Сүх жанжны нутагт хариуцлагагүй уул уурхай газар авч байгаль орчин бохирдон гол ус ширгэж, мал, амьтан бүү хэл хүн суурьшиж амьдрах аргагүй болоод удаж байна. Энэ асуудлыг “Зууны мэдээ” сонин хоёр жилийн өмнөөс эхлэн “Жанжны нутаг сүйрлийн ирмэгт”, “Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт” хэмээх цуврал нийтлэл, сурвалжлагаар олон нийтэд мэдээлж ирсэн билээ. Нөхцөл байдал ямар байгааг өнгөрсөн долоо хоногт газар дээрээс нь дахин сурвалжиллаа.
Ямар ч бэхэлгээгүй уурхайн цооногт жонш олборлож байна
АДАЭ компанийн ашиглалтын талбайд 100 м гүн бүхий хоёр цооног гаргасан нь ямар ч бэхэлгээ алга.
Эрдэнэцагаан сумын нутагт ашигт малтмалын 33 лиценз олгогдсон байдаг. Үүний дотроос тахилгат Баянцагаан хайрханы орчим Мухар булаг хэмээх газарт Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АДАЭ” компани 2-3 жилийн өмнөөс хууль зөрчиж жоншны хайгуул эхлүүлж хэл ам таталсаар ирсэн. Тус компани анх хайгуулын өрөм тавихдаа хуурамч зөвшөөрөлтэй, тухайлбал, газрын нэрийг Эрдэнэцагаан гэж бичүүлэн, танилцуулга дээрээ Архангай аймгийн байгалийн зургийг хэвлүүлсэн байв. Мөн өрмийн ажил эхлүүлэхдээ гал алдаж, түймэрт гурван хүн амиа алдаж, олон мал үрэгдсэн. Үүндээ насос ажиллуулсан монгол ажилчныг буруутгаж, аймгийн цагдаа руу бүхээгтэй машинаар хүргэх замд өөрийгөө боомилж нас барсан гэснээр хэрэг нь хэрэгсэхгүй болж байв. Тэгвэл “АДАЭ” компани өнгөрсөн хавраас жонш олборлож, ил харагдахгүй, хэний ч санаанд оромгүй нууцлагдмал газарт 100-130 метрийн урттай хоёр хонгил үүсгэснийг иргэд, малчид саяхан мэдсэн байна. Ингэхдээ багийн иргэдийн саналыг авалгүй, 13 хүний гарын үсгийг хуурамчаар бүрдүүлэн эрх мэдэлтнүүдтэй тохиролцож хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн гомдлыг эрдэнэцагаанчууд хэлж байгаа юм. Иймээс тус компани болон иргэдийн хооронд үл ойлголцол үүсч жагсаал тэмцэл өрнөжээ.
Компанийн ашиглалтын талбайд очиход хамгаалалтын ажилтнууд оруулахгүй байсан тул шаардлага тавьсан иргэд хүчээр дотогш нэвтэрсэн. Энэ үеэр хятад ажилчид зугтаасан. Албан ёсны зөвшөөрөлтэй 14 хятад ажилчин байгаа гэсэн ч түүнээс ч олон бий гэдгийг эх сурвалжууд хэлж байв. Жонш олборлож буй уурхайн хонгил нь ямар ч бэхэлгээгүй, ёроол хэсэгтээ хөрсний ус нэвчсэн нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчжээ. Тэнд дөрөв хоног ажиллаад нурангид дарагдаж амь насаа алдах эрсдэлтэй байгаа тул халагдах өргөдлөө өгсөн нутгийн залуу Б “Хонгил руу хятад ажилчид ордоггүй, хамгийн хүнд хүчир ажлаа орон нутгийн залуусаар хийлгэдэг” гэсэн мэдээллийг өгсөн юм. Хог хаягдлын талбай байгуулах гэрээ хийгээгүй, уурхайн цооногт бэхэлгээ хийлгүй хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн, хятад ажилчдын тоог хэтрүүлсэн байж болзошгүй байх тул шалгах ёстой гэсэн иргэдийн тавьсан шаардлагын дагуу тус компанийн үйл ажиллагааг түр зогсоох захирамжийг Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Батсайхан гаргасан. Гэтэл үүнээс нэг хоногийн дараа буюу биднийг Улаанбаатар руу ирэх замд уурхай нууцаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл нутгийн иргэдийн зүгээс дуулдаж байлаа.
Газрын тосны “Макс-Ойл” компани нэрээ сольж өрөмдлөг хийж эхэлжээ
Эрдэнэцагаан сумын хилийн торыг таслан хайгуул явуулж байсан Макс-Ойл компани нэрээ сольж, байршлаа өөрчлөн дахин газрын тосны хайгуулж хийж иргэдийн тэмцэлтэй тулгарчээ. Эрдэнэцагаан сумын зүүн өмнөд хэсэг, VII багийн нутаг Тарган тал хэмээх газарт Хилийн цэргийн 0146-р ангийн хилийн застав үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл тус заставын хариуцсан хилийн бүсэд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Макс-Ойл” компани өнгөрсөн жилээс газрын тосны хайгуул, олборлолт явуулж эхэлснийг манай сонин олон нийтийн анхааралд анх хүргэж байсан юм. Үүний дараа ХХЕГ-ын Ажын хэсэг, “Босоо Хөх Монгол” ТББ-ынхан Эрдэнэцагаан суманд очсоноор хилийн хамгаалалтын торыг нь таслан өрөм тавьсан, харуулын постыг татан буулгасан зэрэг зөрчлийг илрүүлж байв. Тэгвэл “Макс-Ойл” компани нэрээ солин “Петро Матад” болгож, Эрдэнэцагаан сумаас баруун хойш 70 гаруй км-т байдаг Хашаат гэдэг газарт газрын тосны хайгуул нэрийдлээр үйл ажиллагаагаа эхлүүлээд 10 гаруй хонож байна. Нутгийн иргэд, малчид мэдээлэл авах гэсэн боловч “Уурхай гарахгүй, зөвхөн хайгуул хийж, өрөм тавьж байгаа. Тэгээд ч сум болон багийн малчид, иргэдээс зөвшөөрөл авах шаардлагагүй.
Бүх асуудлыг дээд дарга нар мэдэж шийдвэрлэсэн. Засгийн газрын шийдвэртэй учраас бид шууд хайгуул хийх эрхтэй” гэсэн тайлбарыг өгчээ. Иймд тус сумын иргэд, малчдын зүгээс “Өвөг дээдсийн үеэс хэдэн зуун дамжин нутаглаж, мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн иргэдийнхээ газар нутгийг Засгийн газар шууд шийдчихэж болдог юм уу. Хэн дуртай нь ирж газар нутгийг онгичиж, ухсан нүх, овоолсон шороо үлдээгээд байвал малчид амьдралаа яаж залгуулах билээ” хэмээн бухимдаж байна. Унаган байгаль, газар нутгаа ухуулахгүй хэмээн тус сумын иргэд, малчид, “Уул уурхайгүй Эрдэнэцагаан ТББ” хамтран тэмцээд хүчин мөхөсдсөн гэдгийг ч хэллээ. Иймээс Сүхбаатар аймаг дахь “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, Машинтай жагсаал”, “Намгүй Монгол” зэрэг ТББ-уудаас тусламж хүсч 80 гаруй хүний жагсаал, суулт зарласан. Үүний дүнд Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхболд ажлын хэсэг томилон газар дээр нь ажиллуулж, холбогдох байгууллагуудаас шалгалт хийж, шийдвэр гаргах хүртэл уурхайг түр зогсоолоо.
Нутгаа хамгаалсан Уулбаян сумын иргэд уурхайнханд зодуулж, зарим нь хүнд гэмтжээ
Сүхбаатар аймаг 13 сумтай. Аймгийн төв Баруун-Урт сумын хувьд төв талбай тойрсон хэдэн барилга, гэр хорооллоос илүү гарч, уул уурхай явуулах газаргүй. Үлдсэн 12 сумын нутаг нь алт, жонш, нүүрс гэхчлэн уул уурхайн лицензэд дарлагджээ. Аймгийн төвөөс 80 км-т оршдог Уулбаян сумд АНУ-ын хөрөнгө оруулалттай “Шинэ уужим орд” компани цайр, төмөрлөгийн холимог металлын хайгуул явуулж байгаа нь байгаль орчинд ноцтой хохирол учруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна хэмээн уулбаянчууд 45 хоног тэмцэж байна. Газар дээр нь сурвалжлахаар очиход аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхболд иргэдийн хүсэлтийн дагуу нөхцөл байдалтай танилцахаар ирсэн байв. Тэрээр төрийн ажил голдирлын дагуу зөв явах ёстой. Иргэдээ сонсохгүй байж болохгүй, зохих мэдээллүүдийг өгөх ёстой гэсэн шаардлагыг зохих албан тушаалтнуудад тавьсны дагуу сумын Засаг дарга болон, тус компанийн зүгээс товч мэдээлэл хийсэн.
Сумын Засаг дарга Шижирбаатар хэлэхдээ өөрийн төрж өссөн нутгаа хайрлаж байгаа хэдий ч нэгэнт дээрээс шийдвэр гарч, Засгийн газар хэрэгжүүл гэж үүрэг өгсөн учраас яах ч аргагүй гэж байсан. Энэ бүхний эцэст Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, сумын цагдаагийн алба, Тээврийн цагдаа хамтран “Шинэ Уужим орд” компанийн бичиг баримт, техник хэрэгсэл зэргийг шалгасан. Үүний дүнд бүрэн бус авто машин ажиллуулсан, “Аравт” харуул хамгаалалтын алба нь аймагт бүртгэл хийлгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй зөрчлийг илрүүлсэн юм. Иргэд, малчид болон иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ын шаардлагаар хаягдлын талбай ашиглах гэрээ хийгээгүй зэрэг зөрчлийн улмаас Уулбаян сумын Засаг дарга Шижирбаатар тус компанийн үйл ажиллагааг түр зогсоох захирамж гаргалаа. Гэхдээ энэ шийдвэрээ хэврэг гэдгийг онцолж байсан юм.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин