Малайз улс 450 тонн хог хаягдлыг ирүүлсэн орнууд руу нь буцаана

Улс орноо дэлхийн хогийн цэг болгохоос эрс татгалзсан Малайзын эрх баригчид нийт 450 тонн хог хаягдлыг ирүүлсэн орнууд руу нь буцаахаар болжээ. Өчигдөр нийслэл Куала Лумпурын ойролцоох Порт Кланг боомтоос хуванцар хаягдал гэсэн хуурамч бүртгэлтэй есөн ширхэг далайн тээврийн чингэлэг олдсон байна. Үнэндээ эдгээрт ахуйн болон электроникийн хог зэрэг дахин боловсруулагддаггүй хаягдал байжээ. Энд хадгалагдаж буй хогтой чингэлэгүүд нь АНУ, Британи, Австрали, Япон, Хятад, Саудын Араб, Бангладеш, Нидерланд, Сингапур зэрэг улсаас ирснийг Малайзын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ёо Би Ин мэдээлсэн байна. 
Өнгөрсөн сард тус улс таван чингэлэг хогийг Испани руу буцаасан юм. Дөрөвдүгээр сарын 24-нд Малайзын засгийн газар сүүлийн үед улам бүр нэмэгдэж байгаа хууль бусаар хог хаягдал импортлох гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг эхлүүлсэн байна.
Тэр үеэс хойш нийт 10 ажиллагаа явуулаад байгаа юм. Өнгөрсөн онд Хятад улс байгаль орчноо хамгаалах үндэслэлээр гадаадаас хог хаягдал авахаа зогсоож байв. Үр дүнд нь дэлхийн олон улс орон хогоо багтааж шингээх газаргүй болж, Малайз зэрэг өөр улсууд руу экспортлох арга хайж эхэлжээ.
2018 оны эхний долоон сарын байдлаар АНУ-аас Малайзад экспортлосон хогийн хэмжээ өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөнийг Greenpeace байгууллага мэдээлсэн байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Их Британи улс 50,000 тонн хогийг 1,000 орчим чингэлэгээр тээвэрлэн Малайзад экспортлоод байгааг Ёо Би Ин сайд хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.
“Өндөр хөгжилтэй улс орнуудыг хуванцар хог хаягдлын менежмэнтээ эргэн харж, хөгжиж байгаа улсууд руу хог илгээхээ зогсоохыг бид уриалж байна” гэж тэр хэлжээ. Сүүлийн үед хог хаягдлын асуудал улс хоорондын маргааны нэг сэдэв болоод байгаа. Саяхан Филиппин улс хууль бусаар импортлогдсон их хэмжээний хогийг Канад улс руу буцаахаар болоод байна.
Канадын тал буцааж авахаар амласан хугацаагаа хэтрүүлэн удаасан тул Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте элчин сайдаа Оттавагаас дуудаж, хогийг нь өөрсдөө тээвэрлэн хүргээд Канадын эргийн усанд асгана хэмээн сүрдүүлж байв. Сүрдүүлгийн дараа Канадын засгийн газар хог хаягдлаа өөрсдийн зардлаар зургаадугаар сард багтаан буцааж авах амлалт өгсөн юм.

Э.Сэмүүн
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан