Монголын ард түмэн хэдий болтол эрх баригчдын худал амлалтад хууртагдах вэ?

Монгол улсын эдийн засаг өнөөдөр хүнд байна. Яагаад ийм гутранга юм яриад унаваа гэж та гайхаж магадгүй. Монголын тухай уул нь монголчууд л өөрсдөө ярьдаг байсан сан. Гэтэл тийм биш бололтой. Алс холын Америкт ч монголын тухай яриад эхэлжээ. Дэлхийд алдартай Уол стрийт жорнэл сэтгүүлд Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар саяхан нийтлэгдсэн байна. Тус нийтлэлд өнөөдөр Монгол улс хэдэн урагшгүй дарга нарынхаа ачаар өрөнд орж, өтөнд баригдсан талаар гарсан байх юм. Үүнд хэн буруутай вэ? Зарим хүмүүс энэ талаар ярихдаа анхнаасаа тэд нарыг сонгодоггүй байж. Тэд нараас л ганц боллоо гэдэг. Харин зарим нь болохоор тэр муу ардчилсан хүчнийхэн л ийм байдалд оруулсан шүү дээ гэх. Үүн дээр нь нэрмээс болгож, хуучин нийгмийн үлдэгдлүүд болох ху намынхан, хохь чинь яах гэж та нар тэд нарыг сонгосон юм гэцгээх. Иймэрхүү яриа өчнөөн олон жил яригдсаар өдгөө бүр эл дол болжээ.

Хүн гэдэг угаасаа байгалийн амьтан, нэг үгээр хэлбэл байгалийн бүтээгдэхүүн. Хүн харь гаригаас гарал үүсээгүй, байгалийнхаа жамаар олон сая жилийн туршид өнөөгийн хар, шар, цагаан арьстан нар үүссэн бий болсон нь ойлгомжтой. Харин Монгол гэдэг үндэстэн хэзээ үүссэнийг бид бүгдээрээ дунд сургуулиасаа авхуулаад олон жил хичээл номоор заалгасан. Нүүдэлчин хүмүүс анх капитализмыг алгасч, социализм гээчийг байгуулах гэж явсан нь ердөө саяхны түүх. Түүний дараа гэв гэнэт өнөө гайхал капитализм гэдэг нийгэм рүүгээ орсон нь бүр саяхны түүх. Харин тэр шинэ нийгэм рүүгээ орохдоо яаж орсон бэ? Яаж орсныг бид бүгдээрээ сайн мэдэж байгаа. Хэдэн жилийн өмнө Оросын “Новое Время” гэдэг сэтгүүл дээрээс нэгэн сонирхолтой санал асуулгын тухай уншиж байж билээ. Тэр сэтгүүл дээр бид хэрхэн өөрчлөгдсөн бэ? манай улс хэрхэн өөрчлөгдсөн бэ? гэсэн асуулт байсан.
Оросын нэртэй генералаас авхуулаад олон алдартай хүмүүс тэр асуултанд өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байж билээ. Харин нэг маш ухаантай эрхэм тэр асуултанд сайхан хариулт өгсөн байсныг сайн санаж байна. Тэр хүн хэлэхдээ: бид ерөөсөө өөрчлөгдөөгүй, бид зүгээр л нүүрэндээ шинэ “маск“ зүүчихсэн хүмүүс, өнөөгийн шинэ оросуудыг сайн маажвал, дандаа л хуучин нийгмийн хог шаарнууд гарна гэж маш оновчтой хариулсан байж билээ. Энэ үг өнөөгийн Монголын нийгэмд яг таарна. Өөрөөр хэлбэл өнөө Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэг дээр гардаг шиг яг л ийм нөхцөл байдал одоог хүртэл монголын нийгэмд амь бөхтэй оршсоор байна. Монголчууд шоронгийн хулгайч хүн хэзээ ч засардаггүй гэж ярьцгаадаг. Тэгвэл өмнө нь коммунист байсан хүн, хэзээ ч шударга сайн хүн болдоггүй ажээ. Тэд хэзээ ч засрахгүйн дээр ардын хувьсгалаас өмнө байсан хар шар феодалуудтайгаа адилхан болж, магадгүй тэднээс бүүр илүүтэйгээр ард түмний цусыг улам их сорж байгааг та бид өнөөдөр харж байна. 
Монгол улс ардчилсан хувьсгалаас хойш нэг намын системийг халж ”Улс төрийн товчоо, НАХЯ” гэдэг ноёлогч ангиас салж амарлаа гэсэн чинь тийм биш ажээ. Хүн ер нь өөрчлөгдөдгүй юм дөө гэж нэгэн ухаантай хүн хэлсэн нь үнэн аж. Хуучин хархнууд явж оронд нь шинэ хархнууд иржээ. Энэ тухай яриад байвал дуусахгүй. Төр засгийн эрх барьж буй эдгээр хүмүүс ядахдаа сайд дарга хийчих хүнээ ч олж сонгож чаддаггүйг монголын ард түмэн мэднэ. Яагаад олигтой хүнээ олж, сонгож чаддаггүй гэж үү ? Асуултын хариу нь ердөө л дээрээс ээ авхуулаад доошоогоо хүртэл бүгд авилгад бүрмөсөн автагдсан учраас тэр. Эцэст нь хэлэхэд дээр дурдсан Уол стрийт жорнэл сэтгүүл дээр гарсан сүүлчийн өгүүлбэрийг дурд юу гэж саналаа. “Монгол улсын шинэ Засгийн газар сая улс орноо эдийн засгийн хямралаас гаргахаар ажиллаж эхэллээ. Гарц тэдэнд байгаа ч, цаг тэднийг хүлээхгүй. Хэрвээ алдаа гаргавал төлбөрт нь хөгжлийн тухай олон жил ярихгүйд хүрэх тул хатуу чанга, “гашуун”арга хэмжээ авахаас өөр аргагүй гэдгийг тус улсын иргэн бүр ойлгох хэрэгтэй юм”, гэжээ, Шинэ үеийн феодалууд маань эдийн засгаа хямралаас гаргаж чадах эсэх нь нэг их удахгүй тодорхой болох байх. Ямартай ч тэр болтол Монголын ард түмэн бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдгийн үлгэрээр өдөр хоногийг өнгөрүүлэх болж байгаа нь даан ч харамсалтай юм.

Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn 
 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан