Ардын намын архагууд аймгийн даргад захирагдах уу даа


Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс болж нийт олноороо УИХ-ын үйл ажиллагааг сонирхож эхэлж байна. Түүнээс биш өмнө нь чуулганаар юуг яаж хэлэлцэж суугаа нь ард түмний тэгтлээ сонирхдог сэдэв байгаагүй.
Эцэг хуульд тусгах өөрчлөлт УИХ-ын чуулганыг олны анхааралд оруулж, УИХ ерөөсөө л МАН-ын бүлгийн ажиллагаа гэдгийг бултаараа харлаа. Сөрөг хүчин тавхан хүнтэй. Хүн нь цөөн дээрээ чуулганы явц, улс төрийн халуун бүхэнд оролцох ч үгүй юм. Уг нь О.Баасанхүү гишүүн шиг үзээд байвал хэлэлцэж буй хуулийн төсөлд саналаа тусгачих бололцоо харагдаад байгаа. УИХ-ыг доромжилж байгаа юм шиг УИХ-ын нэг гишүүн нь спортын аль нэг холбооноос медаль авч ч байх шиг. Спортын медалийг жигтэйхэн хүндэтгэлтэй авч яваа гишүүн нь чуулганы хуралд суудаггүйгээрээ алдартай Х.Наранхүү. Медаль авах гээд тамирчид руу гүйж очсоныг нь харахаар хуралд суух зав чөлөөтэй хүн юм байна гэж бодохоор. Уг нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэг АН-д, Дундговийнхонд хамаатайгаар барахуу асуудал баймаар санагдах юм. За энэ ч яахав, гол асуудал руугаа буцъя.
Тэгэхээр УИХ-ын өнгө МАН-ын тохироо, зодооноос л хамаарах юм байна гэдгийг улсаараа харлаа. МАН өөр зуураа тохиролцвол асуудал урагшилдаг, байр суурь нь зөрөлдөж зодоон цохиондоо тулбал хэлэлцэх асуудал явж өгдөггүй нь хэнд ч ил анзаарагдлаа. Ингээд ухахаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргын ажил маш чухал алба болж таарч байна. Товчхондоо хөшигний ард ямар тохироо хийх, тохиролцохгүй асуудлын зөвшилцлийн гарцыг хэрхэн олох, гишүүдээ манлайлж чиглүүлэх гээд өчнөөн үүрэг бүлгийн даргын асуудал болчихож байна. Ийм чадамжтай хүн бүлгийг ахалж байж л улс орны хэрэг урагшлах нь. Нөлөөгөөрөө ингэж жин дардаг бүлгийн даргын суудалд маш өндөр мэдрэмжтэй, гаргууд боловсролтой хүн суух учиртай. Ард түмэн юу бодож байгааг гадарлаж доторлодог, эрдэмтэд ямар санаа оноотойг багцаалдаж хараад тоймлоод дүгнэчихдэг, улс төрийн хүчнүүдийн нүүдлийг урьдчилж хараад гарц гаргалгаа, шийдэл боловсруулчихдаг хүн МАН шиг 64 гишүүнтэй аварга бүлгийг чадамгай удирдана.
Дахиад хэлэхэд парламентын гол хүн бүлгийн дарга гэдгийг ард түмэн сая харлаа, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн буянд. Бүлгийн даргын албыг хашдаг нөхөр УИХ-ын дарга Г.Занданшатарын нүд, чих нь болдгийг Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ил тод харуулаад өглөө. УИХ дахь МАН-ын бүлгийн одоогийн дарга нь Д.Тогтохсүрэн. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй чимээгүй гишүүдийн нэг. Ард түмэн лав Д.Тогтохсүрэн гэж ямар гишүүн байдгийг мэдэх ч үгүй яваа. Ер нь МАН-ын олонд танигдаагүй энэ мэт улстөрчид голцуухан аймгийн Засаг дарга хийж явсан нөхөд байдаг. Д.Тогтохсүрэн ч тэдний нэг байх. Зайлуул хөөрхий, уг нь бүлгээ ирц сайтай хуралдуулах гэж чармайж яваа харагдах юм. Хөлсөө цувуулж, хоолойгоо сөөтөл араас нь гүйж цуглуулмар аядаад хуралддаг бололтой зураг хөндлөнгөөс анзаарагддаг. Санал хэлэх гэж үгээ зөөж ядах зуур нь арай гэж цуглуулсан өнөөдүүл нь эргээд тарж бутарч, үг байр суурь зөрчих жишээний. Бодвол мань эр дахиад цуглуулах гээд араас нь хөөцөлддөг биз.
Эндээс ганц л үнэн хараг-даад байна. Д.Тогтохсүрэнгийнхээ үгэнд орж байгаа гишүүн МАН-ын бүлэгт алга. Арга ч үгүй байх. Ардын намын луухгарууд юу гэж л аймгийн даргын үгэнд ороо аж. МАН-д нэг том давуу тал бий. Тэр нь боловсон хүчний нөөц. Боловсон хүчний нөөц сайтайгаараа алдартай нам гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Цагаан морин жилээс хойших УИХ, Засгийн газруудыг анзаарах нь ээ ихэнх жилүүдэд нь МАН эрх барьж, засагласаар ирсэн. Тэр утгаараа МАН-ын томчууд бараг л бултаараа шахуу Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайдууд гээд өндөр албанд ажилласаар ирсэн улс. Ер нь тэгээд Ерөнхий сайд хүн аймгийн даргатай тэр бүр яриад, үүрэг даалгавар өгөөд суудаггүй. Алсын зайнаас үүрэг чиг өгсөн шигээ аж төрдөг. Эрүүл ухаан, саруул логикоор харахад тийм харилцаатай байсан хүнийхээ үгэнд ороод сууна гэж байхгүй.
МАН-ын бүлгийн тухайд төрийн өндөр албанд тухалж завдаагүй зарим нь үгүй ядах нь ээ тэрбумтны хүүхэд, угсаа залгасан хунтайжууд. Н.Номтойбаяр, О.Содбилэг гээд жагсааж болно. “Бенз” хөлөглөдөг Н.Номтойбаяр “Пажеро” унадаг аймгийн даргатай яаж харилцах нь тодорхой л доо. МАН-ын бүлгийн гишүүд хоёр хуваагдаж талцаад хурц, халуун байсан үед болсон бүлгийн хуралдааныг тод санаж байна. Д.Тогтохсүрэн бүлгийн дарга болоод удаагүй цаг. ЖДҮ-чин гишүүдийн асуудал олны анхааралд ороод байсан үе. Хэсэг гишүүд жижиг дунд үйлдвэрлэгчдэд хаягласан мөнгийг идсэн гишүүдийг бүлгийн хурлаас гаргах шаардлага тавьсан санагдана. Бүлгийн дарга цаг шахуу учраас шийдвэрээ гаргасан гэж нам дор дуугаар тайлбар өгөөд босох үед Д.Тогтохсүрэнтэй зэрэгцэж суусан Н.Номтойбаяр “Байж бай, хөөе” гэж зандрангуй дуугарсныг олон хүн санаж суугаа байх. Бага байхад хэцүү анги гэж сургууль даяараа алдартай нөхдүүд ангийн даргаараа нунж дорой нэгнийгээ тавьчихдаг байж билээ. Нэгд багшийн нэргүй зарц болохгүй, хоёрт дураараа сахилгагүйтэх боломж олгосон хөөрхөн заль л даа. Д.Тогтохсүрэн даргатай МАН-ын бүлэг яг ийм анги шиг харагдаад байх юм.
Зүй нь бусдыгаа дагуулдаг лидер УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллах учиртай. Жишээ нь, Ц.Нямдорж ч юм уу. Мань эрийг лав бүгд сонсоно. Маргаан, талцлыг шийдэх гарц гаргалгааг төвөггүй олох туршлага Ц.Нямдоржид бий. М.Энхболд байна. Ямар ч асуудлын учир зүй, эв аргыг олчихоор улстөрчдийн нэгд бардам багтах хүн. Залуу хунтайжуудыг томилоход ч болохгүй юмгүй.
Бүлгийн даргын чадамж, Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, УИХ-ын чуулган энэ тэр ярьсных онцлохгүй орхиж болохгүй нэг асуудал бас байна. 600 саяын үнэтэй тоног төхөөрөмж маш муу гэдгийг Үндсэн хуулийн хэлэлцүүлэг баталж орхилоо. УИХ-ын бүх гишүүн саналаа өгөхгүй гэсэн командтай программ бололтой. 57 гишүүн санал өгөхөд л өнөө үнэтэй тоног төхөөрөмж, программ нь гацчих юм. Манайхан болсон хойно 600 саяынхаа овоо хэдийг нь завшаад хямд, чанаргүйг нь сонгосон байх ч магадгүй.
Эцэст нь давтаад хэлэхэд Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн буянаар УИХ-ын үйл ажиллагаа ямархуу янзтай өрнөдгийг ард түмэн ингэж л нэг мэдлээ дээ.
Өдрийн сонин
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан