Монгол, АНУ-ын харилцаанд таван Ерөнхийлөгч ямар үүрэгтэй байсан бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт АНУ-д айчиллаа.Айлчлалын үеэр Монгол, АНУ Стратегийн түншлэл тогтоов. Түүнчлэн АНУ-ын Конгрессийн 40 гишүүний өргөн мэдүүлсэн Гуравдагч хөршийн худалдааны хуулийг Монгл Улс дэмжихээ мэдэгдсэн. Ингэснээр Монгол Улс оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд татваргүй боломж бүрдэх юм. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ гэдэг байр суурийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр илэрхийлсэн. Тэрбээр, “ АНУ 16 оронтой Стратегийн түншлэлийн харилцаатай гэж санаж байна. Монгол Улс дэлхийн 200 гаруй орноос АНУ-тай нэлээд дотно харилцаатай болж байна гэсэн үг. Манай хоёр орны хоорондын улс төрийн яриа хэлэлцээр тогтмолжино гэсэн үг. Батлан хамгаалах, энхийг сахиулах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд АНУ их тусламж үзүүлдэг гэдгийг иргэд маань мэдэх байх. Эдийн засгийн салбарт томоохон төслүүдэд америкийн хөрөнгө оруулагчдыг татах тал дээр хоёр талаасаа ярилцсан. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч анхаарлаа хандуулна гэж хэлсэн. Мөн өргөтгөсөн хэлэлцээрийн үеэр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг Ерөнхийлөгч Д.Трамп анхааралдаа авна гэж хэлсэн. Энэ хууль батлагдсанаар манай улсад 30-50 мянган ажлын байр шууд утгаараа бий болохоос гадна 800 гаруй мянган малчны орлого дээшлэх боломжтой” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д анхны айчлал үр дүнтэй байсныг олон улс судлаачид ч мөн онцолж байна. Тэр тусмаа эдийн засгийн хувьд асар өгөөжтэй байсныг чухалчлав. Монгол Улс дэлхийн 160 орчим улстай гадаад худалдаа хийдэг. Үүнээс зөвхөн БНХАУ, Их Британитай гадаад худалдааны тэнцэл эерэг гардаг. Өөрөөр хэлбэл, ихэнх улсад импорт экпортоос давдаг гэсэн үг. Тиймээс Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үр дүнд тус улстай хийх гадаад худалдааны тэнцэлийг эерэг гаргахад нөлөөлөхүйц гэж зарим судлаачид харж байгаа юм. Үүнээс үүдээд үе үеийн Ерөнхийлөгчид АНУ-ын харилцаанд ямар үүрэгтэй байсныг хүргэе.
Монгол, АНУ-тай анх 1987 онд дипломат харилцаа тогтоосон. 1988 онд  Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдсэн бол 1989 онд Вашингтон хотноо МУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв. Тэгвэл өндөр хэмжээний айлчлалын тухайд  1990  онд  МУ-ын анхны Ерөнхий сайд Д. Бямбасүрэн АНУ-д анх удаагийн айчлалаа хийв. Үүний дараа  1990 наймдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер МУ-д айлчилсан юм.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед Монгол, АНУ-ын одоогийн харилцааны үндэсийг тавьсан гэж үздэг. 1991 онд П.Очирбат Ерөнхийлөгч анх удаа АНУ-д айлчилж, Цагаан ордонд морилж, АНУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийсэн. Дараа нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон. Ингэж анх удаа Монгол Улсын төрийн тэргүүн АНУ-д айлчилсан түүхтэй.
Дараа нь Монгол Улсын хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхийлөгч гурван удаа АНУ-д очсон байдаг. 2000 онд НҮБ-ын мянганы дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон. 2003 онд НҮБ-ын бичигтэн болсон ойн чуулганд, 2004 онд биеэ дааж айлчилсан юм. Тэгвэл Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед мөн л гурван айлчлал бий. 2005 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 60 дугаар чуулганд  оролцсон. 2007 онд айлчилсан. 2008 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний чуулганд оролцсон.
Монгол АНУ-ын харилцааг үлэмж урагшлуулсан хүн нь Монгол Улсын дөрөвдэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг. Учир нь тэрбээр, найман жилийн хугацаанд АНУ-д долоон удаа очсон. 2009 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулган. 2011 онд АНУ-д айлчлаад, НҮБ-ын 66 дугаар чуулганд оролцсон. 2012 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганд, 2013 онд 68 дугаар чуулганд, 2014 онд 69 дүгээр, 2015 онд 70 дугаар, 2016 онд 71 дүгээр чуулганд оролцсон. Нэг удаа жилд хоёр удаа АНУ-д очсон явдал ч байдаг. Олон улс судлаач Д.Баярхүүгийн хэлснээр “Өмнөх Ерөнхийлөгчдийн үндсийг тавьж, үлэмж урагшлуулсан энэ харилцааг Х.Баттулга Ерөнхийлөгч түүчээлээд ганц удаа очихдоо ийм том амжилтад хүрлээ” гэсэн нь бий.

Эх сурвалж: eagle.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан