ТОКИО. /Kyodo/. ОХУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг Япон улс анхааралтай ажиглаж байна гэж тус улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Умард Солонгостой холбоотой үйл явдлуудад Засгийн газар үргэлж ихээхэн анхаарал хандуулж, байдлыг ажиглаж, мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийдэг. Мэдээж ОХУ болон БНАСАУ-ын хооронд дээд хэмжээнд хийж буй уулзалт бидний анхаарлын төвд байгаа боловч яг одоо би уулзалтын үр дүнгийн талаар таамаглал дэвшүүлэхгүй” гэж Суга хэлснийг “NHK” суваг уламжилсан байна.
Тэрбээр мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд Японы эрх баригчид АНУ, БНСУ, БНХАУ болон ОХУ-тай нягт хамтран ажиллахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт Владивостокт өнөөдөр болж байгаа билээ.