МАН Хэнтийд дахиад л “бандааш”-аа дэвшүүлэх үү

                                                  МАН нөхөн сонгуульд оролцохгүй байх ч магадлалтай.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж намын Бага хурлаа энэ сарын 29-ний 14 цагт хуралдуулахаар товлов. Бага хурлаар МАН УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох, эсэхээ шийдэх юм. “Бага газрын их тулаан”, “Намуудын сорилго” гэхчлэн хэвлэлийнхний тодорхойлоод байгаа эл сонгуулийн санал хураалт Хэнтий аймагт хоёр сарын дараа буюу зургадугаар сарын 30-нд болно.
УИХ-ын 2020 оны сонгууль хүртэлх ганцхан жилийн хугацаанд парламентад “орон бөглөх” нэг суудлын төлөө МАН уг нөхөн сонгуульд оролцохгүй гэх шийдвэрийг гаргах ч магадлалтай. Даваа гаригт эрх баригч намын Бага хурал ийм утгатай мэдэгдэл хийхэд гайхах зүйлгүй. Хэрэв оролцох шийдвэр гаргалаа гэхэд 2016 онд уг тойргоос сонгогдон УИХ-ын гишүүн болсон ч бүрэн эрхээ дуусгаж чадалгүй огцорсон Д.Гантулгынхаа нэрийг ч дахин дэвшүүлж мэдэх юм. Бусдад бэлгийн дарамт учруулсан Д.Гантулгын үйлдлийг болон үүнийхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээсэн УИХ-ын гишүүн асаны үйлдлийг МАН нэг их ноцтой агаад чухалд тооцохгүй байгаагаас ийм таамаг дэвшүүлж болохоор. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Д.Гантулгыг ёс зүйн хариуцлага хүлээн УИХ-ын гишүүний сонгуульт ажлаасаа сайн дураар татгалзан Хэнтийн сонгогчдоосоо уучлал эрэн огцорсноос хойш жилийн хугацаа ч өнгөрөөгүй байхад өөрийн зөвлөхөөр дэргэдээ ажиллуулах болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа билээ. МАН Хэнтийн залуу улстөрчийг олон нийтийн ажилд дахин томилсон явдал нь Д.Гантулгын зүгээс гаргасан шийдвэрийг үл тоомсорлосон, түүнийг сонгосон 42 дугаар тойргийн иргэдэд хүндэтгэлтэй хандаагүй зэрэг ёс зүйн алдаа болсон. Тиймээс МАН энэ тойрогт нэг их ач холбогдол өгөхгүй, АН, МАХН-ын булаалдах “яс” хэмээн орхиж чадах сонгууль бололтой. 
Харин Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд Ардчилсан нам өндөр ач холбогдол өгөхөөс аргагүй. УИХ-д бүлэггүй, бүлэггүйгээсээ болж сөрөг хүчний зүгээс хуулиар хамгаалагдсан эрхээ ч парламентад эдэлж чадахгүй болтлоо зутарч яваа нам. АН нөхөн сонгуульд Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг дэвшүүлэх магадлалтай. 
МАХН энэ сонгуульд хүчтэй өрсөлдөх боломжтой. Тус намын лидер Н.Энхбаярын нэр сүр гэхээсээ Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж эх орноо тойрч явахдаа Хэнтийн иргэдтэй бараг л Ерөнхийлөгчийн дүрээр иргэдтэй уулзсан С.Ганбаатарын боломж энэ удаад хавгүй бодитой байхыг үгүйсгэхгүй.    

Эх сурвалж: http://www.ub.life
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан