Үндсэн хуулийн өөрчлөлт урагшлах уу, дарагдах уу



УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойш зөвшилцлийн горимд шилжээд байсан. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, АН-ын зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн мэдэгдэлд ойлголцолд хүрэх зарчим барьж ажилласаар өнөөдрийг хүрлээ.

Зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл ард нийтийн санал асуулгаар бус УИХ-аар хэлэлцэн батлахаар тохироонд хүрсэн бололтой. УИХ дахь МАН-ын бүлэг дээрх шийдэлд хүрснээ өчигдөр мэдээллээ. Учир нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсныхаа дараагаар Үндсэн хуулийн журмын тухай болон Дэгийн хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдээгүй саналыг гуравдугаар хэлэлцүүлэгт гишүүдийн 3/2 нь дахин оруулж ирж хэлэлцүүлэх заалтыг оруулсан байна.

Тиймээс ч АН-ын зөвлөлийн зүгээс тавиад байгаа “Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайдыг зөвхөн УИХ-аас томилох” саналыг  гуравдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэж, тусгах зөвшилцөлд хүрээд байгаа юм. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхыг ард түмэн эсэргүүцнэ гэж гишүүдийн олонх шүүмжилж байгаа.

Хоёрдугаар хэлэлцүүлгээр гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой “ Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт  дэмжигдсэн.  УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоог тусгахгүй, ердийн хуулиараа явуулах хэрэгтэй гэсэн хатуу байр сууринаасаа ухарах эсэхийг таашгүй, ямартай ч хуулийн төсөлд “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнө нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт дэмжигдээд байгаа.  Басхүү зөвшилцлийн хүрээнд АН-ын зөвлөлийн санал бүгд дэмжигдэх нь эргэлзээтэй юм.

Ямартай ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах асуудал улс төрийн дэмжлэг авсангүй. Хэдийгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барихтай зэрэгцэн “ард нийтээсээ асуух шаардлагатай” гэсэн байр суурийг сөрөг хүчин чанга дуугаар мэдэгдэж байсан ч үүний ард улс төр явж байсан нь өнөөдөр тодорхой харагдаж байна. Сөрөг хүчин АН өөрсдийн зарчмын саналаа тусгуулахаар эрх баригчдыг Ерөнхийлөгчтэй хавсран шахсаар ирсэн. Магадгүй, “хөшигний ард” гуравдугаар хэлэлцүүлэг хийх зөвшилцөл,  шийдвэрт гар барилцсаны дараа ч АН Ард нийтийн санал асуулга явуул гэсэн попролоо үргэлжлүүлсээр байх биз. Учир нь сөрөг хүчин шийдвэр гаргагч биш, харин олон нийтийн талд дуугарах өнгөө эртнээс бэлтгэсэн. Тэгээд ч Ард нийтийн санал асуулгыг явуулахад 30 тэрбум төгрөг зарцуулах тооцоог хууль санаачлагчид гаргасан. Энэ их хэмжээний зардал гаргаж, ганцхан асуулттай Ард нийтийн санал асуулга явуулах үрэлгэн үйлдлээс гадна сонгогчдын ирц хүрэхгүй, үр дүнгүй  ажил болно гэдгийг улс төрчид байтугай энгийн иргэд ч гадарлана. Тэгээд ч улстөрчдийг хоорондоо толхилцож, саналаа тусгуулах гэж шахаа, лобби явуулж байх хооронд цаг хугацаа тэднийг хүлээхгүй, хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж,  өвлийн тэргүүн сар хаяанд ирлээ.

Тэр дундаа, орон нутгийн иргэд, малчдын тухайд өвлийн бэлтгэлээ хангаж, өвөлжөөндөө буудаг ид завгүй үе.  Ер нь зарим иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах заалт байтугай төслийг ч сонсож, мэдээгүй яваа гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тиймээс өнөөдрийн цаг үеийн тухайд Ард нийтийн санал асуулга явуулна гэдэг 30 тэрбум төгрөгийг агаарт хийсгэхтэй  л адил гэдгийг улстөрчид илүүтэй доторлож байгаа. Гэхдээ  тэд  ард түмэндээ үнэнийг хэлэх бус  сайхан харагдах амбицаасаа хэзээ салахыг таашгүй.

Эрх баригчдын тухайд зөвхөн Үндсэн хуулиар сөрөг хүчин болон Ерөнхийлөгчийн хараат болоод зогсохгүй “саарал жагсаалт”-аар Монголыг бүхэлд нь олон улсын санхүүгийн хараат болгосон саар үзүүлэлттэй сонгуулийн жилийг угтаж байгаа нь үнэн. Бүрэн эрхийн хугацаандаа цаасан дээр зурсан эдийн засгийг өсөлтөө хөрсөн дээр  буулган чадаагүй нь ч туйлын үнэн.

Харин энэ парламентын түүхэн шийдвэрийн нэг болох Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл гуравдугаар хэлэлцүүлгээрээ урагшилж батлагдах уу, гацаанд орж дарагдах уу гэдгийг ирэх өдрүүдийн улс төрийн агаар харуулах биз.

Н.Энхлэн

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN


скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан