Ян овогтод “зайдлуулсан” төрийн албаныхан

Ян Жин Гуан
Салхитын мөнгөний орд, Ян, Бангийн бүлэглэл, уяач Ш.Мөнгөншагай, хүргэн Г.Жаргалан, цагдаагийн нууцлаг генерал ба түүний урт гар гэх зэрэг хэллэгүүд сүүлийн нэг сарын турш хэвлэл мэдээллээр тархаж, дугаар хорооны иргэнээсээ өгсүүлээд төрийн тэргүүн хүртлээ хэлэлцэж ярих болов.
Энэ хэргийн талаар бишгүй зүйл хэвлэлээр гарсан ч асуудлын мөн чанар луу орсон, дорвитой мэдээлэл одоогоор алга байна. Манай сурвалжлах баг 1,3 сая долларын гэх хэргийн араас мөшгөсөөр дараах зүйлсийг тодрууллаа.
Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь БНХАУ-ын иргэн, 1972 оны 1 дүгээр сарын 26-нд Хэбэй мужид төрсөн Ян Жин Гуан гэгч байна. Ам бүл 5. Бүртгэгдсэн оршин суух хаяг нь Эрээн хотын Мин рен хотхон. 17-02-102 тоот. Монголд оршин суух, ажиллах эрх авсан бөгөөд  Сүхбаатар дүүрэгт Ли Жин Жи ХХК-ийн нэр дээр “Уламжлалт” гэх эмнэлэг ажиллуулдаг. Тус эмнэлэгээр үйлчлүүлэгчдийн дунд монголын улс төрийн дээд хүрээнийхэн, тэдний гэр бүлийн гишүүд, хууль, цагдаагийн өндөр албан тушаалтнууд олноороо байдаг. Үйлчлүүлэгчдээрээ дамжуулан  шүүх, прокурор, цагдаагийнхан болон төрийн албаныханд асар их нөлөөлдөг хүн гэх аж.

Ян Жин Гуан бол маш будлиантай, сав л хийвэл хууль зөрчдөг нэгэн бөлгөө. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ этгээдийн гэмт үйлдлүүдийн талаар эртнээс бичиж, мэдээлж байсан байх юм. 2006 оны Ардын эрх сонины 137 дах дугаарт сурвалжлагч Г.Хишиг "Эмэнд хордсон охины яс өдөр өдрөөр хайлсаар байна" гэх гарчигтай сурвалжлага нийтэлжээ. Түүнд дурдснаас үзвэл Ян Жин Гуан өөрийн эмчилж байсан Б.Батзаяа гэх охинд хугацаа нь дууссан буруу эм, эмчилгээ бичиж өгснөөс болоод охин хордлогод орж, эдгэрэх бус эсрэгээрээ яс нь зөөлөрч, хайлж эхлэсэн байна. Энэ талаар охины гэр бүлийнхэн гомдол гаргаж Эрүүл мэндийн сайд асан Т.Гандид болон тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн Ц.Мөнх-Оргил нарт хандсан ч хэрэгсээгүй. Өмнөөс нь сайдын туслах "Тэр хятад эмч Т.Ганди сайдын урилгаар ирээгүй. Тийм болохоор сайдад хамаагүй. Харин ч Ганди гишүүн сайд байх хугацаандаа хятад эмнэлгүүдийг хязгаарлах бодлого баримталж байсан”, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын туслах "Бидний зүгээс хэд хэдэн санд тусламж хүссэн бичиг явуулж өгье, бодит тусламж үзүүлж чадахгүй" гэсэн хариу өгсөн талаар сурвалжлагад дурджээ.

Охиныг хордуулсан хятад эмнэлгийг шалгаж, ямар арга хэмжээ авсныг сонирхохоор Улсын мэргэжлийн хяналтын газарт очиход нь тухайн хэргийг хариуцсан байцаагч “амралтаа авсан” гэх шалтгаар бултсан бол Б.Батзаяа охиныг буруу эмчилсэн Уламжлалт эмнэлэгийн монгол ажилтнууд болохоор "Улсаас эмчлэх зөвшөөрөл олгосон байхад та нар дэмий зүйл ярьж хүний толгой эргүүлэх гэлээ" хэмээн намжирдан хөөсөн талаар сурвалжлагч тодорхой бичсэн байх юм.

2013 оны хавар авлигын гэмт хэрэгт холбогдож, СБД-ийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заагдсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр 1 жил 6 сарын хоригдох ялаар шийтгүүлж байсан этгээд. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ян Жин Гуан энэ ялаа эдлээгүй, оромдоод өнгөрсөн, шүүх хурлын суллагдаад эмчилгээгээ үргэлжлүүлэн хийж байсан гэнэ.Хуулиа хэрвээ мөрддөгсөн бол монгол улсад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гадаадын харъяатыг монгол улсын нутаг дэвсгэрээс албадан гаргасан байх ёстой. Гэтэл Ян овогтод монголын хууль үйлчилсэнгүй, гадаадын иргэн харъяатын газрынхан чимээгүй өнгөрсний учрыг ухах, гэм бурууг тогтоох ёстой.

Ян Жин Гуаны нэр холбогдсон саяхны нэг хэрэг явдлыг сөхвөл Улсын мөрдөн байцаах газарт 2016 оны 3 дугаар сард “GPF” компанийн захирал Жин Жиа Мин Чойр дахь гаалийн хяналтын бүсийн байцаагч нар болон Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лабортори, зөрчлийн хорооныхонтой үгсэн хуйвалдах замаар Дундговь аймгийн Гурвансайхан сум дахь “Салхит” уурхайгаас олборлосон мөнгөний хүдрийнхээ агууламжийг багаар тогтоолгож, төсөвт төвлөрүүлэх ёстой нөөц ашигласны татвар, гаалийн татвар зэргээс зайлсхийдэг талаар маш тодорхой мэдээллүүд иржээ. Хачирхалтай нь цагдаад ирсэн мэдээллийн талаар Жин Жиа Мин тэр даруй сонсож, яаран хил гарч зугтсан байна. Цагдаа дотроос түүнд мэдээлэл өгсөн байх магадлал энд бий.

Удалгүй Жин Жиа Миний дотны найз гэх Ян Жин Гуан GPF компанийн үйл ажиллагааг хариуцдаг хэмээн цагдаагийнхантай уулзах болсон бөгөөд Ян Жин Гуан өөртэй нь уулзсан монгол хүмүүс, албаныханд “Намайг монголын сайд, УИХ-ын гишүүд хамгаалдаг” хэмээн сайд, УИХ-ын гишүүдтэй хамт авахуулсан гэрэл зургаа үзүүлж, дарамталдаг талаар тухайн үед сэтгүүлч Э.Энх-Эрдэнэ medee.mn сайт дээр бичиж байлаа. (эх сурвалж http://www.medee.mn/mobile.php?eid=75450)

Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол Ян овогт “Намайг монголдоо нэр нөлөө бүхий эрүүгийнхэн бас хамгаалдаг шүү” хэмээн “GPF” компанийн ажилтнуудыг дарамталдаг ажээ. Дээрх мэдээллүүдээс харахад Ян овогт болбоос эрүүгийн элементүүдээс өгсүүлээд цагдаагийн генерал хүртэл нь хууль-гэмт хэргийн ертөнцийг атгасан нэгэн бололтой юм.
“Салхит” уурхайн мөнгөний хүдрийг 3 өөр лабораторит өгч шинжилгээ хийлгэжээ. Гэтэл шинжилгээний хариу 3 өөр гарчээ. “Ханлаб” ХХК “хүдэрт 1398 грамм мөнгө агуулагдаж байна” гэсэн бол “SGS” компани “Хүдэрт байгаа мөнгөний агууламж 1706 грамм байна”, харин Геологийн төв лабораторийн хариу “мөнгөний агууламж 441 грамм байна” гэж гарчээ. Улсын төв лаборатори яагаад ганцаараа агууламжийг хэд дахин бага буюу 441 грамм мөнгө агуулагдаж байна гэж тогтоосны учрыг олохоор ажлын хэсэг гарч дахин шалгахад албаны чанга хяналт дор хийсэн шинжилгээгээр мөнгөний агууламж 4 дахин нэмэгдсэн дүн гарсан байна. Мөрдлөгийн явцад шинжилгээний дүнг багасгахад нөлөөлсөн хүн нь өнөөх гайхал Ян овогт болж таарсан ч хэрэг тэгэсгээд замхарчээ. Бодвол цагдаа дахь нөлөөлөл нь үүргээ гүйцэтгэсэн биз. Энэ хэргийн мөн чанарыг ойлгоход дараах мэдээлэл туслана.

“GPF” компани олборлосон хүдрээ маш бага үнээр худалдаг гэсэн хуурамч гэрээгхятадын нэгэн компанитай байгуулсан  байна. Мөнгөний агуулга нь 428 грамм байвал гаалийн татварыг нэгдүгээр ангиллаар буюу багаар боддог. Агуулга нь 798 граммаас дээш байвал гаалийн татварын дөрөвдүгээр ангиллаар өндөр татвар төлдөг юм. Татвараас зайлсхийсэн ийм илэрхий луйврыгмонголын гаалийнхан анзаараагүй, хууль хяналтынхан тоогоогүйгэдгийн цаана Ян овогтын нөлөөлөл, авилга байсан байх магадлал маш их аж.
Гаалийнхан“Энэ компани улсад хэчнээн тэрбумын хохирол учруулсныг удахгүй тодорхой болгоно” гэж мэдэгдэж байсан ч 2 жил өнгөрөхөд юу ч тодорхой болсонгүй. Тэр ч бүү хэлхүдрийн агууламж дарагдуулан мэдүүлсэн гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх үед Гаалийнхан тус компанийн мөнгөний хүдрийг хилээр гаргах зөвшөөрөл өгчихсөн байжээ. Энд ахиад л шалгах нягтлах зүйлс агуулагдаж буй.
Ян овогтын өдүүлсэн хамгийн дуулиант хэрэг бол “хуурамч гарын үсгээр орд газар луйвардаж авсан” 1,3 сая долларын гэх хэрэг юм. Өдгөө энэ хэргийн талаар амтай болгон цуурч байгаа. Яг юу болсныг магадлавал дараах байдал тодров.
Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярт “35 сая төгрөгийн хахуул өгөх” гэсэн гэх сэжгээриргэн Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир, Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарын хүмүүсийг саатуулан шалгасан хэрэг мандсны цаад учир нь Ян овогтын нөлөөлөл, хууль бус үйлдлээс эхтэй болохыг эх сурвалж онцлов.

Ян овогт өөрийн найз Жин Жиа Миний хамтаар нутаг нэгт Чен Бангфагийн эзэмшиж байсан GPF компанийг мэдэлдээ оруулахын тулд уг ордын лицензийг эзэмшигчдийн нэг асан монголын иргэн Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх асуудал энэ хэргийн угт байгаа юм. Нотариатч М.Саранцэцэг гэгч нь Ян овогтын дам нөлөөллөөр Нотариатын тухай хууль, бусад хуулиудыг зөрчин Ш.Мөнгөншагайгийн эзгүйд “GPF” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн ба үүндээ Ш.Мөншагайгийн гарын үсгийг сканнердан ашигласан болохыг гурван шатны шүүхээр нотлон 2017 оны 10 сард эцсийн шийдвэр гарч GPF компани хууль ёсны эзэмшигч Чен Бангфа-д шилжсэн билээ.

Чен Бангфа компаниа монголын татварын албанд бүртгэлтэй Аминбилэг компанид худалдсан. Харин Жин Жиа Мин гадагшаа зугтан гарсны улмаас удталнам гүм байсан байдал Ян овогтын нөлөөлөлд автсан цагдаагийн удирдлага, шүүх хуулийнхны оролцоотойгоор гэнэт идэвхжин “гарын үсгийг хуурамч болохыг” тогтоосон шинжээчдийг “авилга авсан” хэмээн буруутгаж цагдан хорьсноор дээд цэгтээ тулан хямарчээ.  Энд эрүүгийн цагдаагийнхан хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан, бусдын нөлөөнд автаж гэмгүй хүмүүсийг буруутгахаар ихэд хичээсэн зэрэг ноцтой үйлдлүүд маш  ихээр гарсан хэмээн эх сурвалж хэлэв. Үүнийг цагдаагийн дотоод хяналтынхан шалгаж тодруулах ёстой.

Цагдаагийн газрын дарга асан нэгэн генерал Ян овогтын эмчлүүлэгч, Улсын дээд шүүхэд олон жил ажилласан нэгэн шүүгчээр хүсэлтээр уг хэрэгт гар хошуу дүрснээр хэлмэгдүүлэлтийн хар шуурга дэгдэж, олон гэмгүй хүнийг торны цаана суулгажээ. Өнгөрсөн долоо хоногт өнөөх генералын томилуулсан 5 шинжээч өмнөх шинжээчдийн дүгнэлт үнэн зөв болохыг тогтоосноор хилс хэрэгт өртөгсдийн ихэнхийг суллахаас аргагүй байдалд хүрсэн байна. Одоо иргэн Ш.Мөнгөншагай нарын хоёр хүн л суллагдаагүй байгаа юм. Зохиосон хэрэг нь буруугаар эргэж байгаа мэдээллийг цагдаагийнхнаас авсан Ян овогт эмнэлгээ Дүнжингарав хотхон руу нүүлгэж олны нүднээс нуугдах болсон гэх мэдээлэл авлаа. Гэмт этгээд ахиад л хуулийнхны туслалцаатайгаар хуулийн хариуцлагаас бултахаарзэхэж байж мэдэх мэдээнүүд бий. Тэрээр цагдаагийн нөлөөллөөрөө дамжуулан хэргийг хаашаа эргүүлэх, чиглэл заавар өгөөд сууж ч байж мэднэ.

Ян овогтын өдүүлсэн маш олон гэмт хэрэг шийтгэлгүй өнгөрч байгаа, тэрээр ихэд даварч хууль шүүхийн байгууллагын эзэн мэт аашилж байгаагийн цаадтай монголын төрийн албаныхан, хууль хяналтын байгууллагын ажилтнуудаас цөөнгүй хүн шударга ёс, хууль баримтлах тангарагаасаа няцаж мөнгөний өмнө бөхөлзөх болсон увайгүй явдал бий. Энэ хэргээс улбаалан жирийн иргэдийн эрх, эрх чөлөөнд тулгарч байгаа аюул  ил боллоо. Дурын нэгэн мөнгөтэй хятад хууль, цагдаагийнханд нөлөөлөх, хуурамч нотлох баримт бүрдүүлэх замаар монголын иргэдийн өмчийг булаах, эрх чөлөөг нь боомилон хязгаарлах боломж бодитоор оршин байгаа нь сэтгэл түгшээж байна. Өнөөдөр тэд иргэн Ш.Мөнгөншагайг хилсдүүлж, өмчийг нь булааж авахаар санаархаж чадаж байна. Маргааш та, бидний ээлж ирэх ч магад юм.
Дараагийн удаад бид Ян овогт эмч бээр хэн хэн гэж эрх мэдэлтэн, дарга сайд нартай ямар холбоо сүлбээтэй болохыг баримт түшин харуулах болно.

Эх сурвалж: НОЦТОЙ МЭДЭЭ сонин
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан