“Наад бөхөө давчих, үхэр өгье”

Хүүхэд ахуйд сумын наадмын өмнөх өдөр их догдолно. Хэдэн хоногийн өмнө барьж авч хагсраасан өндөр хээр мориныхоо дэлийг сандал дээр зогсож байгаад ч болов засаад авна. Буржгар дэлтэй учраас их хичээж хайчлахгүй бол сайхан болохгүй. Баяа хар үүрээр Чандманиас давхиад ирнэ. “Нийлж аваад гарч өгнө дөө. Ангийнхнаас хэн хэн наадам үзэхээр ирэх бол. Сайхан бужигнана даа” гэж бодохоор л хөөрөөд байдаг сан. Наадмын өмнөх өдөр Тэрх, Чандманийн уяачид Машин гуу, Дунд дөрөлжид, Гичгэнэ, Баян-Улааныхан Нүхэн дөрөлж, Хүүшид эрээн алаг майхнаа босгож, уяа шушгаа татна. Энд, тэнд морь тарлаж, хүүхдийн гүүглэх дуу хадаад л. Хүмүүс билэг ерөөл хэлэлцэн мэндлээд, наргих ёргихдоо хүртэл хар мууг хавчуулахгүй, нэг тийм гэгээн уянгатай.

Сумын холбооны эрхлэгч албатай аавд минь наадмын талбайд Төрийн далбаа мандуулах, хөх, улаан дарцгаар чимэх үүрэг байнга ногдоно. Наадмын талбайн хоймрын бетон суурьтай, төмөр шонд авирах ацаг надад ирнэ. Өндөр шонг могой шиг ороож авираад далбаа мандуулах урт олсыг орой дахь гогцоонд нь сүвлэчихвэл аав бусдыг нь амжуулна. Төрийн далбаа хойморт нь намирч, хана туурганд нь хөх, улаан өнгийн дарцаг зоож “гоёлыг нь өмсгөсөн” наадмын талбай маань сүр жавхлантай харагддаг сан. Сумын заан аав минь маргааш нь мандуулсан далбаагаа хэдэнтээ тойрч дэвнэ шүү дээ.

Баяа хүрээд ирнэ. Наадмын өглөө хоёул азарганы уралдаан үзэхээр Ухаа гүвээ рүү давхиад өгнө дөө. Ангийнхантайгаа ч нийлээд авна. Манай сумын наадмын зургаан насны морины уралдаан, бөхийн зургаан даваа яс ээлжилнэ. Азарга уралдсаны дараа бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ, дараа нь их насны морио мордуулна гэх мэтээр наадна. Бид Ухаа гүвээн дээрх морь барианы газар, наадмын талбайн хооронд хоёр өдөр уралдана. Ах нараас морь гуйгаад ангийнхаа охидод унуулчихна. Тэгээд инээж хөхөрсөн амьтад морь, бөх харж баахан баясна. Морь унаагүй хүүхдүүд нь сумандаа цөөн байдаг ачааны машинд дайгдана. Мялын Ганболд гэж бор ногоон өнгийн “ЗиЛ-130” машинтай ах сумын хүүхдүүдийг Ухаа гүвээ сумын төвийн дэргэдэх наадмын талбайн хооронд мөн ч их зөөсөн дөө. Бид наадмын талбайд ирсэн ч мориноосоо буухгүй. Өдөржин хэлхэлдээд тойрчихно. “Аав тань давчихлаа...” гэж найзууд шуугилддаг сан. Ай сайхан даа. 2000-аад оны үеийн нутгийн наадмаас ийм дурсамж надад хоцорчээ.

Надтай Ухаа гүвээ наадмын талбайн хооронд уралдаж явсан үеийн залуусын зарим нь барилдах нь барилдаад, цолд хүрэх нь хүрээд, хүч нь харьцгаачихжээ. Харин бүсэндээ хусуур хавчуулж, хүлгийн сүүл шуусан хэд нь ид байна. Хангай сумын шинэ хорооллын гудамжны шороон дунд барилдаж өссөн, зүү орох зайгүй анд Баяа (П.Баянбат) дөрвөн насны морь сойсон. Үеийн залуус морьдоо өвөлжин тэжээж, шинэ цагийн уяа гэгчээр сойж байгаа гэнэ. Тод манлай уяач Д.Ононгийн үндэслэсэн ханагар давхилын уяагаар морьдоо сойх гэж оролдоцгоож байна. Онож байгаа ч юм уу, бүү мэд. Гэхдээ баримжаалаад л байгаа бололтой.

Манай нутаг жижиг биетэй, бярмаг адуутай. Орчин цагт нутгийн унаган адуу уяад сумын наадамд айрагдуулахад бэрх болсон гэнэ. Хэнтий, Сүхбаатараас, цаашлаад эрлийз, хурлийз адуу авчирч уяхгүй бол торгон жолоо өргүүлэхэд бэрх гэж найзууд хуучилна. Нутгийнхан маань зүүн аймгуудаас морь “зөөгөөд” эхэлжээ. Тэндээс олон сая төгрөгөөр худалдаж авсан морьд сойцгоож байна. Сүүлийн жилүүдэд зүүн талаас авч ирсэн адуунууд нь л сумын наадмын хурдан морьдын уралдааныг өнгөлж байгаа гэнэ лээ.

Наадмын өмнөх өдөр Баяагийн сумын төвийн ойролцоох, Машин гууд зассан шушган дээр Тэрхээс Ганбаа, Төрөө ах морьдоо хөтөлж, Чандманиас Багаа, Төгөө найзууд ачиж ирлээ. Тэдэнтэй нэг гал болж морьдынхоо хоолыг тохируулахаар болов. Сумын наадмын хөтөлбөр гарч, зургаан насны морьдоо нэг өдөрт багтаан уралдуулахаар болжээ. “Цаг хожихийн тулд морьдоо гарааны зурхайн ойролцоо бүртгэхээр болсон. Тиймээс гарааны зурхай руу ойртож хоно” гэсэн даалгавар Морины комиссынхон уяачдад өгөв. Харин тэд Машин гуудаа морьдынхоо хоолыг тааруулаад, үүрээр ачин гарааны зурхай руу хөдлөхөөр шийдсэн юм. Сүүлийн жилүүдэд бүх насныхаа морьдыг нэг өдөр уралдуулдаг болгож өмнөх уламжлалыг өөрчилжээ.

Аргамжаатай морьд өвс шир шир хазлах зуурт уяач эрчүүд задгай гал тойрон морь л ярина. Бадраа ахын хээр азарга баараггүй түрүүлнэ, Даамиагийн халиун морь, загал хоёр их насанд өнгөлөх болов уу. Ожгоо Цогтоогийн хул үрээ соёолонд түрүүлэх байх. Хязааланд Ууганаагийн шарга, Галаагийн хүрэн халзанг арай дийлэхгүй байх гэж таамаг тавилаа. Наадмын өглөө Бадраа гуайн хээр азарга таамаг баталж, саахалтын зайтай тасархай түрүүлэв. Ийнхүү сумынхаа наадамд дөрвөн жил дараалан магнайлж буй нь энэ. Хангайн бүсийн хурдан морьдын уралдаанд даага аман хүзүүнд хурдлуулж байсан архаг уяач Чулуун-Эрдэнийн хүрэн азарга удаалав. Айргийн тавд орсон бусад азарга шинэ залуу уяачдынх гэнэ. Бүгд л зүүн аймгийн угшилтай хурдан ажнайнууд. Их насны моринд хүрэн морь түрүүллээ. Даамиа халиун морио аймагт уралдуулахаар сумын наадмыг өнжөөжээ. Халиун морь өмнө нь сумынхаа наадамд түрүүлж байсан хурдан ажнай. Түрүүлдэг хүрэн морийг манай нутагт хэдэн жилийн өмнө авчирчээ. Гэвч уяа нь эвлэж өгөхгүй байсаар энэ жил хурд орсон гэнэ.

Соёолонд Ожгоо Цогтоогийн хул түрүүлж ирээд, барианы зурхай дээр Даамиагийн хонгор үрээнд дайруулан аман хүзүүдчихлээ. Тэгвэл хязааланд Ууганаагийн шарга үрээ Галаагийн хүрэн халзанг дийлэх шахсан даа. Хүүхдийн дөрөөг нь дэрлээд барианд орсон. Хоёр үрээний хооронд наадамчдыг уухайлуулсан мөн ч шимтэйхэн уралдаан болсон. Ялагдаж буйг нь дэмждэг монгол зангаараа шарга үрээг түрүүлчихээсэй гэж дэмжсэн хүмүүс олон байв. Шүдлэн насны морьдын уралдаанд Даамиагийн хонгор үрээ түүртэлгүй түрүүллээ. Манай нутагт хүргэн болж ирсэн, морь уях ухаанд гаршиж буй гэгддэг Даамиа хэмээх гуч эргэм насны залуу сайхан наадлаа.

Дааганы уралдаанд Мялын Ганболд ахын шар хээр даага түрүүллээ. Энэ жил хээр даага нутагтаа болсон Архангай аймгийн баруун бүсийн доод гурван насны хурдан морины уралдаанд гуравт хурдалсан, Чандмань багийн 60 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн. Мөнөөх сумын хүүхдийг “ЗиЛ-130” машинаар зөөж, наадам үзүүлдэг байсан ах сайн уяач болсон нь энэ. Түүний хурдан буурал морь нь олон наадамд түрүүлж, айрагдсан сургийг нутгаасаа холдоод удсан миний бие олон удаа сонсож байлаа.

Ухаа гүвээн дээр уяачид уралдаж ирсэн хүлгүүдээ хөтөлж алхуулна. Хөлд нь цус буулгахгүй гэж ингэдгийг адуунд ойртсон хүн андахгүй л дээ. Уяач залуус дугуйрч сууцгаагаад түүний морины хоол ихэдсэн, багадсан, уяа нь таараагүй, хөлс дутсан гэх мэтээр бие биенийхээ алдаа оноог шүүн ярилцана. Сумын минь наадамд уралдахаар цөөн морь морддог болжээ. Даага 40 гаруй мордсон нь хамгийн олон нь байв. Бусад насны уралдаанд 20-30 морь л мордлоо. Сайн тэжээсэн морьд л наадамд айрагдаж байгааг нутгийн уяач дуулгасан. Тэжээгээгүй, цагаан өвсний адуу айрагдуулна гэдэг хөдөөгийн жижиг суманд ч үлгэр болсон цаг санж. Найзын хэлснээр тэжээгээгүй уралдуулсан морьд сүүлч хавиар цогиод л ирцгээсэн дээ.

Сумын наадмаар морь унадаг хүн ховор болжээ. Цөөн уяачид уралдан морь адгуулахын тулд морь унаж ирсэн нь харагдана. Ачааны машины тэвшин дээр сууж наадам үзэх хүүхэд ч алга. Нутгийнхан суудлын жижиг тэрэг, хятад мотоцикл хөлөглөн наадаж байлаа. Цөөн хэдэн чинээлгүүд нь жийп унах аж. Цаг цагаараа байх биш дээ.

Сумын наадмын хоёр дахь өдрийн үйл ажиллагаа баярын талбайд үргэлжиллээ. Айргийн тавд хурдалсан бүх насны морьдын торгон жолоог өргөж, цолыг нь дуудан, бай шагналыг гардуулсны дараа хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхлэв. Наадамчин олон ч залуусын уран хурц барилдааныг сонирхохоор суудал дөхлөө. Гэтэл баяр наадмын бөхийн барилдааны зүүн жигүүрийг магнайлан барилдсан Тариат сумын харьяат, аймгийн заан Г.Болдгэрэл алга болжээ. Тайлбарлагч зааныг гарч зодоглоорой хэмээн хэдэнтээ нэр дуудав. Хэсэг хугацаанд ч хүлээлээ. Мөнөөх аймгийн заан Цахир сумын наадамд барилдахаар явсан гэсэн хэл мэдээ төв асар дахь зохион байгуулагчдын чихэнд хүрчээ. Наадамчин олон ч бухимдаад явчихав. “Хасаад үлдсэн бөхчүүдээ барилдуулъя. Наадамчин олныг ингэж тохуурхаж болохгүй” гэж хашхиралдсан.

Ингээд Бөхийн комиссынхон сумын удирдлагуудтай хамтран хэрхэхийг шийдвэрлэхээр болов. Ихэд удаан ярилцсаны эцэст “задарсан” зааныг хасахаар боллоо. Ингээд үлдсэн долоон бөхөө дахин оноолт хийн барилдуулахаар болсон. Сумын маань бөхчүүд барилдахаар босов. Харин Тариат, Цахир сумаас барилдахаар ирсэн бөхчүүд гардаггүй ээ. Гэтэл манай сумын наадамд 2000-аад оны эхээр түрүүлж, заан болцгоосон ах нар наадмын талбайн тэхий голоор алхаж, “Барилдахгүй шүү, болоогүй шүү” гэх мэтээр удирдаж гаргадаг байгаа. Энэ ч нэг жиг ургалаа шүү гэж бодтол дэргэд суусан залуу “Цахирын нэг сумын начинг заан болгохоор наад хэд чинь хор найруулаад байгаа юм” гэж шивнэлээ. Үнэхээр ч ямар нэг атгаг зорилго агуулаад байгаа нь илэрхий.

Шинэ оноолтоор зүүний магнайд гарах ёстой Тариат сумын харьяат, аймгийн харцага П.Жаргалсайхан зодоглодоггүй дээ. Гарч барилдахыг шаардтал “Би гоц мөргөсөн” гэв. Гоц мөргөсөн ч гарч, дэвээ шаваагаа хийгээд, Төрийн далбаагаа тойрдог ёстой гэж шахсаар суудлаас нь өндийлгөлөө. Наадамчин олон ч бухимдлаа илэрхийлж байв. Энэ зуурт “гайхал” заан Г.Болдгэрэл наадмын талбайд ороод иржээ. “Би хасуулахгүй” гэж хэлсэн түүнийг нутгийн ах нар өшиглөөд, ундааны саваар цохиод, чулуу нүүлгээд хөөгөөд явуулсан. Хожим сонсоход мань заан хадам дүүгээ сумын заан болгох гээд зарим ах нартай нийлчихсэн “хор найруулж” явсан юм билээ. Түүнийг нь эртнээс гадарласан ах нар тийн уурссан хэрэг. Бөхийн жудгийг уландаа гишгэсэн муусайн юмнуудыг наадмын талбайгаас золбин нохой шиг хөөгөөд явуулсан нь ч оносон байна лээ.

За ингээд шуугиан намжиж наадам эхэллээ. П.Жаргалсайхан харцага үзүүрт хүрэх нь ойлгомжтой. Түүнтэй манай нутгийн наадмаас заан цол авахаар мөнгө өвөртөлж ирсэн залуу тунаж үлдлээ. Залуу хүний нэр хүндийг бодоод энд нэрийг нь бичсэнгүй. Наадамчдын дунд гурван сая төгрөгөөр заан болох гэж байгаа гэнэ лээ гэх шивнээ түймрийн гал шиг тэр дороо тарсан. Үзүүр, түрүүний хоёр гарлаа. Нутгийн нэгэн залуу П.Жаргалсайхан харцагад хандаж, “Наад бөхөө давчих, үхэр өгье” гэж хашхирав. Шударга сайхан наадам үзэхийн төлөө наадамчин олон хүчтэй, бяртай нь үхэр өгөхөд ч бэлэн байна. Мөн хэцүү еэ. Мэдээж мөнгө өвөртөлж ирсэн залуу давж таарна. Наадамчин олон газар түй гэж нулимаад өндийлөө. “Ийм заваан наадам хийж байгаа гэж яадаг юм” гэж зарим нь амандаа бувтанана. Найраагаар түрүүлсэн залууд наадамчин олон баяр хүргэсэнгүй. Өрөвдөлтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг бөхчүүддээ хорлуулсан Монгол бөх. Сумын наадам жаргав.


Т.Энхбат

Эх сурвалж: Өнөөдөр сонин

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан