Парламентын засаглалыг "залгиж" Ерөнхийлөгчийн засаглалыг залах уу!

-УИХ, Засгийн газар өөрийн буруугаас намаа байтугай улс төрийн намуудыг ч тарааж мэднэ-
Дөнгөж оршил хэсэг дуусч байна. "60 тэрбумын хэрэг” гэгчид холбогдсон НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарын хэргийг шүүх хурал залхтал хойшилсоор. Тэд хэзээ ямар ял авах нь чухал биш, харин Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэсэн үндэслэлээр яллагдах нь чухал байжээ. Өөрөөр хэлбэл төрийн албан тушаалыг үнэлж сонгуулийн зардал босгосон нь хэрэгжсэн байх магадлалтай гэж үзээд 16-20 жилийн ял төлөвлөж нийгмийг цочроож шүүхэд шилжүүлчихээд байна. Улмаар уг сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын тэргүүнийг албан тушаал наймаалцсан гэдгийг харуулахын тулд дээрх хоёр хүнийг сонгогчдын ой тойнд хоногштол "үзүүлэн болгож” байгаа бололтой. Ямартай ч эцсийн дүндээ 2016 оны УИХ-ын сонгуульд МАН ялсан нь хүчингүйд тооцогдож Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эхний хэрэг болгон "тунхаглав”. 
Тэгвэл "60 тэрбумын хэрэг” гэгч хэрэг мөн болоод яллагдагч нь ял авч байгаа юм бол энэ нь яриа төдий биш, гэмт хэрэг болж таарна. Хэрэгжүүлэгч нь хэн бэ? Ц.Сандуй, А.Ганбаатар нар лав нэг ч хүн томилоогүй. Тэдэнд тийм боломж олдоогүй. Албан тушаалд очиж буй хүмүүсийг томилдог нь, томилсныхоо төлөө "мөнгө хураагч” нь хэн юм бэ? МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гарцаагүй мөн биз? Тэр ч байтугай түүнээс албан тушаал гуйж, нэхсэн 50 сая төгрөгийн авлигыг төлсөн боловч албан тушаалдаа очиж чадаагүй, хойшлуулсаар байгаад "хулхидуулсан” хохирогч АТГ-т хандсан. Одоо уг хэрэг АТГ-т шалгагдаж байгаа. Тэр иргэн аргаа барахдаа Д.Амарбаясгалангаас авлигад өгсөн мөнгө увуулж цувуулж буцааж авч байсан ч гүйцээгээгүй гэдгээ мэдүүлсэн байна. Энэ юу вэ? Яагаад Д.Амарбаясгалан хариуцлага хүлээхгүй гэж? Ерөнхийлөгч өө! Энэ бол амьд гэрчтэй, АТГ-т шалгагдаж байгаа хавтаст хэрэг боловч замхрах эрх мэдэлтэнд холбогдсон тул онцгой анхаарал хандуулаарай. Энэ бол жинхэнэ "60 тэрбумын схем” хэрэгжсэн гэмт хэрэг байж болзошгүй! 
Дараагийнх нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахын тулд гишүүдэд ЖДҮХС, ТЭДС зэргээс тус бүр 950 орчим сая төгрөгтэй тэнцэхүйц зээл олгосон нь УИХ-ын гишүүдийн саналыг авлигадаж худалдан авах замаар Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэх "номинацид” тэнцсэн. Ийнхүү МАН лав хоёр удаагийн давтан үйлдлээр Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэмт үйлдэлтэй болж байна. 
Харин Ардчилсан намаас дарга нь буюу УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хувьд төрсөн охиных нь компани урьд нь тендерийн шалгуурт тэнцээгүй хуучирсан элеваторыг 12 тэрбум төгрөгөөр шахсан охиныхоо компаниас болж АТГ-т шалгагдах болов. Мөн түүнийг нам нэгт нөхөр, танхимынх нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т шалгуулахыг хүсч энэ тухайгаа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг толгойлох болсон. Энэ байгууллага нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банкинд байршуулдаг журам баталсан. Журамд зааснаар аль банкинд байршуулахыг С.Эрдэнээс асууж зөвшөөрөл авч гарын үсэг зуруулах ёстой. Ингээд Капитал банкинд байршиж байсан иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байгаа учраас АТГ-т хандаж байна гэсэн юм. Энэ бол ЖДҮХС-ийн зээлтэй ижил төрлийн гэм зэм. Дээр нь С.Эрдэнийг энэ "шахаа”-ны төлөөсөнд намын гишүүдээ санал өгсөн болгож мушгих боломжийг тэд алдахгүй биз. Үүний дүнд АН ч мөн адил саналаа худалдаж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах боломжийг Хүрэлсүхийнхэнд өгсөн болгон хувиргаж МАН, АН хоёулаа муухай болж таарна. МАХН-ын З.Баянсэлэнгэ ч бас ч билээ. Дээрх гурван намынхны олон хэрэг шүүх дээр "гацаад” байна. Ингээд Ерөнхийлөгчийн зүгээс МАН, АН, МАХН гээд төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн муу муухайгаас төрөө цэвэрлэхийн тулд Улс төрийн намуудыг татан буулгах болбол яах вэ? Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч АН-ын удирдлагын багт орж ажиллана гэсэн нь өнөөг хүртэл хойшлоод байгаа нь ч үүнтэй холбоотой юм биш биз гэсэн хар төрөөд явчихлаа. 
Ямар ч байсан одоо үүсээд байгаа нөхцөл байдал, нийгмийн захиалгаар бол улс төрийн намуудыг тараах, Ерөнхийлөгчийн засаглалтай болох санал гаргавал шууд дэмжигдэхээр байна. Тэр тохиолдолд Ерөнхийлөгчийн засаглалтай болох хувилбарыг хүлээн авахаас аргагүй болох талтай. "Өнгөрсөн хугацаанд олон айлчлал хийлээ. Хөрөнгө оруулагчид засаглал солигдохоор өөрчлөгддөг хөгжлийн бодлоготой, тогтворгүй хууль эрх зүйн орчинтойгоос болоод үргэж байгааг Ерөнхийлөгчийн засаглал л цэгцэлж чадна. Бизнесийнхний эрх чөлөөг тэлж, татварын зөв бодлого явуулна. Мөнгө угаагчидтай тэмцэж хатуу шийтгэл хүлээлгэж, төсвийн үрэлгэн зардлыг багасгаж эдийн засгаа өсгөнө. Утаагаа арилгая, дагуул хотуудаа хөгжүүлье, Майдар хот руугаа нүүж очоод жарга. Авлига, хар тамхитай тэмцэнэ. Ерөөсөө өнөөдөр Монголд тулгараад байгаа асуудал бүхнийг цэгцэлчихье” гэвэл улстөрчдөд л хохиролтой болохоос надад хохиролтой биш гээд дэмжих иргэн, сонгогч захаас аваад олдоно. Энэ бол МАНАН-ынхны өөрсдийн ухсан нүх. Олдсон боломжоороо улсаа хөгжүүлэх биш хувийн эрх ашгийнхаа төлөө зодолдсоныхоо төлбөрийг Парламентын засаглалаар төлж мэдэхэд хүрлээ. 
Яг энэ тохиолдолд бол Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд Ерөнхийлөгчийн буруу биш. Ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй байлаа ч Ерөнхийлөгчид алдах юм байхгүй. Төрийн хамгийн том сэнтийд заларч, бүх бизнесээ өөрөөсөө холдуулж төөрүүлчихээд юугаа алдана гэж айх юм бэ? Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч Х.Баттулгын төмөр замаас шамшигдуулсан гэх мөнгө, хүү нь хар тамхи хэрэглэсэн гэх ёс зүйн асуудал ер юугаар ч хариуцлага хүлээлгэх чадамж боломж одоогийн УИХ-д ч, улс төрийн намуудад ч даанч алга. Маш харамсалтай. Их шуналаасаа үүдэж том алдаа гаргалаа. Одоо Х.Баттулгыг "Энэ бууны ноходтой юугаа ярьдаг юм бэ” гээд УИХ-ыг тараахадсанал асуулгаар лав шууд дэмжинэ шүү. 
Нэмж хэлэхэд МАН-ын зүгээс хамгийн том "зуудаг нохой”-г нь хүртэл урвуулчихсан, хоёр том арилжааны банкны захирлыг атгачихсан. Юу дутаж байна? 
Тэр бол бөх хүн. Цаад бөх чинь 2014 онд сайдын суудлаа өгснийхөө ашгийг Ерөнхийлөгч болж авчихаад байгаа тийм л мэхтэй бөх. Унаад босохдоо давж унах, хамгаалах биш хариугаа авах гэж самбогоор хичээллэсэн түүний сонголт бол түүний бие махбодоос үхтэл арилахгүй чанар нь биз ээ. Тиймээс ч сайдын суудлаа өгснийхөө дараа тэрбээр "Ардчилсан хувьсгалын он жилүүдэд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, улс төрийн ардчиллаар амжилтад хүрсэн ч эдийн засаг, улс орны хөгжил, бүтээн байгуулалтаа харвал 1960-1985 оны хэмжээнд хүрсэнгүй. Биднийг мунгинаж байх зуур холыг ярихаа больё хоёр хөрш маань хол тасраад явчихлаа” гэж дүгнэсэн байдаг. Одоо цаадах чинь тэр алдсаныг олж ирэхээр явж байна. Хэнд ашигтай вэ? Үүгээрээ би Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж уриалах гээгүй. Х.Баттулга бидний "дайсан” ч биш. Өнөөгийн УИХ, Засгийн газар өөрсдийнхөө муугаас болж Ерөнхийлөгчийн засаглалын замыг сонгоход хүргэж байна шүү. Та бүхний идэж шамшигдуулсан хөрөнгө Парламентын засаглалын үнэтэй байлаа гэж үү гэдгийг л харамсан сануулах гэсэн юм. 
Эхэнд бичсэн оршил аз жаргалтайгаар дуусахад хэн дургүй байх билээ. Ерөнхийлөгчийн өөрийнх нь зохиосон, найруулсан энэ үзэгдлүүд өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй, маш үнэ цэнтэй, эрсдэл хохирол ч багагүй, үйл явдал ширүүссээр оргил үедээ ирж, төгсгөлдөө аз жаргал авчрах юм биш биз. Ийм төгсгөлд улстөрчид л дургүй, бусад нь баяртай байх нь дамжиггүй.

У.Оргилмаа
Эх сурвалж: baabar.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан