Баабар: Хүн хүндээ чоно болсон нийгэм


Одоогоос зуугаад жилийн өмнө буюу Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараахан ард түмнийг гэгээрүүлэх ажил өрнөжээ. Үүний нэг нь Шинэ толь хэмээх танин мэдэхүйн сэтгүүл. Тэнд дэлхий бөөрөнхий тухай бичсэн аж. Энэ нь олон хүний инээдийг барж элэг доог болсон төдийгүй зарим нь илтэд зэвүүцэн дайсагналаа. Бүүр сүүлд гучаад оны үед ч Судар бичгийн хүрээлэнгийн тэргүүний эрдэмтний нэг Шагж дэлхий бөөрөнхий гэдгийг яагаад ч хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Дэлхий бөөрөнхий тухай Магаллэн, Копэрник, Галиллэй нар анхлан хэлж байхад тариачид яавч зөвшөөрдөггүй байсан үетэй яг адил. Ялгаа нь ХХ зуун гарчихаад байсан хэрэг шүү дээ.
 
Зурагтаар тогтмол алиалж байдаг хэдэн залуус саяхан Адам Смитийг доог тохуу болгож марзганалаа. Мэдээж тэд хэн хаагуур ямар юмаа хийж явааг хайсаар байгаад хашааныхныгаа нэвт таньдаг болсон авч энэ нэрийг хэзээ ч сонсоогүй байж таарна. Харин дэлхий бөөрөнхий гэдэг л тэдний хөх инээдийг хүргэсэн бололтой. Ойрмогхон би онц сурлагатнуудтай уулзлаа. Залуус болохоор ихийг бүтээж улс орон ард түмнээ аврах чин хүслээр цээжээ дүүргэжээ. Энэ насанд ийм л байдаг. Хорьтойдоо дэлхийг өөрчлөх хүсэлтэй байдаг бол гучтайдаа үгүйдээ л улс орноо, дөчтэйдээ ядаж гэр орноо, тавьтайдаа ердөө л өөрийгөө өөрчилчих юмсан гэж хүсдэг, гэхдээ нэг нь ч бүтдэггүй гэж үг байдаг.
 
Би тэдэнд амьдралын ердийн үнэнийг хэллээ. “Хорвоо ертөнц өөрөөс чинь эхэлдэг юмаа. Нийгэм дахь өөрийн байр сууриа олж чадаагүй цагт дэлхийг байтугай ганц биеэ ч аварч чадахгүй. Ийм учраас юун түрүүн сурч боловсорч өөрийгөө эхлээд хүн шиг болгоод хөл дээрээ босоод зогсчих. Дараа нь ядарсан Монголын эдийн засгийн учир олдож болно. Хэний ч царай харахгүй өөрийгөө болгосон хүн л бусдад болон эх орондоо тус болж чадна. Өнөөдөртөө дэлхийн дулаарлыг зогсоохоор зориг шулуудан ханцуй шамлахад цаг чинь арай болоогүй байна”. Онц сурлагатнууд миний үгийг сонсохыг ч хүссэнгүй. Мангар тэнэгийг минь гайхаж, хүн яаж ингэж амиа боддог, түүнийгээ ил задгай тунхаглаж болдогийг гайхан толгой сэгсэрцгээнэ.
 
Сургуульд онц сурч байсан хүүхдүүдийн ихэнх нь амьдралд хөлөө олдоггүй нь элбэг ажиглагддаг, ингэхээр манай сургалт болон түүний үнэлэмж нэг л биш байгаа биз? 
Одоогоос 250 шахам жилийн өмнө Шотландын аугаа эрдэмтэн Адам Смит Үндэсний баялаг бүрдэх шалтгааны судлал номондоо эдийн засгийн амьдралын гол хөдөлгөгч хүч нь хүний өөрийгөө хичээх үзэл болохыг нээжээ. “Гуанзанд орохдоо бид тогооч, талхчин, хүнсчиний сайхан сэтгэлд биш түүний өөрийгөө гэх эрх ашигт найддаг. Бид тэдний хүн чанарт нь ханддаггүй, өөрийнхөө хэрэгцээний тухай биш тэдний эрх ашигт нь зохицож харилцдаг”. Смит ингэж хэлжээ. Ямар ч тогооч, талхчин, худалдагч ажлаа чанартай сайн хийхдээ бусдын сайн сайхныг бодож эсвэл эх орон ард түмнээ санагалзаж үүнийгээ гүйцэтгэдэггүй, өөрийгөө, өөрийн орлогоо л юун түрүүн боддог. Тэр дундаа хийж буй ажлаа озоны цоорхойг бөглөх, дулаарлыг зогсооход чиглүүлдэггүй. Өөрийгөө хичээх нь хүний өөрийнх нь мөн чанар юм. Энэхүү нүдэнд үл үзэгдэх хувиа хичээх чанарууд эхнээсээ нийгмийн сайн сайхныг зорилго болгож тавиагүй байсан. Өөрөөр хэлбэл хэн ч нийгмийн сайн сайхны төлөө гэж ажиллаагүй мөртөө нийлбэрээрээ энэ бүхэн нь эцсийн бүлэгт нийтийн сайн сайхны зорилгод чиглэгддэг. Хүн болгоны хувиа хичээсэн бодол нийлэн нийлсээр үндэсний баялагийг буй болгодог аж. 
 
 
Адам Смитийн үгийг үеийнх нь ихэд зэвүүцэж байсан. Учир нь хүн өөрийн хувиа хичээсэн үзлээ ихэд далдалдаг, аман дээрээ үргэлж нийтийн болон бусдын сайн сайхны төлөө зүтгэж байгаагаар өөрийгөө харуулах дуртай. Энэ нь бас л хүний мөн чанар. Олон мянганы турш шашин, мораль, ёс зүй ингэж номлож байв. Гэвч удалгүй Смитийн үгийг сонсоход муухай юм шиг боловч хүний дотоод мөн чанартай уялдсан, эцсийн дүн нь болохоор нийтийн сайн сайханд чиглэгддэг энэ үнэнийг хүн төрлөхтөн хүлээн зөвшөөрсөн юм. Эндээс л хувь хүний эрх чөлөө, эрх ашиг бүхнээс дээгүүр тавигдах ёстой тухай номлол буй болж улмаар өдгөө гэхэд ихэнх улс орнуудад бүр хуульчлагджээ. 
 
Хувь хүний эрх ашгийг огт хэрэгсдэггүй, нийгмийн баялаг болон мораль нь дээрээс эхэлж буй болдог гэсэн коммунист үзлээр гурван үе хүмүүжсэн монголчууд хэдийгээр хувийн эрх ашгийг хамгийн дээд төвшинд тавьсан зарчимтай болж үүнээ хуульчилснаас хойш хориод жил өнгөрч буй боловч энэ ойлголт нийгэмд огт сууж өгөхгүй байна. Хувийн эрх ашгийг дээдлэнэ гэдгийг бусдын эрх ашгийг хохирооно гэдэгтэй хутган бантагнуулж ойлгодог нь “Хувийнхаа эрх ашгийг ард түмнийхээс дээгүүр тавьж байна”, “эрх чөлөө хэтэрлээ” гэх мэтийн хэлцээс тод мэдэгддэг. Хувийн эрх ашигаа улс орныхоос дээгүүр тавьсан гэгдээд байгаа “төрийн томчууд” гэгч нь нийтийн баялагийг хулгайлж завшин тэдэнд хохирол учруулагсад билээ. Жишээнд ороод байгаа тэд хувийн эрх ашгаа дээдэлсэн учраас буруудсан юм биш, бусдаас хулгай хийсэн учраас гэмт хэрэгтнүүд юм. Харин хүмүүс болохоор яг яс тодорхойлоод хэлчиж болохгүй “ард түмний эрх ашиг” гэгчийг тов тодорхой “хувийн эрх ашиг”-аас дээгүүр тавьдаг “шударга” депутатын эрэлд хатна. Хэзээ ч ирэхгүй, аягүй бол хаана ч байхгүй Годо гэгчийг хүлээж буй хүмүүсийн тухай Бэкэтийн их гоё жүжигт гардаг лугаа адил. Гэтэл хувийн эрх ашиг гэдэг нь тодорхой нэгнийг хэлээгүй нийгмийн хувь гишүүн болгоныг хэлж буй хэрэг. Нэг хувийн эрх ашиг завшихын тулд нөгөө хувийн эрх ашгийг хохироож болохгүй, үүнд л хамаг утга учир оршино. Эрх чөлөө гэдэг нь төр засгийн олгосон бэлэг биш, хүн өөрөө Бурханаас эрх чөлөөтэйгээр заяагдсан, гэхдээ эрх чөлөө нийгмийн гишүүн болгоны заяагдмал эрх учраас нэгний хязгааргүй эрх нөгөөгийн эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Фридманы тодорхойлсноор гар чинь чөлөөтэй сунаж болох боловч бусдын эрүүнд тулаад зогсохоор хязгаарлагдах аж. Үндэсний, ард түмний, улс орны эрх ашиг гэх олныг хамарсан эрх ашигууд янз бүрээр тайлбарлагддаг учраас тодорхойгүй, харин ч энэ нь эрх мэдэлтнүүдийн зүгээс бусдын эрх ашигийг хөндөх зэвсэг болдог. Гэтэл бүхнээс дээгүүр тавигдаж буй хувийн эрх ашиг нь бусдын эрх ашгийг зөрчсөн эсэх гэсэн маш тодорхой шалгууртай ажгуу.
Нийтийн эрх ашгийг өмнөө тавин сурталдах нь хүний цаад мөн чанартай зөрчилдөнө. Иймээс чингэхийг албаддаг нийгмийн гишүүд хар аяндаа хоёр нүүртэй амьдралаар амьдрана. Аяндаа тэд нийтийн эрх ашгийг тунхаглах хэмжээгээрээ бусдын эрх чөлөө, эд мөнгөнд халдагсад болдог. “Надад ямар ч ашиг байхгүй, тэр байтугай хохиролтой, гагцхүү ард түмэн эх орноо л бодож...” гэх нялуун үг үнэмшилгүй, тэрбайтугай цаад санаа нь нэвт гялалзаж байдаг учраас ой гутмаар байдаг боловч заавал ингэж худлаа ярихыг манай нийгмийн гишүүд нэгнээсээ албатай юм шиг шаарддаг. “Надад ч ашигтай, олонд ч ашигтай” гэсэн хамгийн ойлгомжтой үгийг сонсох ч дургүй. Бид нийтээрээ худлаа ярьж хулгай хийхийг дэмжин хөхиүлдэг. Иймээс бид хар амиа бодсон, өөрийн өчүүхэн шуналдаа бусдыг золихдоо юман чинээ боддоггүй, худалч, хулгайч нарын хүн сүрэг юм. Эх орон ард түмэн гэж ярихынхаа хэрээр гишүүн болгон нь эргээд нийгэмдээ дайсан болсон хорлон сүйтгэгчдийн нийгэм. Нэгэнт хувь хүний халдашгүй эрхийг ойлгодоггүй буюу мэдэрдэггүй бол нийтийн эрх ашгийн тухай яриа бол хий хоосон зүйл. Чухам эндээс л хүн хүндээ чоно болсон нийгэм тогтоно. Жинхэнэ хар амиа бодох адгуусны зөн гааран нийгэмд “ширэнгийн дүрэм” гэсэн хууль үйлчлэнэ. Чадаж байгаа нь чадахгүйгээ барьж иднэ гэсэн үг. 
 
 
Хүмүүс нь өөрийнхөө эрх ашгийн төлөө хөдөлмөрлөдөг, энэ нь бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, гэхдээ хэн нь ч бусдынхаа эрх ашгийг зөрчдөггүй гишүүдээс бүрдсэн нийгэм бүгдэд хамааралтай сайн сайхныг бүтээдэг. Хувийн эрх ашигаа дээдлэхдээ бусдынхыг хохироодоггүй учраас энэ нь нийтийн эрх ашигтай зохицож байдаг.
 
 
Чухам ийм нийгмээс хүнлэг ариун чанар, бусдад үзүүлэх буян тусламж, хүн нь хүнийхээ төлөө байх ёс горим, хүнийг хүндэтгэж үзэх ариун үзэл төрдөг байна. Хэн ч халдашгүй Хүний эрх гээч ариун нандин ойлголт чухам эндээс үүдэлтэй. Хувь хүний эрхийг хүлээн зөвшөөрдөг, хүндэлдэг тийм нийгэмд л дэвшил хөгжил нээлттэй. Үүнийг хүлээн зөвшөөрч хуульчилах нь хангалтгүй, нийгмийн гишүүн болгон үүнийг ойлгож яс махаараа мэдэрдэг байж энэ нь амьдралд хэрэгжинэ. Адам Смитийн өгүүлсэн “хувиа хичээх үзлийн нийлбэр нь эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч болдог тухай” сургаалын нөгөө тал нь энэ.
Хувиа хичээхийн ашиг зөвхөн мөнгө төгрөгөөр илэрхийлэгддэггүй. Мөнгө бол зөвхөн нэг тал нь. Бусдаар хүлээн зөвшөөрөгдөх, хүндлэгдэх, таашаал авах, сүсэглэх, зарчим баримтлах, алдар хүнд олох, нэр төртэй болох, сэтгэлээ ариусгах гээд олон талтай. Нийтийн эрх ашгийг тунхаглан албаддаг нийгэмд үнэн чанартаа хар амиа бодох өчүүхэн үзэл ноёлж байдаг учир бүхнийг мөнгөөр хэмжиж аль болох биенээ тонох, мэхлэхэд хамаг анхаарал нь явна. Хоолны төлөөх тэмцэл гэсэн үг. Үнэн хэрэгтээ хамгийн хүнлэг лоозон дэвшүүлэх боловч хамгийн адгууслаг харилцаа ноёрхоно гэсэн үг. Нийгмийн сайн сайхан гэдэг нь барж идэхгүй их хоолтой, дуусашгүй мөнгөтэй болно гэсэн үг биш, хүмүүс нь аз жаргалтай болохыг хэлж байгаа юм. 
 
Юу нь ч эргэж амжаагүй унаган сахалтай гурван нусгай жаал саяхан хэвлэлийн бага хурал хийлгэдэг юм байна. Хайгуулын лиценз эзэмшиж байгаа компаниудыг аашилж, хэд хэдэн бизнес эрхлэгчдийг нэр заан харааж гарав. Монголын ард түмний эрх ашгийг бодохгүй хувиа бодон баяжиж байгаа учир мөнөөх жаалууд ард түмнээ бодоод ард түмнийхээ өмнөөс ард түмэндээ хандан уриалж байгаа юм гэнээ. Цаашид шийдвэртэй арга хэмжээ авч, тэмцлийн хурц хэлбэрт шилжих гэнэ. Харин хурлынхаа өмнө болон дараа нь нэр заасан хүмүүсээсээ олон литр пивоны мөнгө нэхсэн аж. Нийтийн сайн сайхны төлөөх бидний ойлголтын хэрэгжилт энэ юм. Энэ ойлголтоороо хүмүүжүүлсэн шинэ үеийхний маань жинхэнэ нүүр царай энэ юм. Манай нийгмийн сургалт хүмүүжлийн бүтээгдэхүүн нь энэ юм. Манай нийгмийн муу муухай хөрөнгө мөнгөгүйд биш, бидний сэтгэлгээнд л байна. Хувь хүний эрх, эрх чөлөө гэдгийг хүндэлдэг мэдэрдэг болж, хувийн эрх ашгийг бусдынхыг хөндөлгүйгээр хамгийн орой дээрээ тавьж сурах хүртлээ бид муу муухай нийгэмд амьдарсаар байх болно. Тийм болтлоо бид биендээ чоно л байх болно. Ард түмэн, эх орон, улс үндэстэн гэсэн лоозон дээр нь сараачсан хонины арьс нөмөрсөн чоно.
 
2007 оны 6 дугаар сар 11
 
 
Баабар
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан