М.Энхболд, У.Хүрэлсүх нар эвлэрэхээсээ өнгөрчээ

МАХН-ын дэргэдэх Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоог хамтран байгуулж байх үеийн дотны андууд, цэл залуугийн найзууд болох Миеэгомбын Энхболд, Ухнаагийн Хүрэлсүх нар түнжин хагараад тэр бүү хэл сөргөлдөх болоод удаагүй байна.
Учир нь УИХ-ын дарга М.Энхболд ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудал дээр хатуу байр суурь баримталж, Монгол Улсын Ерөнхий Сайдыг огцруулах бичигт гарын үсэгт зурсан билээ.
 Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн Хуулийн Цэцэд хандсан бол түүний "баруун гар" гэгдэх УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамт УИХ-ын даргыг огцруулахаар суулт хийж, бүр тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдээд буй юм.
Одоогийн байдлаар У.Хүрэлсүхийн талд 38, М.Энхболдын талд 27 УИХ-ын гишүүн багтаж байна.
Зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар М.Энхболд Улсын Ерөнхий Прокуроос өргөн барих ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг хүлээн авах чиглэлтэй байгаа бол У.Хүрэлсүхийн хувьд Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах тогтоолоо ч бэлэн болгосон гэх. Өөрөөр хэлбэл М.Энхболд, У.Хүрэлсүх нар эвлэрэхээсээ нэгэнт өнгөрсөн нь тодорхой болжээ. Энэ тохиолдолд аль нэгнээ бүрмөсөн эрх мэдлээс түлхэн унагаж байж л тэдний зөрчил дуусна гэсэн үг.

sonin.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан