Орос “Шөнийн супер анчин” нисдэг тэргээ Сирид туршлаа

Оросууд “Шөнийн супер анчин” хэмээн нэрийдсэн байлдааны шинэ Ми-28НМ нисдэг тэргээ Сирид амжилттай туршсан бөгөөд удахгүй зэвсэглэлд нийлүүлэх гэнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2028 он гэхэд цэрэг сансрын хүчинд ийм нисдэг тэрэг 100 ширхгийг нийлүүлнэ гэжээ.
“Ми-28НМ нь өдөр шөнийн ямар ч үед, цаг агаарын ямар ч нөхцөлд байлдааны үүрэг гүйцэтгэж цохилт өгөх чадвартай. Байлдааны энэ нисдэг тэргийг Ми-28Н нисдэг тэргэнд суурилуулан бүтээсэн ч зарим шийдлээрээ давуу” гэж Батлан хамгаалахын эх сурвалжаас авснаа “Царьград” хэвлэл нийтэлжээ.
Шинэ нисдэг тэрэгний гол онцлог нь радио локацийн Н025Э станцтай, радар нь сэнсний дээр байрлаж газар зүйн дүрслэл хүлээн авч байх, бас нисэг тэрэг эсрэг талынхандаа харагдахгүй үл үзэгдэх чадвартай гэнэ.
“Энэ машиныг хуурай замын цэрэгт тулааны талбарт олон зориулалтаар ашиглаж болно” гэж Цэргийн нисэх хүчин, агаараас эсэргүүцэн хамгаалахын дөрөвдүгээр армийн командлагч дэслэгч генерал Валерий Горбенко тэмдэглэж байна. Нисдэг тэрэг явган цэргээс аваад танк, бусад нисдэг тэргийг ч устгах гээд өргөн чадвартай гэнэ.
Мөн Орос бас энэ оноос байлдааны Ми-35М, Ми-35МВ нисдэг тэрэгнүүдээ шинэчлэн сайжруулах өргөн хүрээний ажил эхлүүлээд байгаа юм. Энэ хүрээнд шинэ хуягт кабин, хөдөлгүүрийг сольж, алсын харааны дуран, радио электрон төхөөрөмж, зенитээс хамгаалах цогцолбор суулгаж байгаа гэж ОХУ-ын Батлан хамгалаах яам тэмдэглэсэн байна.
Х.Өлзийбаяр
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан