Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд сайжирч байгаа. Гэсэн хэдий ч эрсдэл байгааг ОУВС тэргүүтэй санхүүгийн байгууллагууд анхааруулаад буй. Эдгээр эрсдэлийн тухай өгүүлье.
Эрсдэл 1.
Энэ сарын 4-нд улс орнуудын зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын “Фитч” агентлагаас Монгол Улсын урт болон богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” буюу “тогтвортой” хэвээр ангилалд үлдээсэн.Ингэхдээ Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа болон төсвийн засаглалын үзүүлэлтүүд сайжирч байгаа гэж үнэлэн зэрэглэлийг хэвээр үлдээсэн. Гэвч Монгол Улс эдийн засгийн хязгаарлагдмал суурьтай, гадаад нөөцийн хамгаалалт хангалтгүй, улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн бодлогод огцом өөрчлөлт оруулах нөхцөл байдлыг үүсгэх, эдийн засагт шок учрах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул зэрэг нь зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд саад болжээ. Төсвийн ашиг 2018 онд ДНБ-ий 2.6 хувьд хүрч, батлагдсан төсөв болон “Фитч” агентлагийн төсөөлсөн дүнгээс давсан байна. Орлогыг нэмэгдүүлэх чиглэлд шинээр арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй хэдий ч 2019 оны 5 дугаар сарын төслийн гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн орлого болон зардал тогтвортой өссөн байна.2020 оны УИХ-ын сонгуулийг урьтаж төсвийн зарлага огцом өсөөд байгаа бөгөөд өнөөгийн төсвийн сайн гүйцэтгэл ирэх онд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгааг хэлсэн.
Эрсдэл 2.
“Фитч” агентлагийн нэрлэсэн дараагийн эрсдэл нь ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зургаа дахь шатны үнэлгээ юм. ОУВС-гийн ажлын хэсэг дүрмийн IV заалтын зөвлөлдөх яриа хэлэлцээний талаар хэвлэлийн мэдэгдэлд Монгол Улс эдийн засгийн дархлааг сайжруулах чиглэлд тодорхой ахиц гаргасан боловч ирээдүйд учирч болзошгүй гадаад шокуудыг даван туулахад шаардлагатай нөөцийн хамгаалалт хангалтгүй хэвээр байгааг онцолсон байна.
Эрсдэл 3.
Дотоод улс төрийн байдал өөрчлөлтөд орж, мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаарх эргэлзээ. Түүнчлэн саяхан Рио Тинто далд уурхайн үйлдвэрлэл хойшлох, хөрөнгө оруулалт нэмэгдэх талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн тус компанийн хувьцааны ханш 44 хувиар буурсан. Энэ мэт асуудлаас болж Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтб уурах эрсдэлтэйг дурдсан.
Эрсдэл 4.
Дараагийн эрсдэлд банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ дурдагдаж байна. Энэ оныхагас жилийн байдлаар банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 1.9 их наяд төгрөг болж, нийт зээлийн 10.5 хувийг эзэлж байна.Тодруулбал, банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл зургаадугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болжээ. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 60 тэрбумаар буурсан хэдий ч өнгөрсөн оны мөн үеэс 596.9 тэрбумаар өссөн байна. Ингэснээр нийт зээлд чанаргүй зээлийн эзлэх хувь хоёр орчим хувиар нэмэгдэж, 10.5 хувийг эзэллээ. Нэмэхэд, чанаргүй зээлийн үүтгэл болсон хугацаа хэтэрсэн зээлийн тухайд мөн хугацаанд 751.1 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх сар болон өнгөрсөн оны мөн үеэс буурсан мөнгөн дүн юм.
Эрсдэл 5.
Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “саарал жагсаалт”-ад орох нь мөн ойрын эрсдэл болоод байна.Хэрэв Монгол Улс “саарал жагсаалт”-ад орвол эдийн засгийн хувьд хязгаарлагдмал болох юм. Наймдугаар сард Ази, Номхон далайн хурал болно. Тэр хурал дээр Үндэсний зөвлөл тайлан тавьж, “саарал жагсаалт”-ад орохгүй байх хамгаалалт хийнэ. Харин 10 дугаар сард түүнийг үнэлэх юм.
Эх сурвалж: eagle.mn