Долоодугаар сарын дөрөвний өдөр АНУ Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэлээ. Энэ өдөр Америк даяар ёслолын буудлага буудаж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдсан бол нийслэл Вашингтон хотод цэргийн парад болсон байна.
Тодруулбал, Трамп “бүхий л амьдралын шоу” гэж нэрлэсэн цэргийн парад Вашингтон дахь Линкольны дурсгалын цогцолборын ойролцоо болж, парадад АНУ-ын орчин үеийн зарим зэвсэглэлүүд, Абрамс танкууд оролцон, онгоц агаарт хөөж, салют бууджээ. Энэ хэмжээний цэргийн парад байгуулахад асар их хөрөнгө гарна гэж олон нийт шүүмжилж байсан бөгөөд харин Америкийн төрийн тэргүүний өгүүлснээр парадын төсөв “маш бага” болсон гэж мэдэгджээ.
Мөн Тусгаар тогтнолын өдөрт зориулан үг хэлэхдээ АНУ-ын цэргийн албан хаагчид онцгой үүрэг оролцоотой гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
“Бид өнөөдөр нэг үндэстний хувьд энд цугларлаа. Түүх, ард түмэн, манай далбааг бахархалтайгаар хамгаалж байдаг баатрууд, АНУ-ын Зэвсэгт хүчний эрэлхэг эрчүүд, эмэгтэйчүүдээ хүндэтгэе” хэмээн Трамп ард түмэндээ хандсан үгэндээ онцолжээ.
Энд дуулгахад, 1776 оны долоодугаар сарын дөрөвний өдөр Их Британиас тусгаар тогтнох тунхаг бичгийг батласан. Энэ өдөр Үндэсний гудамжинд болдог урлагийн тоглолт, ёслолын буудлагыг үзэхээр Вашингтон хотыг олон зуун мянган хүн зорьдог аж.
Г.Бямбасүрэн