Буруу бүхэн баялгийн эзэн монголчуудад л байгаа юм байна, тийм үү Рио Тинто


Оюутолгойн гэрээний хуудуутай заалтыг засч сайжруулах, Монголын талд өгөөжтэй болгох асуудлыг хөндөж байгаагаараа монголчууд бид л буруутан болж байгаа юм шиг байна. "Рио Тинто"-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат сүүлийн нэг жилийн хугацаанд Монголд 11 дэх удаагаа иржээ.  Тэрбээр энэ удаагийн ирэлтээрээ монголчуудад хаягласан, биднийг соён гэгээрэхэд зориулж “Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд Оюу толгой хэрхэн нөлөөлж чадах вэ” гэсэн нийтлэл бичсэн байна. Мөн нийтлэлийнхээ үзэл санааг тэр хэвээр нь цэнхэр дэлгэцээр ч бас ярьжээ.
Ийм нийтлэл бичих болсон шалтгаан нь УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хийсэн шалгалтын тайланг ҮАБЗ болон УИХ-ын Эдийн Засгийн Байнгын хороонд хүргүүлсэнтэй холбоотой. Энэ тайланг тус хороо өчигдөр хэлэлцэх байсан ч хойшлуулав. Шалтгаан нь гишүүд тайлантай бүрэн танилцаж амжаагүй, мөн энд хэд хэдэн ноцтой баримт дурдагдаж байгаа тул дотроо бодолтой, дороо суурьтай хандах нь зүйтэй гэж үзсэнийх.  
Бидэнд уул уурхайн үйлдвэрлэл экспорт, гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулагч “бурхад”-ын өмнө бөхөлзөж, тэдний аливаа ааш авирт нь дуулгавартай хандана гэсэн үг хараахэн биш.
Ноён Арнауд Суарат  “Оюутолгойн суурь гэрээний нэг ч заалтыг өөрчлөхөөр хэлэлцээ хийхгүй”гэдгээ хатуу мэдэгдээд буй.  Ингэж хэлэлцээ хийснээс төслүүдээ зогсоосон нь дээр гэсэн санааг  дахин дахин илэрхийлж байна. Энэ бол монголчууд бидний мөрөөдөлд өгсөн хариулт.
Тодруулбал,  дээрхи нийтлэлдээ “Би гүний уурхайн төслийг зогсоохыг хүсэхгүй байна. Гэвч урьд нь хэлэлцээд тохирсон гэрээнүүдийн аливаа заалтыг дахин хэлэлцэхийг даалгах аваас бидэнд өөр сонголт үгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл,  гэрээнд өөрчлөлт оруулах байтугай  аливаа заалтыг нь дахин хэлэлцэхийг даалгавал гүний уурхайн төслөө зогсооно гэж айлгажээ. Ийм өөрчлөлт оруулах аливаа оролдлого гаргах нь бидний мэдлээс хэтэрсэн ноцтой үр дүнд хүргэж болзошгүй гэдгийг тэрбээр сануулсан байна. Тэр ноцтой үр дагавар гэдэг гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоож тэнд орж ирэх хөрөнгө оруулалтыг  цуцална гэсэн үг байх.
Үүнийг юу гэж ойлгох вэ. Тулгалт уу,  эсвэл сануулга, зөвлөмж үү? Монголын талаас гэрээ хэлцэлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох ямар ч санал санаачлага гаргаагүй. Зүгээр л  хамтрагчийнхаа хувьд  эрх тэгш байдлыг хангаж, Монголын талд өгөөжтэй байлгая гэж зорьж байгаа. Энэ буруу юу?
Бидэнд уул уурхайн үйлдвэрлэл экспорт, гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулагч “бурхад”-ын өмнө бөхөлзөж, тэдний аливаа ааш авирт нь дуулгавартай хандана гэсэн үг хараахан биш. Харийнхны халаасыг дүүргэж байгаа энэ их заяамал баялаг, газар нутгийн уугуул эзэн хэн билээ, суугуул эзэмшигч нь хэн билээ гэдгийг заримдаа тодотгож хармаар санагддаг. Ер нь бусад улсын жишгээр хөрөнгө оруулагч нарын толгойг илээд байдаггүй, тэдэнд хатуу нөхцөл шаардлагатай ханддаг практик бий.
Оюутолгой бол дэлхийн зэс алтын топ уурхайнуудын нэг. Монголын саалийн ганц гэгддэг долоон Эрдэнэттэй тэнцэхүйц их баялаг Оюутолгойд бий. Оюутолгой компани 2010 оноос хойш Монголд 2.3 тэрбум ам долларыг татвар болон роялтид төлснөөрөө бахархдаг. Тэгвэл Эрдэнэс Тавантолгой компани гэхэд ийм хэмжээний татвар орлогыг  төвлөрүүлж, олсон орлогоо улсынхаа бүтээн байгуулалт, цаашлаад иргэддээ ногдол ашиг  хэлбэрээр олгох  бяр чадал  хэдийнэ суугаад байгаа билээ.  
Өнгөрөгч 2018 онд гэхэд Эрдэнэт үйлдвэр 551,6 тэрбум төгрөг,  харин Оюутолгой 320,2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Зүгээр л харьцуулж харахад ийм байна. Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтууд байгаа гэдгийг АТГ-аас эхлээд УИХ-ын зарим гишүүд ч хэлж байгаа.
Харин Рио Тинто-гийн салбар группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат  ярилцлагадаа буруу бүхнийг Монголын талд наасан байна билээ. Тухайлбал, тэрбээр дээрхи нийтлэлдээ “Олон давхар шалгалт, аудит хийж, эрчим хүч зэрэг чухал асуудалд туйлбаргүй хандсанаар үүдэн төслийн эрсдэл хэдийнэ өсдөгөө өсөж, бүтээн байгуулалтын эрч суларчхаад байна” байна гэжээ.
Үүнээс харвал Монгол Улс Оюутолгойд аудит хийж болохгүй юм байна, бас шалгалт хийх нь бүр ч буруу бололтой. Тус уурхайн эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо хангаж,  жил бүр гадагш урсч байгаа 160 сая ам долларын урсгалыг Монголдоо  авч үлдэх гэсэн бидний санаачлага ч  туйлбаргүйд тооцогдож байгаа бололтой юм. Яахав эрчим хүчний хангалтын тухайд зөрүүтэй байр суурь байсан л байх.  
“Рио Тинто” компанитай хамтран Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах, 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барих шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргаад байгаа. Одоо үүнд шаардлагатай санхүүжилтээ босгохоор зорьж буй. Гэхдээ Монголын талыг 34 хувийг эзэмшигчийнхээ хуваарь ногдох зардлаа гарга гэж байгаа ажээ. Хувь нийлүүлэгчдийн хувьд энэ буруу шаардлага биш. Хэрэв Монголын тал энэ санхүүжилтээ гаргаж чадахгүй бол мөнөөх 34 хувийнхаа ногдол ашгийг авах хугацаа бүр 2038 он болж хойшлох юм байна.
Нэгэнт ногдол ашиг гэснийх энэ талаар дахин нэг тодруулга хийе. 2009 онд анх байгуулсан гэрээ ёсоор Монголын тал тус уурхайн 34 хувийг эзэмшиж, 2023 оноос эхлэн ногдол ашгаа авахаар  байсан. Гэтэл Ч.Сайханбилэгийн Дубайд байгуулсан далд уурхайн гэрээгээр энэ хугацаа 2034 он болж сунасан. Одоо цахилгаан станцын хөрөнгө оруулалттай холбоотойгоор дахин сунаж 2038 он болж магадгүй байна. Энэ асуудалд Монголын тал цахилгаан станцыг хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барих ёстой. Учир нь анхны гэрээнд  ингэж туссан бөгөөд  энэ хөрөнгө  анхны хөрөнгө оруулалтад орж тооцогдсон гэсэн байр суурийг барьж байгаа аж. Энэ байр суурь бас л монголчуудын буруу юу.
Арнауд Суарат   “...эрх зүйн орчин, хараат бус шүүх засаглал, гэрээ, хэлэлцээрийн дархан байдлыг хангах амлалт ус агаар мэт хэрэгтэй” хэмээн сургамжилсан байна билээ. Гэрээ, хэлэлцээр “дархлагдсан” байх ёстой гэнэ. Энэ бүхэн тогтвортой байх нь хөрөнгө оруулагч нарт мэдээж хэрэгтэй ч харин дархлагдсан байна гэвэл  санал нийлэхгүй. Тэр дундаа Оюутолгой шиг том уурхайд. Энэ уурхайг зуун дамжин ашиглаж ч мэднэ. Цаг хугацаа бүхнийг  өөрчилдөг. Тэр бүхэнд тааруулж зохицуулан хууль эрх зүйн орчин, гэрээ хэлцэл өөрчлөгдөж л таарна.  
М.Нэргүй
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан