оны 10 сард амралтын өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан сум хоёрын дунд гэнэт өндөр цамхаг бариад хэдэн хятадууд оруулж ирсэн. Тухайн үед бид гэв гэнэт ийм асуудал үүсэхэд маш их гайхаж балмагдан үнэхээр бухимдсан. "Магнай трейд” компани түрүүн хэлсэнчлэн орон нутгийн оршин суугчдын дунд ямар нэгэн хэлэлцүүлэг өрнүүлж, тэдний санал бодлыг огтхон ч сонсоогүй байсан. Мөн энэхүү асуудалтай холбогдуулан 2018 оны 10 сарын 5-нд Чойбалсан сумын Засаг дарга "Магнай трейд” компанид энэ үйл ажиллагааг эсэргүүцсэн албан тоот хүргүүлсэн байдаг.
Одоогоор тус компани Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт ямар ямар тоног төхөрөөмж, техник хэрэгсэл авчирч суурилуулаад байна вэ?
Тухайн үед тус компанийхан маш том цамхаг, мөн олон тооны хүн амьдрах зориулалт бүхий контейнерууд мөн өөр бусад тоног төхөөрөмжүүдийг авчирсан. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг Тосон уул, 19-р талбай, 21-р талбайгаас зөөж авчирсан гэж бид сонссон. Өөрөөр хэлбэл хэдийгээр Монгол улсад "Магнай трейд” гэдэг үндэсний компани байгаа юм шиг боловч цаана нь ерөөсөө "Петро чайна Дачин Тамсаг”-ын "Цагаан хэрэм”-ний өрөмны компани тус газарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа нь тодорхой байсан.
Ямартай ч Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга "Магнай трейд” компанийханд татгалзсан хариу өгсөн юм байна тийм үү?
Тийм. тэгж ойлгож болно. Учир нь тус компанийхан нутгийн иргэдээс санал авч албан ёсоор хэлэлцүүлэг өрнүүлээгүй тул тус суманд газрын тосны хайгуулын үйл явуулах зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн албан тоот явуулсан.
Тэгвэл Монгол улсын ямар төрийн байгууллага "Магнай трейд” компанид танай аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул өрөмдлөгө явуулах зөвшөөрөл өгсөн юм бэ?
Ер нь энэ бол 2010 оны Засгийн газрын "Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний тогтоолтой юм билээ. Хэдийгээр тус компани Монгол улсын Засгийн газартай "Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулсан боловч нутгийн өөрөө удирдах байгууллага, гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж буй байгууллагуудаас зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулах ёстой нь хэнд ч ойлгомжтой зүйл. Харамсалтай нь тус компанийхан нөлөөлөх байдлын үнэлгээгээ огтхон ч гаргаж өгөлгүй явж ирсэн. Уул нь ном журмаараа тухай компани хэрвээ хайгуул өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол сум, орон нутгийн байгууллагад холбогдох бичиг баримтаа хүргүүлсэн байх ёстой. Гэтэл шууд л дэрээсээ мундагдаад нэг л их Засгийн газрын тогтоолтой, нэг л их Уул уурхайн яамны бичиг баримттай хүмүүс гэнэт ороод ирсэн. Тэгэхээр ийм нөхцөл байдалтай байгаа учир ард иргэд үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм.
Дорнод аймгийн Засаг дарга өөрөө энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
Сая он гараад Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Засгийн газрын өргөтгөсөн хурал дээр хэлж байна лээ. Манай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ оны 3-р сарын 23-ны өдөр гүний усыг уул уурхай болон газрын тосны үйлдвэрлэлд ашиглуулахгүй гэсэн тогтоолыг гаргасан гээд, Дорнод аймаг цөлжилтөд хамгийн ихээр нэрвэгдэж байгааг дэлгэрэнгүй тайлбарлан, энэ тогтоол дээрээ баттай зогсоно гэдгээ хэлсэн байсан. Харин салбар яамны сайд Д.Сумьяабазар уг тогтоол гарсантай холбогдуулан Матад, Халх гол орчимд газрын тосны тээвэрлэлтийг түр зогсоосон боловч дараа нь энэхүү шийдвэрээс үүдэн манай улсад өдөрт 700 сая төгрөгийн төсвийн доголдол үүсээд байна гээд тээвэрлэлтийг дахин сэргээх шийдвэрийг гаргасан. Гэтэл холбогдох байгууллагуудаас Дорнод аймагт усны хомсдол үүсч, цөлжилт үүсэх аюул тулгараад байгааг анхааруулсаар байгаа. Өнөөдөр манай аймагт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаниуд зөвшөөрөгдөх хэмжээнээс 59-285 дахин их хэмжээний гүний ус хэрэглэж байна. Ийм учраас дээр хэлсэн гүний ус ашиглахаа зогсоо гэсэн тогтоолыг гаргасан гэж ойлгох хэрэгтэй. Тэр үүднээсээ өнөөдөр аймаг орон нутгийн гаргасан шийдвэр Засгийн газраас гаргасан шийдвэртэй зөрчилдөж байна. Дорнод аймгийн шүүх хүртэл энэ тогтоол "Магнай трейд” компанид огтхон ч хамаагүй гэсэн шийдвэр гаргасан байсан.
Ер нь газрын тосны компаниуд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулаад тус аймаг хөгжиж дэвшээд сайн сайхан юм болсон зүйл байна уу?
Монгол улсын 360 сумдаас стратегийн ач холбогдол бүхий гэж тооцогддог газрын тосны үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Матад сум гэхэд л улсдаа хамгийн сүүлд гэрэл цахилгаан тогтой болсон байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалтай сум орон нутаг огтхон ч хөгждөггүй нэг бодит жишээ нь энэ юм. Үнэнийг хэлэхэд газрын тосны компаниуд тус аймагт үйл ажиллагаа явуулаад ямар ч үр дүн байхгүй. Үнэхээр "Бүтээгдэхүүн хуваах гэрээг”-ээр хэдэн хувь нь Монголын Засгийн газарт тэр дундаа Дорнод аймгийн төсөвт орж байгаа болон Матад сумын төсөвт хэдий хэмжээний орлого ордог талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй, тэр бүх мэдээлэл нь нууц байдаг.
Яг одоо "Магнай трейд” компани Дорнод аймгийн нутаг дэвсгэр дээр ямар нэгэн газрын тосны үйл ажиллагаа явуулж байна уу?
Одоогоор тус компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Яагаад гэвэл бид нар үйл ажиллагааг нь явуулахгүй гээд зогсоочихсон. "Магнай трейд” компани нэгэнт л нутгийн оршин суугчдаас санал авч хэлэлцүүлэг өрнүүлээгүй болохоор бид тэнд үйл ажиллагаа явуулахыг нь огтхон ч зөвшөөрөхгүй.
Одоогоор тус суманд хэд орчим хятад иргэд байгаа вэ?
Нэг хэсэг Дорнод аймагт хятад хоньчин явж байна гэж сошил сүлжээгээр их шуугисан. Зүгээр албаны хүмүүсийн мэдээнээс сонсход жил бүр 1200 хятад иргэн Петро чайна Дачин Тамсаг компани дээр ажилладаг гэсэн мэдээлэл байдаг юм билээ. Ер нь бол "Магнай трейд” компанийн хайгуулын төлөвлөгөө нь 2900 метрийн гүнд нэгхэн ширхэг цооног өрөмдөнө гэдэг. Хэдийгээр нэгхэн ширхэг цооног өрөмдөнө гэж байгаа боловч галт тэрэг нэг л хөдөлчих юм бол цаашаагаа 10, 20, 100 гээд явахыг хэн ч үгүйсгэхгүй.
Хэрвээ тус бүс нутагт газрын тосны хайгуул өрөмдлөгийн үйл ажиллагаа эрчимжээд эхэлбэл тус бүс нутагт байгаль экологийн ямар сөрөг үр дагавар үүсч болох вэ? Энэ талаар та тодруулж яриач ?
Ер нь Матад, Халх голын сав газар бол Монгол улсын алс зүүн хязгаар нутаг байдаг. Тэр утгаараа тус бүс нутагт газрын тосны компаниуд энэ мэтчилэн санаархаж тэнд томоохон хэмжээний суурьшлын бүс үүсвэл алс хэтдээ Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учирч болох эрсдэлтэй гэж бид бүхэн үзэж байгаа. Энэ үүднээсээ хэрвээ бид тусгаар тогтнолоо хадгалж үлдэе гэж байгаа бол уул усныхаа төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Хэрвээ хятадууд Мэнэнгийн талд чөлөөтэй давхилддаг байсан бол удахгүй тэр хавь тэр чигээрээ хятад болж, зүүн бүс нутаг руу чөлөөтэй нэвтрэх үйл явц аажим аажмаар үргэлжлэх болно. Байгаль экологийн тал дээр гэж яривал үнэхээр аюултай байдалд байгаа гэж хэлж болно. Аль хэдийнэ мэргэжлийн хяналтын дүгнэлт гарчихсан бүс нутгийн хэмжээнд гүний ус ховордож байна, цөлжилт бий болж байгааг анхааруулсаар байна.
Цаашдаа та бүхэн ямар ажлууд хийхээр төлөвөлөж байна вэ? Тус компанитай яаж тэмцэх вэ?
Ер нь "Магнай трейд” компаний асуудал бол зөвхөн Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн тогтоолтой тэмцэлдэж байгаа асуудал биш ерөөсөө бид бүхэн 2010 оны Баянтүмэн 17-р талбайд "Бүтээгдэхүүн хуваах” тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулах хэмжээнд хүртэл аймаг орон нутгаараа тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх болно. Бас нийт ард түмэндээ хандаж хэлэхэд биднийг дэмжиж туслаарай гэж та бүхэндээ уриалах байна.
Ярилцсанд баярлалаа.
Ж.Батдорж
Эх сурвалж: BOLOD.mn