Хуулиа биш эрхээ л мэддэг ард түмэн


Өнгөрөгч амралтын өдрөөр алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуу жолоочид ихэнхдээ шөнийн цагаар хөдөлгөөнд оролцох нь элбэг. Иймд Баянгол дүүргийн Замын Цагдаагийн Хэлтэстэй хамтран шөнийн сурвалжлагад явлаа.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын гаргадаг дийлэнхи зөрчил нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангахгүй хөдөлгөөнд оролцох аж. Согтуугаар жолооны ард суусан нэгэн "Найр тараад явж байна, айраг л уусан" гэж хэнэггүйтэх. Өөр нэгэн нь "Манай гэр энүүхэнд эргээд орлоо" гэж хэл нь далиран байж хариулах нь "хариуцлага хаана байна вэ" гэж толгой сэгсрэхэд хүргэв. 

Яахав, булан эргээд гэртээ орчихож болох ч өөр нэг өдөр дураараа зангийнхаа гайгаар эрдэнэт хүний амь нас хөнөөж, эрүүл мэндээрээ хохирвол яана вэ гэхээс өмнөөс нь өр өвдөв. Согтуугаар жолоо барьсан тул саатуулна гэх албан хаагчийн шаардлагад "Би явахгүй" гэж гэдрэг зүтгэх аж. Архи нэвт үнэртүүлсэн найзууд нь ч "Бид найзыгаа явуулахгүй" гэж ёстой л дайны талбарт шархадсан нэгнийгээ орхиогүй цөс ихтэй монгол эрчүүдийн ааг омогийг гайхуулна. Яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон талаар тодруулахаар хэн нь ч хариулж чадахгүй харц нь хальтрах нь өнөө сүр хүчийг нь унтраачих нь хөөрхий. 

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс “Энэ шөнийн байдлаар согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргасан дуудлага цөөнгүй байна. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийгөө хянах, биеэ авч явах чадваргүй болсон хүмүүс зам тээвриййн осолд өртсөн олон хүн ирсэн" гэдгийг мэдээлэв.

Үргэлжлүүлэн алслагдсан гэр хорооллын цэгүүдэд ажиллав. Энэ үеэр жолооны үнэмлэх огт аваагүй, эрхээ хасуулсан жолооч замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүд цөөнгүй илрэв. Хууль дүрмээ мэддэг атал биелүүлэхгүй яваа энэ мэт жолооч нарт хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа цагдаа нарт тэд тун дургүй. Хүмүүсийн аюулгүй амьдрал, амгалан тайван байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа атал зүхүүлсээр. Зөрчил гаргасан жолоочид хүний эрх ярих хэр нь жолооны үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсоноо юман чинээ тоохгүй байгаа нь хэцүү. Алба хаагч тайлбарлаад байхад "ядарсан ард иргэдээ" гэж өрөвдүүлэх гэж нэг үзэж, "Баячуудыг барьж чадах уу та нар" гэж ч өөрөөр ч бас сөрвөлзөх юм. 

Хууль биш эрхээ л мэдэх ард түмэндээ замын хөдөлгөөнд ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ оролцохыг уриалж байна.

Б.Пүрэв-Од

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан