“ТӨМӨР” шүтдэг тэнэгрэл

Гурван настай хүү шүдээ зууж ирээд л “Би том болоод заавал медаль авна даа” гэснээ араас нь залгуулаад зөндөө л зүйлтэй болно гэж ярив. Алтан медаль зүүнэ гэнэ. “Аймаар” том цомтой ч болно гэх. Түүний “шунал”-тай яриа дан шагналын тухай байлаа. Гэрт байсан томчууд түүнийг өхөөрдөж, “баадууг” нь улам чангалтал хана руу зааснаа “Энэ өвөөгийнхөөс том, гоё алтан медальтай болох юм чинь” гэж сагсуурлаа. Цэцэрлэгээсээ ирсэн дүүгийнх нь энгэрт “алтан медаль” байхыг харсан өвөө, эмээ, аав, ээж бүгд л “Мундаг охин” гэж магтахад ахын “шээс гоожсон” нь энэ. Угтаа бол хананд өлгөөтэй зураг нь жир бус, эрхэм хүмүүнийх.
Настны энгэрт хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний тэмдэг, бусад одон, медаль гялалзана. Тэрбээр төр, түмний төлөө цусаа урсгаж, эх орон, хойч үеийнхнийхээ сайн сайхны тулд олон гавьяа байгуулсны учир шагнуулсан юм. Тэгтэл хөөрч онгирсон “бацаан” тэр их гавьяаг нь гялгар төмөртэй зүйрлэх. Юмны учир ойлгохгүй балчир амьтан гээд түүнийг тоохгүй өнгөрч болох ч үнэндээ бол хоёр настай дүүдээ “атаархаж” баахан төмөртэй болох тухай яриа дэлгэсэн ах бол өнөөдрийн манай нийгмийн нэгээхэн дүр төрх. Бид дээр, дооргүй шагналд тэчъяадан дурлах болсны ганцхан тусгал энэ. Балчир наснаасаа л медалийг ихэд чухал гэж шүтэх бүхэл бүтэн үеийнхэн нийгэмд торниж байна. Нэг биш, хоёр, гурван үеийнхнээ бид медаль гэдэг төмрийн араас гүйлгэж, уралдуулж “эвдэж” гүйцсэн.
Одоо бүр нэг, хоёр настай багачуудыг хүртэл “төмрийн хараат” болгож эхэлжээ. Цэцэрлэгийн бага, дунд, ахлах бүлэг төгсөх болгонд нь хүүхдүүдэд медаль өгдөг жишиг тогтсон гэх юм. Энэ жил сурагч болсон, танил охин маань хичээлдээ медалиа зүүж явна гээд бөөн юм болжээ. Ээж нь аргадаж, аашлаад нэмэр болоогүй учраас цөөхөн хэдийг нь цүнхлүүлээд явуулсан гэнэ лээ. Түүнд дууны, бүжгийн, төгсөлтийн гээд 10 гаруй гялгар юм бий. Охин тэр болгоныг ангийнхандаа гайхуулах гэсэн үү, мундаг гэдгээ батлах гэв үү, ямартай ч “төмөртэйгөө” мэдрүүлээд ирсэндээ сэтгэл нь тунчиг хангалуун байсан гэж ээж нь хэлсэн. “Манай энэ хэнийг дуурайгаад ийм амбицтай юм, бүү мэд. Аав яагаад медальгүй юм бэ. Ээжид юу ч байхгүй гээд гайхаад байдаг” гэж ярьсан ээж “Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдэд медаль өгөх “өвчтэй”. Тэр болгоныг авахын тулд эцэг, эхчүүдээс мөнгө татдаг. Аав, ээж нар бол үүнд дуртай байдаггүй ч хэлж чаддаггүй” гэсэн.
Сургууль бол эрдмийн өргөө. Энэ утгаараа аль ч талаар ариун, шударга байх ёстой. Гэтэл Монголын сурагчдын холбоо гэх “эрх мэдэлтэй” газар бий. Сурагчдыг шагнах нэрээр мөнгө саадаг гэж эл холбооныхныг шүүмлэх хүн захаас аваад бий. Уг нь сурлагаараа манлайлж буй нэгнийг урамшуулах нь буруу биш. Гэхдээ урам өгөх хөшүүргийг уралдаан, өрсөлдөөний хэрэгсэл, цаашлаад бизнес болгож байгаа нь харамсалтай. Хураамж нэрээр хэдэн төгрөг салгаад зогсохгүй, зарим тохиолдолд медалиа үнэлдэг гэх юм. Тэгж авсан төмөр нь алс хэтэд хэрэг болох, эсэх нь тухайн хүний л асуудал биз. Гэхдээ энэ бол яаж ч бодоод зөвтгөх аргагүй үзэгдэл. Хүүхдүүд нэгэндээ медаль “шахах” санаачилга гаргаагүй нь мэдээж. Тэгэхээр тэднийг удирддаг хүмүүсийн сэдсэн “шагнал” хүүхдүүдийг шударга бусад сургаж байна гэхэд хатуудахгүй болов уу. Нэг зүйл онцлоход, үнэнхүү сурлага, хичээл зүтгэлээрээ тэргүүний, шилдэг болсон олон хүүхдийг энд хамааруулж, гоочлоогүй гэдгийг зөв ойлгоорой.
Ахмад үеийнхэн бол улс орны ирээдүйг хүмүүжүүлж, залж, залуурддаг онцгой үүрэгтэй сурган хүмүүжүүлэгч. Ахмад үе гэдэг нь дан ганц өндөр настнууд биш. Нийгмийн тодорхой хэдэн үе үүнд хамаатай. Цэцэрлэг, сургуулийнхан шагналд хорхойсох болсон нь тэдний буруу гэж хэлнэ. Тэд одон, медаль, тэмдэг, диплом, батламжийн төлөө яаж үхэн хатан тэмцдэгийг биеэр үзүүлсэн “үлгэр дуурайл” юм. “Муу ижийгээ баярлуулаад өргөмжлүүлдэг юм бил үү” гэхчлэн ярих өвөө, эмээгээсээ ач охин нь “Мөнгөөр худалдаж авдаг юм уу, тэр шагналыг нь” гэж гайхан асуусан гэдэг. Тэгтэл нөгөөх хоёр нь “Мөнгөгүй бүтэх юм байхгүй. Чи том болоод эмээ, өвөөдөө бас авч өгөөрэй. Худалдаж авсан гэж хүмүүс мэдэхгүй шүү дээ” гэж хариулсанд сэтгэл нь гонсойсон 14 настай охин багшдаа энэ тухай хэлжээ. Энэ бол шударга бусад дасал болсон ахмад үеийнхний “паакт”. Магадгүй тэд ямар нэгэн төмрийг мөнгөөр зодож авсан байхыг үгүйсгэхгүй. Энэ явдлаас өмнөхөн салбарынхаа тэргүүний ажилтан болсон багшдаа өнөөх охин “Та шагналаа худалдаж авсан уу. Манай өвөө, эмээ одон, медалийг мөнгөөр авдаг гэсэн, үнэн үү” гэж асуусан гэнэ. Багш харин тун ухаалаг хариулаад охины сэтгэлийг амраажээ. Тэрбээр “Одон, медалийг улс мөнгө төлөөд хийлгэдэг юм. Өвөө, эмээ нь ингэж хэлэх гээд буруу ойлгуулсан байх” гэжээ. Энэ мэтээр шагнал, одон, тэмдэгтэй холбоотой жишээ зөндөө.
Монголд шагналын утга учир алдагдсаныг илтгэхэд дээрх гурван жишээ хангалтгүй. Өнөөдөр манай нийгэмд шагнал, одон, тэмдэг нь урамшуулах хэрэгсэл бус, хээл хахууль болсон гэдэгтэй маргах хүн гарах л байх. Гэхдээ энэ бол гарцаагүй үнэн. Баяр, тэмдэглэлт ой, арга хэмжээний өмнө буудаг шагналын хурын хэдэн хувь нь аль нэг намын харьяатай “нөхөрт” очдогийг таашгүй. Улсад ажилласан жил нь гарын хуруунд багтах төдий, хийж бүтээж гавиагүй хэрнээ Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авчихсан “эрхмүүдийг” би мэднэ. 40 жил хоол үйлдвэрлэлийн салбарт ажилласан, хүндлэлтэй нэгний авч чадаагүй салбарын тэргүүнийг тэс өөр мэргэжилтэй хүнд өгөх гэтэл өнөөх нь голоод аваагүйг ч мэднэ. Хилийн чанадад амьдардаг нэг найзын маань танил өнгөрсөн жил Наадмын өмнөхөн “Нэг хүнд гавьяат цол олгуулах гэсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газарт таньдаг хүн байна уу” гэж асуусан гэнэ лээ.
Шагналын нэр хүнд ийнхүү унасан ч ямар нэг аргаар шагнуулах нь чухал гэсэн мухар, мулгуй ойлголт өнөөдөр манай хүүхдүүдэд “өвлөгдсөөр” байгааг анзаарч байна уу. Монголын нийгэмд энэ цаг үед бий болсон нэн шинэ бөгөөд том шагналыг “цүнх барих” гэдэг талаар учир мэдэх хоёр настан ярьж байхыг сонссон. Тэд “Манийн үед одон, медалийг хийсэн, бүтээсэнд нь чин шудрагаар, бахархалтайгаар төр, засгаас гардуулан өгдөг байлаа. Одоо үед чинь харин ойн медаль, онцгой шагнал гээд олон янзын юм бий болж. Тэр дундаас цүнх барьдаг шагнал нь л алсдаа чухал бололтой юм. Залуухан, годгоносон хүүхдүүд л тэрний төлөө үхэлддэг юм байна” гэж ёжилсон. Ийнхүү ярьсан хоёр настны нэг нь дайн тулаанд яваагүй ч насаараа цэргийн албанд зүтгэсэн, “ах” намын гишүүн асан. Тэд шагнал шүтдэг одоогийн багачуудыг ч шүүмжилж, ирээдүйн цүнх баригчид эндээс төрөх вий, тэр болтол төр төвшрөх байгаа гэж санаа зовнисон.
Энэ бол төр, засгийн нэр хүндтэй шагнал шалдаа буусан тухай яриа. Харин түрүүн дурдсан өргөмжлөлт ээж зэрэг “хахууль” бол хэн нэгний шахааны бизнес. Өөрөөр хэлбэл, шагналд дуртай монголчуудын эрэлтэд дөрөөлсөн “төмрийн” наймаа. Иймэрхүү наймаа алсдаа улам цэцэглэх нь лавтай. Учир нь бид энэ “салбарын” боловсон хүчнийг үлгэрлэн бэлтгэж яваа ахмад үеийнхэн билээ. Тэгсэн хэрнээ “Шагнуулах гэж юундаа үхэн хатан гүйдэг байна. Тэр тэмдэг, цаас хэнд хэрэгтэй юм” гэж “хөөрхөн” загнана.
Эцэст нь хэлэхэд, монголчуудыг хэргэм, цолоор шагнаж сэтгэл, оюуныг нь хоосруулахыг Манжийн хаан зарлигдаж байсан гэдэг. Хэдэн зууны дараа түүний санаа биеллээ олж, өнөөдөр монголчууд шагнуулах дуртай, донтой болжээ. Энэ бол тэнэгрэл юм.
Амьдрал хэдийгээр уралдаан боловч, шагнуулах гэж бус, сайхан амьдрах гэж уралддагийг энэ ташрамд сануулахад илүүдэхгүй биз ээ.

Ж.Эрдэнэ
Эх сурвалж: Өнөөдөр сонин 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан