Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэр хүндийг нэг сая төгрөгийн үнэтэй гэдгийг тогтоож өглөө
Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хүртэл маргаан үүсгэх эрх нь эрхэм хоёрт нээлттэй байгаа
Цагтаа “Алтан гадас” фракцын тэргүүнд заларч фракц нь Ардчилсан нам төдийгүй Монгол төрийг хойморлож, өдгөөгийн нэр хүндтэнгүүдийг хатавчиндаа бөхөлзүүлж явсан Н.Алтанхуягийн нэр хүнд шалан дээр унажээ. Нэгэн цагт “хаан” шахуу явсан Н.Алтанхуягийг ийм дор орсныг нэр төрийг нь ганцхан сая төгрөгөөр үнэлсэн шүүхийн тогтоол орон даяар харууллаа.
Өнгөрөгч 2016 оны сонгуулиар АН өвдөг шороодож, 2017 онд “Ардчилсан” тодотголтой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тахимаа өгч гээд юм юм болов. Ерөнхийдөө Ардчилсан нам дуу намдааж, парламентийн буланд ижил буруу хэдэн ямаа шиг нөхөд адлагдаж, сүүлдээ бүлэг ч үгүй болсон. Энэ л ялагдлын дараа Ц.Элбэгдорж ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирдэг тусдаа хуультай.
Тиймээс Н.Алтанхуяг би өөрөө өргөдлөө өгөх хэцүү байна, та огцруулаад өгөөч гэж над дээр орж ирсэн. Тэр өргөдлийг нь би нугалаад ийм зүйл байхгүй гээд буцаасан” хэмээн ярьсан билээ. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг худлаа ярилаа, хүн гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Ерөөсөө хүүхэд хөгшдийн хэрүүл шиг юм болсон. Ийнхүү Ардчилсан намын лидерүүдын маргаан шүүх дээр чамгүй цаг хугацааны нүүр үзэсний эцэст нэгнээс нь нэг сая төгрөг авч нөгөөд нь өгөх шийдэлд хүрчээ. Тодотговол, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр наймдугаар сарын 28-ны өдөр гарсан байна. Ингэхдээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль”-ийг үндэслэн Н.Алтанхуягийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийн хэмжээгээр няцаалт хийхийг даалгаж, Ц.Элбэгдоржоос нэг сая төгрөгийг гаргуулан Н.Алтанхуягт олгуулах шийдвэр гарчээ. Нэгэн нам, нэгэн Засгийн газар, нэгэн парламент гээд улс төрийн адармаатай замд ганзага нийлүүлж явсан хоёр нөхөр нэгнээ шүүхэд өгөөд нөгөө нь нэхэмжлэхийн дагуу нэг сая төгрөг гаргуулаад нөгөө нь авах юм байх. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа хойно өгч авалцах нь ойлгомжтой хэрэг. Бүрэн улсын шүүхийн тогтоол шийдвэр шүү дээ.
Гагцхүү Ц.Элбэгдорж нэг сая төгрөгөө харамлаад ч юм уу, шүүхийн шийдвэрийг буруу гэж үзвэл хуулийн дагуу давж заалдах эрх нь нээлттэй байгаа. Карьер нь дуусч хийх ажилгүй болсон нөхдүүд шүүх хооронд бичиг шидэлцэх нь зугаатай ч байж мэдэх юм. Дараагийн шатны шүүхэд хандаад тусыг эс олвол ахиад дараагийн шатны шүүх бий. Түүгээр зогсохгүй Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хүртэл маргаан үүсгэх эрх нь эрхэм хоёрт нээлттэй байгаа. Яахав, нэгэн цагт том том асуудлын үүднээс шат шатны шүүхэд ямар нэгэн байдлаар хандаж байсан хоёр нөхөр одоо ингээд нэг сая төгрөгний асуудлаар Үндсэн хуулийн цэц хүртэл явах хэмжээнд хүртэл доошоо оржээ. Цагтаа Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлээд хүртэл шалгуулж байсан хүн Цэц хүртэл явахад ямар ч асуудал алга, ямар алдах ажил, албан тушаал байх биш. Анхан шатны шүүхийн шийдвэр аль ч шатанд хэвээр үлдлээ гэж үзэхэд Ц.Элбэгдорж мөнгөн торгуулиа ямар хэлбэрээр төлөх юм. Арай ч шийдвэр гүйцэтгэхийн ажилтнуудыг гэртээ байн байн ирүүлэхгүйгээр зохицуулах байх.
Түүний хувьд УИХ-ын гишүүнээс эхлээд Ерөнхий сайдаар хоёр удаа, Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж, Монгол Улсын толгой группын эрх ашгийг хамгаалж явсны хувьд нэг сая төгрөгөөр торгууллаа гээд хоосорчихгүй байж таарна. Н.Алтанхуягийн хувьд ч УИХ-ын гишүүнээс эхлээд Сангийн сайд, Шадар сайд, Ерөнхий сайд хүртэл дэвшин ажиллаж, “Чингис” бонд босгож, “Нүүрс” хөтөлбөр будилуулж гэхээр Ц.Элбэгдоржоос нэг сая төгрөг аваад амьдрал ахуйдаа нэмэрлэчих хэмжээний бэлтэй нөхөр биш байх. Яаж ч бодоод утгагүй зарга, утгагүй шийтгэл. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол шүүх засаглалыг мундагдаад ганцхан сая төгрөгөөр торгууллаа хэмээн урьдын адил цуурах сан. Одоо бидний ижил амьдарч байгаа нөхрийг ийн хардах ямар ч үндэслэл алга.
Нөгөө талаар Ардчилсан намаас өрх тусгаарлан “намаа цэвэрлэнэ” хэмээн мэдэгдэж байсан Н.Алтанхуягийн улс төрийн нөхцөл байдлаас харахад айсуй сонгуульд өрсөлдөх шинжтэй. Явуулж байгаа улс төрийн нөхцөл байдлаас нь харахад шүү дээ. Энэ үеэр Ц.Элбэгдоржоос авсан нэг сая төгрөгөөр сонгуульдахгүй нь ойлгомжтой. Түүнчлэн сонгогчид “хөөрхий муу Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржид гүтгүүлсэн юм билээ. Нэг сая төгрөгөөр нэр төрөө сэргээлгээд байгаа юм” гээд өрөвдөхгүй нь лавтай. Төрж өссөн нутагтаа очоод уначихсан нөхрийг одоо сонгоно гэдэгт ч эргэлзээ бий. Ц.Элбэгдоржийг ч “манай Ерөнхийлөгч чинь намын журамт нөхрөө гүтгээд нэг сая төгрөгөөр торгуулсан, адгийг шаар” гээд нэрийг нь сэвтээчихгүй. Н.Алтанхуягийн өөрийнх нь хэлснээр “Шударга бусын хонгил” байгуулан ажиллаж байсан түүнд юу ч биш. Хөх инээдийг нь ч сүүмэлзүүлэхгүй ширэн нүүрт шүү дээ.
Экс Ерөнхийлөгч Н.Алтанхуягийг ийн гүтгэх үедээ зөвхөн “Намайг огцруулаад өгөөч” гэсэн бус зөндөө зүйл ярьсан нь хэвлэлийн архивт бий. Гэтэл шүүхэд хандсан Н.Алтанхуяг нь энэ тухайд огт дурдаагүй. Тухайлбал, Ц.Элбэгдорж “Н.Алтанхуяг нүүрс зарлаа гэх асуудалд холбогдож байсан. Уурхай дээрээ 27500 төгрөгийн үнээр зарагддаг нүүрсийг 2-3 дахин нэмж, иргэдэд зарсан. Миний нэг шаардсан зүйл бол уурхайгаас 27500 төгрөгөөр авсан бол энэ ядарсан ард түмний нүүрсний мөнгөн дээр ажиллаж, ашиг гаргах гэж нүдний булай болов оо гэж хэлж байсан. Тэгсэн яг л ийм юм болж, нүдний булай болсон. Хамгийн гол нь тэндээс найм, ес орчим тэрбум төгрөг хэдүүлээ хувааж идэх гэж байсан ч бага мөнгө авсан нэг нөхөр нь АТГ-т очиж матсан гэсэн яриа гараад тэр асуудал нь МАН дээр ирсэн. Тэрнээс гадна Н.Алтанхуяг огцрох өөр олон зүйл байгаа. Уурхайгаас нүүрс хямд үнээр аваад, Засгийн газар татаас авсан бол иргэдэд хямд л үнээр өгөх хэрэгтэй байсан” гэж хүртэл гүтгэсэн. Гэтэл “Алтан гадас”-ын босс болохоор зөвхөн “би өөрөө өргөдлөө өгөх хэцүү байна, та огцруулаад өгөөч гэж над дээр орж ирсэн. Тэр өргөдлийг нь би нугалаад ийм зүйл байхгүй гээд буцаасан” гэх үгэнд л эмзэглэж байгаа нь хэн хүний сонирхлыг татаж байгаа. Ерөөсөө ганцхан сая төгрөгийн нэр нүүртэй болсон хүнд улс төр дэндүү томдох нь ойлгомжтой боллоо. Томдохоор барахгүй түүнээс алсарч одсныг энэ жишээ харуулав. Гагцхүү мань хоёр нэг сая төгрөгөө хэрхэн яаж өгч авалцах нь ихээхэн сонирхол татаж байна.
С.Ууганбаяр
Эх сурвалж:Zindaa.mn