Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та сүүлийн үед нам гүм байна уу даа. Танай намын УИХ дахь бүлгийн дотоод уур амьсгал нэлээд хурцадмал байдалд хүрээд буй. Үүнээс ярилцлагаа эхлүүлье?
-Парламентын засаглалтай улсад сөрөг хүчний голлох үүргийг УИХ-ын бүлгийн гишүүд нь гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний гол анхаарлын төв УИХ-ын гишүүдэд нь байдаг. Энэ утгаараа би тэргүүн эгнээнд манлайлж хэвлэлээр төдийлөн гарахгүй байгаа нь үнэн. Бүлгийн уур амьсгалын тухайд, манай намын гурван гишүүн Засгийг авч үлдэх кноп дарсан нь маш харамсалтай. Уг нь Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар сарын өмнөхөн Засгийн газрыг огцруулах нь зөв гээд хэлж байхыг нь би хоёр чихээрээ сонссон. Хоёрхон сарын өмнө Туркийн иргэнийг хулгайлах асуудал гарахад манай Л.Болд гишүүн Засгийн газрыг шүүмжилж, огцрох ёстой гэж хэлж байсан атлаа сарын дараа байр сууриасаа буцаж У.Хүрэлсүхийг хамгаалах ёстой болоод өөрчлөгдчихлөө. Асуудалд ингэж хандаж болохгүй л дээ.
-Бүлгийнхээ эсрэг шийдвэр гаргасан гэж УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарт сахилгын шийтгэл оногдуулж, харин Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх тушаал гаргасан нь ялангуяа ардчилсан гэх тодотголтой намын хувьд хэр зохистой юм бэ?
-Манай сэтгүүлчид буруу ойлгоод байна. Ер нь бол намаас хэнийг ч хөөгөөгүй. АН-ын дүрэмд хүнийг хөөх заалт байхгүй. Л.Болд, Д.Мурат гишүүнийг дөрвөн жил нэр дэвших эрхээс нь түдгэлзүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзанданыг дөрвөн жил намын гишүүнээс түр түдгэлзүүлсэн. Ийм л шийдвэр гарсан. Үүнийг намын гишүүнээс нь хөөсөн мэтээр ойлгож болохгүй.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан та хоёр нэгэн цагт жагсаал цуглаан хамтдаа зохион байгуулж, “Дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг" нөхөд байсан. Найзыг нь намаас хөөсөн явдалд мэдээж та эмзэглэж байгаа байлгүй?
-Ж.Батзандан миний найз хэвээрээ. Гэвч МАН-ын Засгийн газрыг хамгаалж кноп дарсан нь намайг маш их эмзэглүүлсэн, нуугаад яах вэ. Ж.Батзанданаас би ийм үйлдэл хүлээгээгүй. Улс төр гэдэг зарчимтай байх ёстой. Гэвч өөрийнхөө үйлдэл бүрийг МАНАН-гийн эсрэг гээд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалаад байж болохгүй. Аливаа зүйлд зарчим гэж бий. У.Хүрэлсүхийн Засгийн газарт зайлшгүй хариуцлага тооцох ёстой байсан.
-Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Ардчилсан нам туг ч барьсан, тугал ч хариулсан. Гэхдээ АН-ын ялагдал болгон нь дотоодын хэрүүл тэмцлээс болдог гэх нь бий. Тиймээс намаа шинэчилье гэж 2016 оны УИХ-ын сонгуулийн маргаашаас л асуудлыг тавьж эхэлсэн. Гэвч энэ шинэчлэлт “Шинэчлэлт биш. АН-ыг шинэчилсэн гэж С.Эрдэнэ хуурмаг баг зүүсэн” гэж танай намын гишүүд мэдэгдчихлээ. Нарийн бичгийн даргын хувьд намынхаа шинэчлэлийг хэрхэн дүгнэх вэ?
-Монголын улс төрийн намуудад байгаагүй шинэчлэлийг АН эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, намын дарга гэлтгүй аймаг, дүүргийн бүхий л шатны намын дарга гишүүдээсээ сонгогддог болсон. Өмнө нь Үндэсний зөвлөлдөх хорооны 300 хүний хүрээнд намын даргаа сонгодог, улмаар энэ нь эргээд гишүүдийнхээ дунд асуудал дагуулдаг байсан явдлыг шинэчлэлийн үр дүнд бид халсан. Мөн өнөөдөр АН фракцгүй нам болсон. Энэ бүхэн яах аргагүй шинэчлэлийн үр дүн.
-АН-ыг С.Эрдэнийн хувийн компани болсон гэх шүүмжлэл байдаг. Үнэхээр танай нам нэг хүний халаасанд орчихсон юм биш үү?
-Шүүмжлэл гэдэг өөрөө ардчилал. Угаасаа С.Эрдэнэ дарга дарангуйлагч биш учраас магтуулах албагүй ш дээ. Дарангуйлагч нар л магтуулдаг. Ардчилсан нийгэмд удирдагч болгон мөн нийгмийн өмнө байгаа улстөрч болгон дандаа шүүмжлүүлдэг. Магтуулдаг улстөрч гэж хэзээ ч байдаггүй. Өнөөдөр АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч асныг нас барсных нь дараа л магтаж байгаа биз дээ. Түүнээс өмнө дайн хийсэн гэж байнга л шүүмжилсэн. Шүүмжлэл бол ардчиллын өөрийнх нь үзүүлдэг эффект нь. Тэгэхээр шүүмжлэлд эмзэглээд, айж ичээд байх зүйлгүй. Ардчиллын эрүүл үзэгдэл.
-УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарахаа мэдэгдчихлээ. Тэгэхээр Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болох эрсдэлд орлоо?
-Эв нэгдэлгүй том байхаасаа илүүтэй цул байх нь илүү гэж би хувьдаа боддог. Бүлэг гэдэг том асуудал биш. Цул байх нь хамгийн чухал.
-АН-ын Их хурал өнөөдөр болно. Хурлаар яригдах гол асуудал нь юу байх вэ?
-АН анх удаа үнэт зүйлээ тодорхой болгож байна. Баруун төвийн нам. АН-ын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийгдсэн өөрчлөлт бодлогын чиглэлд байсан. Их хурлаар энэхүү бодлого ямар хүрээнд байх уу гэдэг үнэт зүйлээ тодорхой болгох юм. Цааш АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд болон албан тушаалтан бүр намынхаа үнэт зүйлийн хүрээнд тоглоно гэж ойлгох хэрэгтэй. АН-д социалист, популист, фашистуудын орон зай байхгүй болно.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх 40 кнопын тусламжтайгаар Засагтайгаа үлдэж чадлаа. Сөрөг хүчний хувьд Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэж хэлбэл?
-У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэдэгт би 100 хувь зарчмын байр суурьтай байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 1.3 жил болсон. Энэ хугацаанд тодорхой зүйл нэг ч хийгээгүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо амиа хайрлахгүй гэдэг утга бүхий зүйл ярьж байсныг нь санаж байгаа. Гэтэл 1.3 жилийн дараа мөн л үүнийгээ ярьж намайг алах гээд байна, би тэмцэнэ гэдэг зүйлээ дахиад л ярьж байна. 1.3 жилийн хугацаанд тодорхой ажлуудыг хийж амжуулах уу гэвэл хангалттай хугацаа байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд юу хийв вэ гэдэгт нэлээд судалгаа хийж үзлээ. Хамгийн харамсалтай нь, Ерөнхий сайд Засгийн газрынхаа асуудлаар мөн бодлогын асуудлаар, хийх гэж байгаа ажлынхаа чиглэлээр телевиз, сонинд нэг ч ярилцлага өгөөгүй. Үүнд мэдээж хэвлэлийн хурал, УИХ-ын индэр дээрээс хэлсэн мэдэгдлийг нь тооцоогүй шүү. Дэлхийн нийтийн жишгээс харахад Ерөнхий сайд, эсвэл Ерөнхийлөгч нь сонгогдсоныхоо даруйд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгдөг. Гэтэл энэ зүйл У.Хүрэлсүхэд байсангүй. Эндээс харахад юуны төлөө ажиллах, ямар бодлого баримтлах гээд байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа юм. Гэтэл өөрт нь хариуцлага тооцох асуудал ярихаар өнөөх ярьдаг зүйлээ л ярьж байна.
Улс орны эдийн засаг, нийгмийн байдал хүнд байгаа энэ үед Ерөнхий сайд хүн бол ийм байж болохгүй л дээ. Дээрээс нь гэмт хэргийн шинжтэй байж болох өмнөх Засгийн газрыг огцруулсны шагнал мөн өөрийнхөө Засгийн газрыг тогтвортой байлгах авлига болгож тус бүр 950 сая төгрөгийг УИХ-ын гишүүдэд ижил дүнтэйгээр тараасан. Ардчиллын 30 жилийн түүхэнд татвар төлөгчдийн мөнгийг ийм зохион байгуулалттайгаар тарааж байсан явдлыг би мэдэхгүй. Энэ бол туйлын хариуцлагагүй зүйл. Тиймээс хариуцлага заавал тооцох ёстой. У.Хүрэлсүх төмөр мундаг өргөдөг байж болно, сайхан булчинтай байж болно. Энэ нь тусдаа асуудал. Улс орны эдийн засаг юуны түрүүнд чухал байна. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь гуравхан мянган доллартай тэнцэх ядуу улс шүү дээ. Ийм ядуу улсын Ерөнхий сайд өглөө, оройгүй ажиллах ёстой.
News.mn